Монголчууд айлаас гал, түлшээ гуйхгүй цаг ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 7-ны үдээс өмнө Завхан аймгийн Тосонцэнгэл суманд сурталчилгааны ажлаа хийлээ. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын даргын зөвлөх, Завхан аймгийн Ардчилсан намын дарга З.Нарантуяа нар тус суманд хамт ажиллалаа.

Цагтаа орон нутгийн хотын зэрэглэлтэй, Мод боловсруулах үйлдвэртэй байсан Тосонцэнгэл суманд орон нутгийн сонгуулиар Ардчилсан намынхан ялжээ. Өнгөрсөн дөрвөн жилд Төрийн тэргүүнээр ажиллахдаа хийсэн ажлаа тайлагнаж, сонгогчид итгэл үзүүлбэл ирэх дөрвөн жилд хийх ажлаа ярьж яваа нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Тосонцэнгэл сумын Ардчилсан намынхан Дархан уулынхаа оройд намыхаа тугийг мандуулж, жагсч угтлаа. Сумын спортын цогцолборт болсон иргэдийн уулзалтад Завхан аймгийн Их-Уул, Нөмрөг, Тэлмэн зэрэг зүүн сумдын иргэдийн төлөөлөл ирж оролцсон юм.
Завхан аймагт цахилгаан, эрчим хүчний гачигдалтай олон жил болсон түүх бий. Баруун зарим аймаг одоо ч гаднаас цахилгаан, эрчим хүч авч байгаа.  Тэгвэл Монгол Улсад бүтээн байгуулалт эхэлж буй энэ үед нүүрсний арвин их нөөцтэй Монгол Улс айлаас гал, түлш гуйхааргүй цаг ирж явааг нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлж байлаа. Нүүрснээс цахилгаан, эрчим хүчний эх үүсвэр гаргадаг Хятад зэрэг орны туршлага бий. Ийм аргаар хоёр жилийн дотор цахилгааны гачаалаас гарч болно гэдгийг тайлбарлаж байв. Орон нутаг хөгжүүлэх сангаас Тосонцэнгэл суманд 407 сая төгрөг ногджээ. Үүгээр сум орноо хөгжүүлэх төсвийг иргэд өөрсдөө боловсруулан хэрэгтэй ажилдаа хөрөнгө оруулах эрхтэй болсондоо иргэд ам сайтай байв.
          
Иргэдтэй уулзах үеэрээ нэр дэвшигч Ц.Элбэгдорж хуучин хот байсан, өдгөө 10 шахам мянган хүн амтай Тосонцэнгэл сумыг дахин хот болгох боломж байгааг хэлж, иргэд талархан хүлээж авлаа. Тус сумын уугуул Шагж гэж их хүчтэн 1920-иод оны үед байжээ. Улсад дөрөвхөн удаа барилдахдаа нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн энэ бөх харамсалтай нь 1930-аад онд хэлмэгдэн насан өөд болсон байна. Түүнд үндэсний бөхийн аварга цолыг нөхөн олгох шийдвэрийг Үндэсний бөхийн холбоо гаргасныг нэр дэвшигч Ц.Элбэгдорж мэдэгдэж, тус сум аваргатай болсон бэлгэшээлт үйл явдал тохиов.
Оюутан залуус үндэсний тэтгэлэг 70 мянган төгрөг сар бүр олгодог болсон нь хөдөө орон нутгийн оюутнуудын амьжиргаанд ихээхэн нэмэр болдог, мөн дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд тэнцэн суралцвал төрөөс дэмжлэг үзүүлэх зарлиг гаргасныг нь залуус дэмжиж байсан бол малчныг мэргэжил хэмээн үзэж энгэрийн тэмдэг, дипломтой, малчин өрхийг аж ахуйн нэгж хэмээн үзэж тамга тэмдэгтэй болгож эхэлснийг малчид урамтай хүлээн авч буйгаа мэдэгдэж байв.
Завхан аймаг олон хутагт, хувилгаадтай, олон лам хувраг 1930-аад оны их хэлмэгдүүлэлтэд өртсөн байдаг. Тэгвэл Ц.Элбэгдорж 1996-2000 онд УИХ-ын дэд дарга, УИХ дахь олонхийн бүлгийн дарга байхдаа хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл садан, Монголын ард түмнээс төрийн нэрийн өмнөөс уучлалт гуйж, хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн олговор өгч эхэлснийх нь төлөө талархаж явдгаа ч зарим хүн илэрхийлж байсан юм.
Төсвийн эрхээс гадна хэрэгтэй боловсон хүчнээ өөрөө мэдэж томилох эрхийг суманд өгөхөөр болж байгаа, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэгэн зүгт харж, тулгын гурван чулуу шиг тэгш хэмтэй байвал төрийн нуруу төвшин, бүтээн байгуулалт эрч хүчтэй өрнөнө гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ярьж байлаа.
 
Уулзалтад оролцсон иргэд түүний авлигын эсрэг, архины эсрэг хийж буй тэмцлийг дэмжиж,  Монгол Улс даяараа нэг л нам. Түүний “гишүүн” нь Монгол Улсын 2,9 сая ард түмэн. Би тэднийг алагчлалгүй бүгдийг төлөөлж төрд ажиллана гэсэн үгийг дэмжиж байлаа. Архигүй аян өрнөснөөс хойш сумын төвийн энд тэнд гуйвж явдаг байсан залуус байхгүй болсонд иргэд ам сайтай байв. Улсын хэмжээнд 2009 онд архины 184 үйлдвэр байсныг 66 болгон цөөлж, спиртийн 21 үйлдвэр 11, пивоны 41 үйлдвэр 18 болж, өнгөрсөн жил л гэхэд архины 25 үйлдвэр, 2013 онд 10 үйлдвэр хаагдсан бол тун удахгүй найман үйлдвэр зөвшөөрлөө цуцлуулахаар болсныг сонссон иргэд талархан хүлээж авлаа.
Аймгийн алдарт уяач н.Шагдарсүрэн аймаг, сумын наадамд уяж сойдог сартай хүрэн морио нэр дэвшигч Ц.Элбэгдоржид бэлэглэснээр тус суманд хийсэн уулзалт өндөрлөв.
Хоймор нутгийнхан ардчиллын алтан хараацай Эбигээ дахин сонгоно
Мөн өдрийн их үдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймгийн төв Мөрөнд хүрэлцэн ирэв. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар түүнийг Хөвсгөл аймагт дэмжин ажиллалаа.
1990 оны цагаан морин жилийн хувьсгалын эхэнд хөдөө орон нутгаас Ховд, Хөвсгөл хоёр аймаг ардчиллыг анхлан дэмжиж, Хөвсгөлд болсон ардчиллын төлөө өлсгөлөнд оролцогсдыг дэмжихээр Ц.Элбэгдорж, С.Зориг нар нийслэлээс Мөрөнд очиж, Ц.Элбэгдорж их улс төрд орох их гарааныхаа шанг Монголын хоймор нутагт татаж байсан дурсамжаас түүний сурталчилгааны ажил эхэлсэн юм.
Хөвсгөл цэргийн хүрээний хүндэт харуул жагсч, Манжийн эсрэг эх оронч тэмцлийн манлайлагч, Хотгойдын шадар ван Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөсний дараа иргэдтэй мэндчилэв. Чингүнжавын талбайг тойрон эгнэсэн иргэд түүнийг дэмжиж, ялна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм Үүний дараа аймгийн Хөгжимт жүжгийн театрт иргэдийн уулзалт эхэллээ. Аймагт тулгарч буй асуудал гэвэл аймгийн Засаг даргаа одоо болтол томилж чадалгүй хуучин Засаг дарга Л.Цэрэнжав нь ажлаа тав дахь жилдээ хийж байгаа явдал юм. ИТХ-д ч маргаан үргэлжилж буй. Аль аль нь шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байгаа бөгөөд ингэлээ гээд ажлаа цалгардуулалгүй шинээр томилогдох даргад нь хүлээлгэж өгнө гэдгээ Л.Цэрэнжав хэлж байлаа.
Уулзалтын үеэр хөндөгдсөн хамгийн гол асуудал нь газрын тухай байв. Хөвсгөл аймаг газар нутгаа ашигт малтмалын дайралтын хөлд харьцангуй бага өртүүлснээрээ гавьяатай хүмүүс. Тус аймгийн газар нутгийн таван хувь ашигт малтмалын лицензэд өртөөд байсан бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лицензэд хориг тавьсны дараа 3,5 хувь нь лицензтэй үлджээ. Улаан-Уулд алт ухаж байсан нинжа нарыг цэгцэлж байгаа аж.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Мөрөнд суурин амьдралын нөхцөл чухал. Газрыг иргэдэд өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Нийслэлд олон давхар орон сууцны барилгуудын дорх газрыг оршин суугчдад нь өмчлүүлнэ. Хэрэв тэр барилгыг нураалаа гэхэд дорх газрын үнэд нь дүйлгэн буурин дээр нь барих барилгаас хувь хүртэх боломжтой. Газар бол хэзээ ч хуучрахгүй өмч. Нийслэлд 0,07 га, аймгийн төвд 0,35 га, суманд 0,5 га газрыг иргэд өмчлөх боломжтой. Иргэдээ газартай, өмчтэй болгох асуудлыг шийднэ. Сэтгэлтэй хүн хүнд юм өгдөг. Үнэлэмжтэй хүн хэлснээ ажил болгодог” гэлээ. Мөн Мөрөн сумыг хот болгох боломтой гэсэн юм.
Төсвийн хөрөнгийг иргэдийн мэдэлд өгч байгаа, өнгөрсөн өвөл цаатнууд дээр очиж, тэдний аж амьдралд нэн тустай зарлиг гаргасан, малыг малчдад өгснөөр Хөвсгөл аймаг сүүлийн найм, есөн жил дараалан Монголын хамгийн олон малтай аймгаар шалгарсан, мөн хамгийн олон хүн амтай том аймаг гэдгээрээ бахархдаг тухай иргэд ярьж байлаа.
Орой нь Хөвсгөлийн ардчиллын анхдагч ахмадууд, залуу үеийнхний дурсамж уулзалт боллоо. УИХ-ын үе үеийн сонгуульд Ардчиллын олон төлөөллийг сонгож төрд илгээсэн хөвсгөлчүүд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, М.Энхсайхан гээд нэртэй лидерүүдийг  нутгаасаа сонгон гаргаж байсан юм. Уулзалтын үеэр 1990 оны хавар Мөрөнд болсон өлсгөлөн, цуглааны үеэр Ц.Элбэгдорж, С.Зориг нарын оролцож байсан цагийн видео бичлэг, гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхож, дурсамжаа хуваалцан нэгэн оройг өнгөрөөв. Ардчиллын анхдагчдын өлгий Хөвсгөл нутгийхан нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг 2009 онд ч өндөр саналаар гаргаж Ерөнхийлөгч болоход нь хувиа оруулсан. Одоо ч дахин дэмжинэ гэдгээ илэрхийлж “Хоймор нутгийнхан ардчиллын алтан хараацай Эбигээ дахин сонгоно” гэцгээж байлаа.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр Архангай, Өвөрхангай аймагт ажиллана.
Д.ОЮУН

URL:

Сэтгэгдэл бичих