Ялсан нь баяраа, ялагдсан нь гунигаа дараад ажилдаа орцгооё, гишүүд ээ
Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд тойрогт ажиллах томилолт аван УИХ-ын чуулганыг түр завсарлуулсан. Гэтэл энэ долоо хоногт ажилдаа орох ёстой гишүүд нэг ч ажлын ард гарсангүй.
Уул шугамандаа, даваа гарагаас эхлэн бүлгийн хуралдаа сууж, байнгын хороогоо хуралдуулж, хуулийн төслүүдээ хэлэлцүүлэгт бэлтгэн өчигдөр, өнөөдөр хоёр өдөр чуулган хуралдах ёстой байлаа. Гэтэл өчигдөр хуралдах ёстой чуулганы хуралдаан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчийн баярын уур амьсгалаас шалтгаалан олигтой цуглаж хуралдаж чадсангүй.
Гишүүдээ сонгууль дууссан одоо хуралдаа суугаач хэмээн УИХ-ын дарга З.Энхболд зарлан тунхаглаад ч гишүүд нь хуралдаа сууж хуулиа баталсангүй. Ингэж болохгүй ээ, найз нараа. Юу юугүй намрын сэрүү унах нь. Наадам болоход 10 хүрэхгүй хоног үлдчихээд байхад ажлаа олигтойхон хийгээд тав, арван хууль ч гэсэн батлахыг нь баталж, хэлэлцүүлэгт бэлтгэх нэгийг нь хэлэлцмээр байна.
Ялсан намын баяр хөөр, ялагдсан нэгнийх нь гуниглал хэдэн өдөр үргэлжлэх вэ. Одоо жаахан баяр хөөрөө намжааж, ажилдаа орсон нь дээр байх. Хоёр долоо хоногт хуралдах дөрвөн удаагийн чуулганы хуралдааны нэг нь ямартай ч худлаа болчихлоо. Хууль хэлэлцсэн нэртэй гурилдсан гэхэд хатуудахгүй. Одоо гурван удаа л хуралдаад хаврын ээлжит чуулган хаалгаа барьж, намрын чуулганыг хүлээнэ. Түүнээс наана хэлэлцэж шийдвэрлэх, эхчүүдэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, иргэний эрүүл мэндийн даатгал зэрэг чухал асуудлууд хүлээлт үүсгэсээр байгаа билээ.
Өчигдөр хуралдсан чуулганы хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Энэ тухай илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм.
Сайдын танилцуулснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2012 оны гүйцэтгэлээр 4.881.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 755.7 тэрбум төгрөгөөр буюу 13.4 хувиар тасарч, 2011 оны мөн үеийнхээс 15.5 хувиар буюу 653.9 тэрбум төгрөгөөр өссөн биелэлттэй, нийт зарлага 6.499.2 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 6.017.8 тэрбум төгрөг буюу 92.6 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Харин улсын төсвийн хувьд нийт зарлага 4,675.9 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 4.379.4 тэрбум төгрөг буюу 93.6 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна. Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн орлогын биелэлтийг орлогын төрлөөр авч үзвэл 84 хувь нь татварын, 13.4 хувь нь татварын бус орлого, 2.6 хувь нь тусламжийн болон хөрөнгийн орлогоос бүрдэж байгаа аж.
Өнгөрсөн онд улсын төсөвт төвлөрүүлэх Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 658.6 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс гүйцэтгэлээр 523.2 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 20.6 хувиар буюу 135.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеийн гүйцэтгэлээс 113.3 тэрбум тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм байна. Энэ нь манай улсын уул уурхайн голлох нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн дэлхийн зах зээлийн үнэ 7900 ам.доллар, нүүрсний зах зээлийн үнэ дунджаар 66-135 ам.доллар болж буурсан нь голлож нөлөөлжээ.
Сангийн сайдын танилцуулгын дараа хуульд заасны дагуу Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын тайлан, дүгнэлтийг Ерөнхий аудитор Б.Зангад танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ тооцоолсноос 13.4 хувиар буюу 755.7 тэрбум төгрөгөөр тасарсан, нийт зарлага 6.017.8 тэрбум төгрөгт хүрч, төсвийн тэнцэл 1.136.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа.
Мөн төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулан зардлыг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлээгүйгээс нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдал ДНБ-ий 8.2 хувьд хүрсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт болж байгааг дурьдсан юм. Гишүүд аудитын тайлантай холбогдуулан асуулт асууж тодруулга авсны дараа нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Өчигдөр үдээс хойш болон өнөөдөр үдээс өмнө бүх байнгын хороод тогтоолын төсөл, төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болсон байна. Энэ мэт өдөрт нэг л хуулийн төсөл хэлэлцээд байвал, төрийн ажил урагшаа бус хойшоо ухарч, түмний итгэл хөсөрдөнө шүү.
Б.Балжир
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:













