“Зоос”-оор туг тахисан С.Баярын бизнесийн хожил

Ерөнхий сайд С.Баяр, Сангийн яам, Европын сэргээн босголт хөгжлийн банкны хооронд нууцын зэрэглэлтэй гэрээ байгуулж  ард түмний хувь хөрөнгөөр байгуулагдсан “Зоос” банкийг Төрийн банк болгож их  хэмжээний мөнгө завшсан хэмээн эдийн засагч Б.Цэрэнжав өгүүлж байна. Тухайн үед “Зоос” банк оршин тогтноход нөлөөлөхүйц их хэмжээний зээл гаргасан нь дампуурлын гол шалтгаан болсон гэж эх сурвалжууд нотолж байсан. Гэвч гол шалтгаан нь унасан нэрэн дээр нь боломжийг ашиглаж хөрөнгө оруулах нууц гэрээ байгуулан гаднын мөнгө хүүлэгч нартай хуйвалдан сайд халаасаа зузаалан гадагшаа зугатсан гэж эх сурвалж хэлж байгаа юм.Тэр үед Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Бенн Турнбулл нар уг нууц гэрээний зуучлагч болсон гэж үзэх талтайг тэрээр ярьсан. Төрийн банк болгох шийдвэр гарахын өмнө Ерөнхий сайд С.Баяр, Б.Энххуяг, Бенн Турнбулл нар хэдэн удаа уулзалдсан тухай Ерөнхий сайдын уулзалтын тэмдэглэлд бий аж. Мөн нууц гэрээний талаар “Зоос” банкны дампуурсан шалтгааныг тогтоох мөрдөн байцаалтын явцад сэжүүр гарчээ. Улсын мөрдөн байцаах газар нууц гэрээний эх хувийг олох нөгөө талаар 1996 оны Банкны тухай хуулийн гуравдугаарт төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон олон нийтийн байгуулага, энэрэнгүй үйлсийн сангаас бусад хуулийн этгээд банк байгуулж болно гэж заажээ. Гэтэл 2009 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Засгийн газар банк байгуулах саналын тухай 348 дугаар тогтоолыг баталж  “Зоос” банкыг байгуулж, банкны үүсгэн байгуулагчаар Сангийн яамыг томилжээ. Зоос банк 2009 оны арваннэгдүгээр сард төсвийн санхүүжилттэй төрийн мэдлийн банк болсон. Энэ нь яах аргагүй банкны хуулийг зөрчсөн шийдвэр байв. Маргааш нь буюу 20-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн “Зоос” банкинд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх 659 дугаар тушаал гарч хэрэгжүүлснээр дөрвөн өдрийн дараа буюу арваннэгдүгээр сарын 24- нд татан буулгажээ. Энэ үйл явц Ерөнхий сайд асан С.Баяр Засгийн тэргүүний ажлаа Сү.Батболдод хүлээлгэн өгсөний дараах он, сар, өдөр хоногтой давхцаж байна. Хууль зөрчсөн байдлаа далдлахын тулд  2010 оны банкны шинэ хуулинд “Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг УИХ-ын өмнө хариуцах эрхтэй” гэж оруулж өгчээ. Уг нь Үндсэн хуульд хувийн хэвшлийн байгууллагыг нийгэмчлэх шийдвэрийг УИХ гаргана гэсэн байдаг. “Зоос” банк 1999 онд байгуулагдсан анхны хувийн банк байсан. Харин хувь заяа нь ийм байдлаар эргэхийг тэр үед хэн мэдэх билээ.Бас 635 хувьцаа эзэмшигчтэй арилжааны томоохон банкны нэг байсан. Түүний 135 нь гадаадын иргэд. Мөн 70-80 нь Японы иргэд байдаг аж.  Олигархиудын авсан арван сая ам.долларын зээл найдваргүйд тооцогдоно. Учир нь авсан хүн нь арав дахин, зуу дахин нөхөөд төлчих орлоготой ч уг эзэн нь олигархи учраас төлөгдөх найдваргүй аж.Тэгэхээр “Зоос” банкийг зогсоож, архивыг нь авч авдрыг нь хаясан хүмүүс хэн бэ гэдэг нь тодорхой болж байна. Нөгөөх л Ерөнхий сайд асан С.Баяр болж таарч байна. Эдийн засагч Л.Оюун “Зах зээл дээр хувьцаа нь зарагддаг банк байсан болохоор үнэт цаасны захын механизмыг ашиглаад, татан буулгахгүйгээр асуудлыг шийдэж болох байсан. Мөн өөр банктай нэгтгэх эсвэл худалдах зэрэг боломжуудаа ашиглаагүй. Тухайн үед ойрхон хугацааны давтамжтайгаар банкуудыг татан буулгах нь банкны системд эрсдэлтэй байсан. Тийм байхад Төрийн банк болгож энэ банкны хувь заяагаар том жижиг сайдууд тоглочихсон”  гэж хэлсэн. Мөн “Улс төрийн нөлөөлөл төв банк дээр маш их ирж байсан учраас шуурхай арга хэмжээ авах боломжгүй болгож байсан. Дээр нь , хуулийн зүйл ангиуд, болзошгүй эрсдэлийг хэрхэн удирдах, хэрхэн үнэлэх зэрэг заалт мөрдөгдөөгүй гэдгийг харууллаа. Товчдоо банкуудын менежмент ямархан сул байгааг илэрхийлсэн явдал болсон” гэж Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч дүгнэсэн байдаг. Үнэхээр дампуурсан юм бол яахаараа гүйцэтгэх захирлаа 30 сая төгрөгөөр цалинжуулж байсан билээ. Гэрээний хугацаа дууссан тул Бенн Турнбулл өнгөрсөн дөрөвдүгээр сараас ажлаа Ж.Оюунбилэгтэд өгсөн. Энэ үер ЕСБХБ-ны ерөнхийлөгч Томас Мироу манайд ирээд буцсан нь цаанаа бас л нэг шалтгаантай. Өнгөрсөн гуравдугаар сард “Зоос” банкны хохирогчид  БеннТруннбуллын хууль бус үйл ажиллагааны талаар УТБГ-т гомдол гаргасан. Мөн Монгол банкны зүгээс түүнийг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан. Энэ бүх үйл явцаас хэрэг бишдэхийг тааварласан БеннТруннбулл  зугатсан  байж болох нь таамаг болж үлдлээ. Тэгэхээр “Зоос”-ыг гадна дотны мөнгө хүүлэгчид дампууруулжээ гэдэг таамаг батлагдах үндэслэл болох магадлалтай.
Ц.Баяр
Жич: Банкны тухай хуулийн заалтад ямар өөрчлөлт орсныг дороос харна уу!
2010 оны шинэчилсэн найруулгын дараа:
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БАНК БАЙГУУЛАХ, БАНКИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ
18 дугаар зүйл.Банк үүсгэн байгуулах
18.1.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд /төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд/, төрийн бус байгууллага, тэдгээртэй холбогдох этгээдээс бусад хуулийн этгээд, иргэн банк үүсгэн байгуулж болох бөгөөд энэ нь Засгийн газар банк үүсгэн байгуулахад хамаарахгүй.
2010 оноос өмнө:
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Банк байгуулах
17 дугаар зүйл. Банк үүсгэн байгуулах
1. Төсвөөс санхүүждэг хуулийн этгээд, шашны болон олон нийтийн байгууллага, энэрэнгүй үйлсийн сангаас бусад хуулийн этгээд, иргэн банк үүсгэн байгуулж болно.

URL:

Сэтгэгдэл бичих