Том боовноос (мэдээж хэвийн) ухаалаг боов (мэдээж тавгийн) руу

tsenddoo
Хүүхдүүд хүртэл санаа суугаад байна. Энэ нь саяхан засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гэрчлэх хүрээнд хүүхдүүдээр хийлгэсэн цээж бичгээс тодорхой харагдав. Долоон настай хүүхдүүд “Намайг  жаргалтай болгосон сайд тандаа баярлалаа” гэсэн өгүүлбэрийг нэг их гуйлгалгүй хийгээд өгсөн аж. Харин найман настангууд болохоор яаж ч оролдоод хөдөлж өгөөгүй гэнэ.
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж үнэн юм. Ерөнхий сайдыг “улсаа хөгжүүлэх зам заахын оронд ууланд гарах зам зааж байна” гэж ирээд хичнээн ч баалав.Бас “өндөг бол тансаг хэрэглээ” гэлээ гээд хичнээн ч хэл ам татлав. Тийм зам байхгүй болоод л оронд нь мэддэгийгээ зааж байгаа хэрэг шүү дээ. Цаашлаад, байдал энэ хэвээрээ үргэлжилбэл бид ууланд гарахгүй хаачих юм бэ. Ууланд гарсан улс чинь шувууны үүр тонож тансаглахаас өөр яаж тансаглахюм бэ…Саяхнаас Тахарын (Тахрир?) албаны хууль хэрэгжиж эхлээд их л сонинтой. Тахрын албаны даргаар Бадарч гэдэг хүнийг томиллоо гэж цуураад байсан нь андуурал байжээ. Үнэн хэрэгтээ албаны хамгийн том даргыг “Тэргүүн бадарч”, орлогчийг “дэд бадарч” гэх юм байна. Тахрын албаныхан гав, тушааны оронд үхрийн шир хэрэглэнэ ч гэх шиг сонин юм зөндөө дуулдаж байна. Бүснээсээ хатаасан шир зүүчихсэн, тар няр хийсэн улс л явах юм байх. “Тунгалаг тамир” романаас сэдэвлэн байгуулсан энэ албаны удирдлага нь “ёс төрөө бодоод, заавал ч үгүй Төмөр нэртэй оргодлоор анхныхаа ширийг мялаана” гээд эрэл хайгуулд хатаж байгаач гэх шиг. Энд тэндхийн Төмөр нэртэй бүтэлгүй улсын зам дээр эзгүй байрын мал орхиод отож хонодог болсон ч гэх шиг.

Цаашдаа, гадаадын хөрөнгө оруулалтын Павловын хууль, малын хулгайг журамласан Төмөрийн дүрэм  ба Хонгорын нэмэлт, бизнесийн тухай Итгэлтийн тогтоол, хутга шөвөгний талаархи Түгжилийн кодекс, иргэний хөдөлгөөний Улаан Доржийн протокол гэхчлэнгийн хууль эрхийн актууд оочероо хүлээж байгаа гэдэг. 62f466230d81c52810ac59f67aa77de9_x3

Манай төрийн  “Том төрөөс ухаалаг төр лүү” уриа амьдралын салаа мөчир бүхэнд хэрэгжиж байна. Хүнсний үйлдвэрүүд “Том боовноос ухаалаг боов руу” уриатайгаар мини болон нано хавсай хийж эхэлсэн тухай жиргээ интернэт ертөнцөөр дүүрэн байна. Түлээ зардаг улс ч “том нүүрснээс ухаалаг нүүрс дээр” гэлцэн шуудайг нь улам жижигрүүлжээ. Бидний орлого багасаж, төгрөгийн ханш унаад байгаа нь ч цаанаа учиртай юм байна. Засгийн газраас “Том орлогоос ухаалаг орлого” бодлого хэрэгжүүлж, “том цалингаас ухаалаг цалин”-гийн зарчим мөрдөж,  “Том ханштай төгрөгөөс  ухаалаг ханштай төгрөг” бодлого явуулсан учраас ийм болоод байгаа аж.Томоосоо ухаалаг руугаа шилжээгүй юм гэж алга. Дэлгүүрт хүртэл юмыг дутуу жинлээд “Том жинтэй юмнаас ухаалаг жинтэй юм хамаагүй дээр” гэх болсон гэх.Халаас янзалдаг нөхдүүд хүртэл “Том хулгайгаас ухаалаг хулгай” гэлцэн түрийвчнээс илүүтэйгээр смартфоныг сонгох болж.  Гөрөөчид ч шинэчлэлээс хоцорсонгүй, баавгайн ангаас туулайтай ирчихээд түүнээ хачин ухаалгаар тайлбарлаж харагдана. Юм хэмжээтэй нь сайхан. Дөчийн бидон түрээд худаг руу явсан хүүхэд стакан ус барьчихаад цэцэрхсээр ирснийг дурьдаад энэ хэсгийг өндөрлөе дээ.

Өө нээрээ, цаашдаа улсын дээд албанд ажиллах хүний өндрийн лимитийг1.6 метрээр хязгаарлах, гурван том даргаа “төрийн гурван мини” гэсэн томьёоллоор нэршиж хэвшүүлэхээр шийдсэн зэргийг хэлэхээ мартах шахлаа.

 bolod.mn


URL:

Нэр: Adrian Kleidon Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.