ХЯМРАЛААС ГАРГАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХЭЗЭЭ БУЦАЖ ИРЭХ ВЭ

6304Элэг дөрвөөрөө хэвтсэн эдийн засгийг эрчимжүүлэхээр зүтгэж байгаа Засгийн газарт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах нь ашигтай.

Үүнийг ч уул уурхайн салбарынхан мэдэж байсан учир Засгийн газарт яаралтай батлуулах ёстой гэсэн бүхий л
“лообийг” хийгээд байсан. Учир нь энэхүү нэмэлт өөрчлөлтийн амин сүнс нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болон эзэмших эрх үүргийг зохицуулах юм. Үүнийг баталснаар Ерөнхиилөгч Ц.Элбэгдоржийн дөрвөн жилийн өмнөөс царцаасан ашигт малтмалын лицензийг гэсгээж уул уурхайн салбарын унтаа байдлыг сэрээх байсан юм.

Гэтэл УИХ-ын чуулганы өчигдрийн. нэгдсэн хуралдаанаар өргөн барьсан энэхүү хуулийн төслөө эргүүлэн татлаа. Уул уурхайн салбарыг урагш алхуулах байсан хуулийн төслөө ямар шалтгаанаар ийнхүү эргүүлэн татаж байгаагаа ч тайлбарласангүй. Магадгүй МАН-ынхны хэлсэнчлэн маапаантай хуулийн төсөл болоод тэр үү.

Угтаа бол манай улсын эдийн засаг уул уурхайн салбарын унаж, босохтой холбоотой гэдгийг эдийн засаг хямарсан энэ өдрүүдэд мэдэрсэн. Тиймдээ ч, эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд энэхүү хуулийг төслийг нэн яаралтай батлах ёстой гэдгийг ч салбарын сайд нь удаа дараа дуулгасныг санаж байгаа байх. Гэхдээ эдийн засгийн хямралаас гаргах нэрийдлээр оромдоод өнгөрсөн хуулийн төслийг өргөн барих нь тийм ч оновчтой сонголт биш. Нөгөө л ил далдаар лиценз дамлан худалдаалдаг авлигын сүлжээг гааруулах болно. Уг нь 2010 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лицензийн наймааг таслан зогсоохоор хайгуулын лиценз олгохыг бүрмөсөн зогсоож байв.

Үүний үр дүнд Ашигт малтмалын газраас олгосон хайгуулын 3657 тусгай зөвшөөрөл 1526 болтлоо буурсан. Хэдийгээр лиценз дамлан худалдаалдаг авлигын сүлжээг бууруулсан ашигтай ч түүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт буурч, ам.долларын ханш тэнгэрт хадаж, эдийн засгийг хямрал рүү түлхэж байна хэмээн үзэх хүмүүс ч бий.

Гэхдээ энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нэмэр болохоос илүүтэйгээр нэрмээс болох байсан гэдгийг мэргэжилтнүүд дуулгаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн наймдугаар зүйл буюу УИХ-ын бүрэн эрхийг заасан заалтуудын нэг нь болох 8.1.3-д “улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх гэж заасан байдаг. Гэтэл үүнийг улсын хилийн зурвас газраас бусад улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх” гэж өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, улсын хилийн зурвасыг Монгол төрийн хяналтаас гаргасан байсан. Төрийн хяналтаас гаргасан тэрхүү улсын хилийн зурвасыг Үндэсний геологийн албад хариуцуулахаар тусгажээ. Тус албаны ажил үүргийг заасан 9.1.12-д “улсын хилийн зурваст ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа эрхлэх асуудлыг шийдвэрлэх” гээд заажээ. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэрийдлээр эх орондоо бус элгэн саданд тал засч, хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилээр хоёр удаа сунгах байсныг гурван удаа буюу есөн жилээр сунгах болжээ.

Мөн УИХ-ын бүрэн эрхэд хамаарах 8.1.6. цацраг идэвхт ашигт малтмал олборлох, тээвэрлэх, хадгалахтай холбогдсон тусгай дэглэм тогтоох” заалтыг хүчингүй болгосон байна. Үүнээс гадна ард түмний баялаг болох стратегийн чухал ач холбогдолтой орд газрууд дахь төрийн оролцоог үгүйсгэх, ард түмний хяналтаас гаргах зэрэг заалтыг тусгасан байжээ.

Энэ мэтчилэн эдийн засгийн хямралаар түрий барьж, үйл ойлгогдох хуулийн заалтуудыг тусгасан нь нөгөө л хэн нэгний лообий орсон юм биш үү гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм.

Уг нь салбарын сайд Д.Ганхуяг анх хуулийн төслийг өргөн барьж байхдаа “Энэ хуулийг эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого баталсантай нийцүүлж байгаа. Гол зорилго нь хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, шилжүүлэхийг хориглосныг өөрчилж байгаа. Тэгэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн газарт хайгуул хийж болно гэж өөрчилж байгаа. Ингэснээр Монголын геологи, хайгуулын салбарт шинэ хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм” хэмээн ярьж байсан. Гэвч энэ мэтчилэн нэмэлт өөрчлөлтийн цоорхой эхнээсээ илэрсэн болоод ч тэр үү, хуулийн төслөө эргүүлэн татлаа. Үүнтэй зэрэгцэн Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг дэд дарга Д.Үүрщдатуяагаар сольсон нь хуулийн төслөө эргүүлэн татахад хүргэсэн гэх бор шувуудыг сааралд ордонд эрчтэй нисэхэд хүргэжээ.

Сайн муу хоёр дагаврыг тэнцүүлэх зарчмаар боловсруулан яаралтай оруулж ирж батлуулах нь Шинэчлэлийн Засгийн газрын эдийн засгийг хямралд хүргэсэн гэх шүүмжлэлээс хамгаалж арьсаа хамгаалах ганц арга. Тиймдээ ч, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаар Монголын хууль, эрх зүйн орчноос шалтгаалсан хөрөнгө оруулалтын тодорхой бус байдал бүрэн арилна гэж шинжээчид үздэг. Түшиж өндийх ганц салбараа удаан хугацаагаар царцаах нь гавьяа авчрахгүй гэдгийг мэдэж байлтай.

 

 

Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих