ГССҮТ-ийн эмч нар хоёр өөр үнээр мэс засал хийдэг байсан нь илэрчээ

gemtel-1(1)

 МХЕГ-ын Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хэлтсээс ГССҮТ-д хийсэн шалгалтуудынхаа дүнг нэгтгэжээ. Тодруулбал, өнгөрсөн оны тавдугаар сард төлөвлөгөөт шалгалт хийгээд “их эрсдэлтэй” гэсэн үнэлгээг өгсөн  байдаг аж. Тиймээс ч МХЕГ 2014 оны төлөвлөгөөт шалгалтандаа ГССҮТ-ийг зориуд тусгажээ.

Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт шалгалт хийх байсан ч 2013 оны нэгдүгээр сараас хойш эмнэлгийнх нь дарга нийт долоон удаа солигдсон учраас хойшилсон байна. Эхний шалгалтыг нэг даргынх нь үүрэг гүйцэтгэгчийн үед явуулж, 48 заалттай албан шаардлага өгч, 3.5 сая төгрөгөөр байгууллагыг торгосон аж. Харин дараа нь дөрвөн чиглэлээр зургаан байцаагч шалгалт хийсэн байна. Энэ үеэр тус эмнэлгийн хүний нөөцийн бодлого алдагдсан зэрэг хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ.

Тухайлбал, эмч нар улсын эмнэлэгт ажилладаг нэрийн дор өөрийн хувийн компаниа байгуулсан байна. Өмнөх шалгалтаар хувийн компанийг нь илрүүлсний дараа өөр хүний нэр дээр шилжүүлж, чанарын баталгаагүй хэрэгсэл авч мэс засалд ашиглаж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, ГССҮТ-ийн эмч нар үе түнхний хагалгааны төлөө өрсөлддөг болсон байна. Учир нь ГССҮТ-ийн нэгдүгээр давхарт дээрх хагалгааг 4600 ам.доллараар харин нөгөөд нь 3600 ам.доллараар хийж байгаа нь илэрсэн аж. Ингэхдээ эмч нь хувийн аппаратаа ашиглаж, “Би БНСУ-д суралцаж ирээд хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө үүнийг хийж байгаа” хэмээн тайлбарладаг гэнэ. Мөн шалгалтын үеэр 5-6 эмч нийлж гурван шкафыг хадгалсан байсан нь илэрчээ. Дээрх шкафанд имплант буюу  хиймэл үе хадгалагддаг юм байна. Эмч нар гадаадаас авчирсан имплантаа хагалгаанд ашигладаг нь энэ үеэр илэрсэн аж. Энэ мэтчилэн улсын эмнэлгийн байрыг ашиглаж хувийн бизнес хийж байсан нь илэрсэн тухай МХЕГ-аас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.