ОТОРЧИН ЭРТЭЙ ТААРСАН СҮНС

сүнсМөнхдөл энэ нутагт ирээд ердөө хоёр сар гаруй болжээ. Хэдэн жилийн өмнөх зуднаар хамаг малаа барчихаад хамаатан ах дүүсийнхээ зөвлөснөөр үлдсэн хэдэн малаа оторлохоор өвс ногооны сайтай Булганы Баян-Агтыг зорьсон нь энэ аж. Зуны дэлгэр цагт малаа тууж, шинэ нутагт нь идээшлүүлэн отор хөөсөөр тэрбээр хоёр сарын дараа мал, хүнгүй нуруу тэнийж байлаа. Гэхдээ л адуу үхэр мал нь буцаж Өвөрхангай гүйчихээд болохгүй тул шөнө оройдоо хүртэл манах хэрэг гарна.

Нэг шөнө малаа манаж хонож байтал хажууханд нь хэн нэгэн өвсөн дээгүүр зөөлөн гишгэлэх шиг сонсогджээ. Эргэн тойрноо ажвал хэн ч алга. Гэтэл яах аргагүй өөрийнх нь хажууд хүн байгаа нь зөн совин, энергиэр илт мэдэгдээд эхлэв. Хий дэмий л айсандаа чимээ өгч, гал гаргасан ч нүдэнд торох зүйл ажиглагдсангүй. Мал тогтоод ирэх үест шөнө дундын үед Мөнхдөл олон хоногийн явдлаасаа болж нам унтчихжээ. Хэн нэгэн нүүрийг нь ирвэгнүүлэхэд цочин сэрвэл хажууханд нь ногоон дан дээлтэй хүүхэн цаашаа -хараад сууж байлаа. “Хэн бэ” гэхэд тэр хүүхэн хариу дуугарсангүй. Хүүхнийг сайн ажвал насаар 20 дөнгөж гарч яваа болов уу гэмээр үсээ задгайлсан тул царайг нь харах боломж гарсангүй.

Олон жил тууварт явж эсэн бусын юмыг үзсэн хашир эр “Ахын дүү, ахаараа тоглох хэрэггүй. Амьд хүн бол учраа хэлчих, сүг сүүдэр бол манай удам Эрдэнэзуу хийдийн номтой том ламын удам. Чамайг тонилгох жүд мэгзэм унших уу?” гэхэд өнөөх хүүхэн уйлж байгаа бололтой мөр нь чичигнэх ажээ. Тэгснээ хөндий хахирган дуугаар “Ах аа, намайг Сэндэр гэдэг. Би хамаатныхаа ахаас жирэмсэн болохоор нь түүнд хэлэхэд намайг алаад энд булчихсан. Миний толгойд гурван удаа алхаар цохисон шарх байгаа. Намайг тэр харагдаж байгаа уулын бэлд нэгэн том чулуун дор нүх ухаад булсан” гэж хэлээд сууж байсан чигтээ дээшээ хөөрөн уусчээ. Айхаасаа илүү гайхсан Мөнхдөл энэ тухай эхнэр хүүхэддээ ч хэлэлгүй тас нуужээ. “Шинэ нутагт! отор нүүдэл хийж ирээд сайн сайхныг магтаж байтал шулам чөтгөртэй юм байна лээ” гэвэл эд нар маань тогтож суух аргагүй болно гэж өөртөө хадгалжээ.

Гэтэл хэд хоногийн дараа шөнөөр малаа эргэж явтал өнөө хүүхэн гэнэт урд нь гараад ирэв. Гэхдээ бас л нүүрээ харуулсангүй. “Ах аа би танаас гуйсан ш дээ. Та очоод манай аав ээжид эсвэл хэлээд өгөөч дээ” гэж хоолой нь чичирхийлэн шивнэв. Мөнхдөл зориг гарган хоолойгоо бүдүүн болгож хоолой засаад “Ах нь чадахгүй ээ, тэгээд ч чи нас барсан юм бол бүгд л чамайг мартаа биз” гэхэд бүсгүйн сүнс “Үгүй ээ, хаанаас даа. Тэд намайг мартах учиргүй. Урьд өмнө хүмүүст хэлэхээр дөхөж очихоор бүгд л зугтаачихсан. Харин та надаас огт айсангүй. Миний ярихыг дуусан дуустал сонссон. Та л миний найдвар” хэмээн гуйжээ.

Мөнхдөл “Ах нь отор нүүдэл хийхээр танай суманд ирээд арай гэж дарга цэргээс чинь зөвшөөрүүлсэн. Миний үгийг тоохгүй л болов уу” гэсэн байна. Гэвч мөнөөх сүнс түүнд нэлээд дөхөж ирснээ “Манай гэрийнхэн одоо болтол намайг үхсэнийг мэдээгүй яваа. Та хэлэхгүй бол би танай гэрийг амраахгүй дээ. Харин та эртхэн хэсгийн төлөөлөгч, чадвал хот руу цагдаа нарт хэлээрэй” гээд гэнэт гарч ирсэн шигээ алга болжээ. Энэ удаа ар гэрийнхийг нь амраахгүй гэсэн болохоор Мөнхдөл арга буюу эл хэргийн учир начрыг судалж үзэхээр шийджээ. Эхнэртээ сумын төв ороод ирье гэж хэлээд төв оронгуутаа нэгэн бүсгүйгээс “Сэндэр хаана байгаа  вэ?”  гэхэд  гайхсан тэрбээр “Сэндэр хотод ажил хийхээр явсан. Сүүлийн нэг жил аав ээждээ ирээгүй л байгаа. Тэгсэн мөртлөө эцэг эхтэйгээ огт гар утсаар ярьдаггүй. Хүний наймаанд өртсөн ч байж мэднэ. Харин та яаж Сэндэрийг таньдаг юм бэ?” гэж сонирхон асуужээ. Талийгаач охины эцэг эх хоёрынд явж очсон Мөнхдөл шуудхан л охиных нь сүнстэй холбогдсон тухайгаа пал хийтэл хэлээд тавьчихав гэнэ. Мэдээж эцэг эх хоёр нь энэ ярианд итгэхийг хүссэнгүй, бараг гэрээсээ хөөжээ.

Гэтэл тэр шөнө Мөнхдөлийг гэртээ унтаж байтал орных нь өмнө охины сүнс ирж зогсоод “Та цагдаад хэлээд орхи” гэсэн байна. “Аав ээж чинь итгэхгүй байхад цагдаа юу гэж итгэх вэ дээ” гэвэл “Би маргааш таньтай хамт явна. Тэгээд цагдааг дагуулаад гараад ирэхээр чинь булаастай байгаа газраа зааж өгнө” гэв. Маргааш нь дуртай дургүй сумын зүг хөдлөхдөө сониуч зандаа дийлдсэн Мөнхдөл зам зуураа “Сэндэр ээ чи энд байна уу, надтай хамт явж байгаа юу” гэхэд хацар луу  нь хүйтэн салхи ороолгож, эсвэл чих малгайг нь хэн нэгэн оролдох аж. Ийнхүү хий үзэгдэлтэй хамт замын турш ханилан явсаар хэсгийн төлөөлөгч дээр ирэв. Ороод учир байдлаа хэлтэл хэсгийн төлөөлөгч гэх  ахлах дэслэгч  залуу амаа цууртал инээж, сүүлдээ бүр элгээ даран унан тусан хөхөрсөн байна. Ахлах дэслэгч залуу нулимсаа гараараа арчаад “Хавар болж хий хөдлөхөөр янз бүрийн юм үзэгдэлгүй яахав. Харин таньд зөвлөхөд манай аймгийн сэтгэцийн эмч чинь ёстой мундаг хүн байдаг юм” гэж хэлжээ.

Тэгэхээр  нь Мөнхдөл Сэндэр охины сүнс нь надтай хамт яваа. Дэслэгчээ чи надтай хамт яв. Тэр газрыг шалгахгүй бол, охины сүнс амар заяа үзүүлэхгүй юм байна. Үнэхээр тэр газраас юу ч гарахгүй бол би худлаа мэдээлэл өгсөн гэдгээрээ ял шийтгэл өгөхөд бэлэн” гэхэд хэсгийн төлөөлөгч санаа алдан толгой сэгсрээд малчин эрийг дуртай дургүй дагаад явжээ. Сумын төвийн баруун урд байх дүнхийсэн бор уулын бэлд ирээд Сэндэр охины сүнс Мөнхдөлийн чихэнд “Энэ газрыг ух” гэжээ. Жоотуугаар 50 см орчим ухаад, хэдхэн хүрз шороо малтахад л хүний гар саврайтал гараад ирж, Хэсгийн төлөөлөгч “Одоо үүнийг түр орхиод аймгаас криминалистик шинжээчид иртэл хамгаалалтанд авах учиртай” гэсэн байна. Тэр шөнө Мөнхдөл, сумын цагдаатай мөнөөх цогцсыг манаж хоносон аж. Маргааш өдрийн алдад аймгаас цагдаагийн бүрэлдэхүүн шуурхай давхиад ирэв.

Ийнхүү цогцсыг гаргаж ирээд, аймагт очиж шинжилгээнд оруулахад Сэндэр охиных мөн болохыг криминалистик шинжилгээ нь нотолжээ. Талийгаач охиныг алсан алуурчнаар үеэл ахыг нь шалгахад тэрбээр айсандаа анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн гэдэг. “Ах эгч хоёроос айгаад жирэмсэн болохоор нь алчихсан. Тэгээд би хот руу авч явж ажилд орууллаа гэж хуураад гэрээс нь авч гараад энд ирээд хоолойг нь боомилж, алхаар тархийг нь цохиж хөнөөсөн” гэдгээ мэдүүлжээ. Ингэж Сэндэр охины сүнс булшин дороос оторчин эрийн тусламжтайгаар алуурчин эрийг гэсгээн цээрлүүлж, ял зэмийг нь хүртээжээ.

Охины сүнсний хүсэлтийг биелүүлснээр Мөнхдөлд дахиж элдэв сүнс үзэгдээгүй бөгөөд жил гаруй малаа оторлоод нутаг буцсан түүхтэй. Мөн эл хэргийг хэдийгээр сүнсний тусламжтайгаар илрүүлсэн ч гэлээ хэсгийн төлөөлөгч ганцаараа хүн амины хэргийг бүтэн жил шалгасан болж, хугацаанаасаа өмнө ахмад цол хүртсэн аж. Энэ мэт сүнсний оролцоотой эрүүгийн олон хэргийг илрүүлж байсан авч ЦЕГ-т рапорт явуулахдаа “Манай цагдаагийн ажилтан тэрний авъяас чадвар, туршлагаар энэхүү хэрэг илэрлээ” гэдэг жамтай.

 

 

Тэмдэглэсэн У.Бөхболд /ХОРИОТОЙ СОНИН/


URL:

Сэтгэгдэл бичих