“ЧИНГИСИЙН ЦАГААН СҮЛД ТУГ” ХЭМЭЭГДСЭНИЙ УЧИР

ТУГИх эзний сүлд туг уу?

Отог хошууны сүлд бэлгэдэл үу?
Чингисийн билиг сургаалын бэлгэ тэмдэг нь туг сүлдийн шүтээн юм.
“…Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил /1206/ Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад, Тэмүүжинд Чингис хаан далай хаан/ цол өргөв” гэж Монголын нууц товчооны 202 дугаар зүйлд бичсэн нь бий.

Монгол Улсын төрийн үйлс ариунаар мандан бадрахын бэлгэдэл нь есөн хөлт цагаан сүлдэнд шингэжээ. Энхжингийн үйлсэд голчлон хэрэглэдэг цагаан сүлдний оройн гурван дөлт гал хийгээд нар, сар нь мөнхжингийн утгыг илэрхийлнэ.

Цагаан сүлдийг Ар, Өвөр Монголын олон хошуунд тахиж байсан бөгөөд Монгол Улсын нутагт Чингис болон Цагаадай хааны цагаан сүлд хадгалагдаж үлдсэний зарим нь Улсын төв музейн үзмэрт бий хэмээн “Монгол ёс заншлын их тайлбар толь” / Улаанбаатар,1992,160/-д бичжээ. Энд хуучин Засагт хан аймгийн Лу жанжин гүний хошууны цагаан тугийг хэлсэн байна.

Есөн хөлт цагаан тугийн “Цагаан сүлдийн сан”, “Цагаан сүлдийн тахилга”, “Цагаан сүлдийн өчиг” гэж байдгаас “Эзэн сан буюу Богд Чингис хааны сан” монгол угсаатны дунд өргөн дэлгэржээ.

20-р зууны эхэнд монгол нутагт зургаан газарт сүлд тахилгын зан үйлийг уламжлан үйлдсээр ирснийг судлаачид сурвалжлан тогтоосон. Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Увс аймгийн зарим сумын нутагт Чингисийн сүлд туг байсан тухай мэдээг өтгөс буурлууд барим тавим өгүүлсэн байх юм.

Туг сүлд гэж хоршоо үгээр бичиж хэрэглэдгийн учир юу вэ?

Ер нь туг сүлд хоёрын ялгаа хамаарлыг тайлбарлах нь зүйтэй болов уу.
Эдүгээгийн номч мэргэн түүхчийн нэг Бэсүдэй Н.Нагаанбуу “Итгэхүй ухаан”/ УБ.2013/ хэмээх шинэлэг бүтээлдээ тайлбарласнаар, …сүлд гэх нь маш эртнээс уламжилсан их өвгөдийн онго бүтээсэн гэх тул Чингисийн онгон гэх мэтээр яригддаг, туг гэвээс багц үс, туг хялгас гэх мэтээр хэлэлцдэг хийц болон эдийн байдлаар хэлсэн тэр утгаар буй. Тиймээс сүлд бүтээнэ гэж байдаггүй, туг бүтээдэг учиртай байна.

…Зарим етгөс есөн өрлөгийн элч туг, хаан ордонд суурин их хааны гол тугтайгаа 10 шүтээн гэдэг нь зөв юмсан. Их хаан есөн туг байгуулсан гэсэн түүх сурвалж байхгүй. Харин есөн хөлт, гөхөлт, дагалт, хошууч туг гэх мэтээр тэмдэглэсэн байна. Хөлт гэдэг нь явдаг, элч болон аялдаг гэсэн утга бөгөөд хаан туг хааны ордонд хөдөлгөөнгүй бат үлддэг. Иймээс магадгүй, есөн өрлөг нэг нэг тугийн эзэд байсан….Нэг хаан, есөн өрлөг, мөн аравтын тогтолцоо бүхий есөн хөлт цагаан тугийн бэлгэдэл гэж байна. /мөн номын 183— 184,327 дахь талд/

Өнөө хэр судлаачдын анхаарал татаж буй эртний сүлд бол өмнө өгүүлсэн Лу жанжин гүн / Увс аймгийн Өндөрхангай сум/-ий хошууны тайж тахиж ирсэн Чингисийн цагаан сүлд юм. Түүнийг удмын тугч Тэнгэр билигт Мөнхдалай академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын зөвлөснөөр Улсын төв музейд /хуучин нэрээр/ 1961 онд тахилгын судар сэлтийн хамт шилжүүлэн өгчээ. Энэ нь төрийн есөн хөлт цагаан сүлд тугийг сэргээхэд чухал өв жишиг болсон юм.

Чингисийн гэх тодотголтой цагаан тугийн түүх, уламжлал, тахилга, бэлгэдлийн талаар Оросын жуулчин Д.А.Клеменц/ 1895/—ээс эхлэн монголч эрдэмтэн А.В.Бурдуков, Дилав хутагт Жамсранжав нар зохиол бүтээлдээ сонирхолтой мэдээ баримтыг тэмдэглэн үлдээжээ. Тэдний мөрийг мөшгиж, цагаан туг сүлдийн талаар угсаатны зүйч Ц.Аюуш, түүхч Д.Түмэнжаргал, тугч удмын сэхээтэн Ө.Цэрэн, С.Тойвгоо нарын сонин сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл, хэвлүүлсэн ном зохиол, түүнчлэн нутгийн өтгөсийн дуртгал зэрэг багагүй хэрэглэгдэхүүн, баялаг мэдээлэл олны хүртээл болсон байна.

Эдгээрийг уншиж үзэхэд туг сүлд тахих горим, зан үйл /туг залах, дагшаа хийх.тунаг амсуулах, живэр түгээх ёс/—ийг тайлбарлахын зэрэгцээ Чингисийн туг сүлд мөн эсэх, хэзээнээс тахидаг болсон, тугчийн үе залгамжлалыг тодруулах гэсэн оролдлого, эрэл хайгуул ажиглагдаж байнам. Үүнтэй холбогдуулан үзэг цаас золгуулагчийн хувьд саналаа нэмэрлэе.

Нэгэн зүйл. Чингисийн гэх цагаан сүлдийг тайж тахиж эхэлсэн цаг хугацааны хамаарлыг 16-р зууны дунд үед болов уу гэж үзэж байна. Учир нь зохиолч С.Дашням “Хан хөхий”/УБ,201 3/ түүхэн романдаа, Батмөнх даян сэцэн хааны хатан Самар тайху өөрийн хүү Гэрсэнз жалайр хунтайжийнхаа арвангурван отгийг өөр өөрийн цагаан сүлдтэй болгож, тус тусын “Тэнгэр билигч” нарыг их хааны зарлигаар тодруулсны нэг нь Элжигин отог байжээ.

Их хааны зарлигтан, дээдэс язгууртан гар дүрж, хошуу нэмэх эрхгүй эгэл ардын цэнгэл наадам оршсоор зуун зууныг элээжээ /157-158 дахь талд/ хэмээн бичсэн байна. Сүлд цэнгэхүйг “Эгэл ардыг энэрэн хайрлаж, халамжлах сэтгэлийг олох төрийн мэргэн ухааны илрэлийн нэгэн гэж үзсэн нь төрийн гэхээсээ эртний уламжлалтай ардын /иргэний/ зан үйлийг харуулна.

Нэгэн зүйл. Тугчдын үе залгамжлалын тухайд өгүүлэхэд, үүнийг бичигч би-бээр сүүлчийн тугч Мөнхдалайн хөвгүүн Цоодорж/1925—1 992/агсныг танихаар барахгүй мэднэ. Тэрбээр эцгийнхээ үлдээсэн цагаан сүлд тугийн холбогдолтой хэрэглэгдэхүүнээ нягтлан үзэж, ном бичихээр бэлтгэж байсан юм, М.Цоодорж гуай:

—Тугчид бол гэрийн боловсролтон, бичиг түүхээ мэддэг, гарын ур дүйтэй, цэцэн үгтэй, цээл ухаантай хүмүүс байсныг ааваараа төлөөлүүлэн ойлгодог. Тэдний нэрийг мэдэхэд түвэгтэй. Бүгдээрээ “Билигт тугч” гуншинтай. Манай аавыг Мөнхдалай л гэдэг. Чухамдаа сүлд цэнгэх ёслолыг гүйцэтгэсэн бол “Мөнхдалай Билигт тугч” хэмээн дуудагдах байжээ. Миний нэр ч утга учиртай.
Цоо—далай, Дорж—чулууны хаан/алмаас/, очир гэсэн төвд нэр шүү дээ. Тугчдын удам залгамжилна гэж бодож, нэр сонгожээ хэмээн 1991 онд хуучилсан нь тэмдэглэлийн дэвтэрт минь бичээстэй буй.

М.Цоодорж агсны гар бичмэл болон нутгийн бор өвгөд, хөх эмгэдийн хууч ярианд тулгуурлан тугчдын үе залгамжлалыг бид тодруулснаа сонирхуулбал:

 

Тэнгэр билигт тугчид:
/Тошлой дархан хошуучаас гарвалтай/
I .Дархан хошууч Билигт тугч

2.Өндөр цагаан Билигт тугч

З.Алдар цагаан Билигт тугч

4,Цэнх хөх Билигт тугч

5.Дайван хөх Билигт тугч

б.Тэнгэр билгүүн Билигт тугч

7.Тэнгэр илгүүн Билигт тугч

8.Буян далай Билигт тугч

9.Хутаг далай Билигт тугч
10.Тэнгэр хөх Билигт тугч

11.Далай хөх Билигт тугч

12.Мөнх далай …
Мөн Өлзий дүүрэн Билигт тугч, Өлзий бүрэн Билигт тугч гэж Гүнзэн, Минжүүр ноёдын үед байсан бололтой.
М.Цоодорж агсан нэгэн нооргийнхоо төгсгөлд “Миний бие Далай очир Билигт тугч, хөвгүүн минь Алтан очир Билигт тугч хэмээгдэх байжихуй. Харамсалтай нь Чингисийн цагаан тугийг тахиж сахих үүрэг өвөг эцэг Далай хөх Билигт тугчаар дуусгавар болжээ.

Эцэг Мөнхдалай минь цагаан сүлд тугийг хадгалж хамгаалж, музейд шилжүүлсэн гавьяатан. Аавын хуучилснаар, элжигид Ханхөхүйд ирж суурьшсанаасаа хойш 1919 онд сүлд цэнгэх 60 дахь баяраа хийжээ. Гэхдээ Цэвээндаш ноёны үед сүлд цэнгэх баяр нэг удаа тасарсныг бэлгэ дэмбэрэлгүй явдал гэж олноор жигшиж түүний уршгаар ган зуд удаа дараа нүүрлэсэн гэнэм” хэмээснийг уншаад, эргэцэхэд хүрэв.

Д.Түмэнжаргалын “Их Элжигин хошууны түүх”/УБ,2012/ номыг сөхвөл Цэвээндаш /1781—1834/ ноёны үед Ханхөхүй нутагт ган зуд олонтаа давтагдаж асныг дурдсан байна. Тийн бодвол 1805 юмуу 1808 онд сүлд цэнгэх наадам тасарсан ажээ.

Сүлд цэнгэх баярыг гурван жил тутамд хийдэг жишгийг баримталж, 60 дахь тахилга тайлга 1919 онд тохиосон гэвэл Ханхөхүйд элжигид нүүдэллэн ирж суурьшсан он цаг зурайтал гарах шиг санагдлаа. Өөрөөр хэлбэл 1742—1919 он буюу 177 жилд элжигид сүлд цэнгэх баяр наадмаа Ханхөхүйд жарантаа хийжээ. Бас нэг гаргалгаа бол Элжигид 1742 оны хэрд Ханхөхүйд нүүдэллэн ирж, суурин нутаглажээ гэсэн үг. Цагийн хэмнэлтэй ардын зан үйл он дарааллыг тодруулах нэгэн сэжим гэж үнэн ажгуу.

Нэгэн зүйл. Эдүгээ цагаан сүлдийн тугч бий юү?

—Байхгүй

—Яагаад?

—Цагаан тугийг Мөнхдалай агсан музейд шилжүүлэн өгснөөр туг хадгалах, сахин хамгаалах үүрэг нэгэнт дууссан байна. Түүнийг ч М.Цоодорж агсан ойлгож, өмнө тэмдэглэснийг эргэцэхэд илүүдэх юүн. Энэ бүхнийг би, М.Цоодорж агсны гэргий Ш.Жамбалжав эгчийн зөвшөөрснөөр нийтлэлдээ ашиглалаа. Улаан үнэнийг хэлэхэд, эдүгээ есдэх юм уу 14 дэх үеийн тугч гэж байхгүй. Харин тугчийн удам гэж байлгүй, яах вэ. Бахархалтай хэрэг. Ураг таригийн хүмүүс олон биз. Түүнийг үгүйсгэхгүй. Тугч нагац өвөг эцгийн зээ хүү С.Тойвгоо эрдэмтэн байна. Монгол уламжлалаар удмын суурийг авга, ачаас тодруулдаг.

Эцгээ ч “Тугч” овогтон, ижийгээ ч “тугч” овогтон гэж ярьж бичих нь хэр үнэмшилтэй юм бол доо Тугчийнхан гэж ярьж хэлэлцдэг нь үгүйсгэлгүй үнэн. Тугч гэж овс-Элжигидийн дунд байсангүй. Сүүлийн үед л өөрсдөө тийм овог үүсгэснийг хүний эрх гэж бодъё.

Угтаа тугчид гэж ганц ганц нэг өрхийнхөн биш, гурван гэр бөмбийж харагддаг сан гэж хууччуул ярьдаг. Тэдний зарим нь өөрсдийгөө Бух овогтон гэж удам судраа дурдсан нь бий.

“Хан хөхүйд тугч овог байсангүй. тугч отог байжээ” хэмээн түүхч Д.Түмэнжаргал архивын баримтад тулгуурлан нотолжээ.

Түүхэн үнэнийг ярьж байгаа бол тухайн он цагийн орчил мөчлөгийг өнөөдрийнхөөр өөрчилбөл алдас.

Нэгэн зүйл. Сүлд цэнгэх ёслол бол хошуудын туг сүлдийг тайх наадам билээ. Сүлд цэнгэх баярыг Элжигинд төдийгүй Урианхай тува/ хошуунд ч хийж байжээ. Засаг ноёд хошууныхаа сүлд цэнгэх баяр ёслолд бие биенээ урин оролцуулж, найрсаг дотно харилцааны илэрхийлэл болгож иржээ. Цагийн энхэл донхол нугачаанд зарим тугч ядарч туйлдаж, хохь хоосорч сүлд тайх үйлээ гүйцэтгэх аргагүйд хүрч асан баримтыг түүхч Д.Түмэнжаргал “Монголын ноёдын мянган бичиг захидлууд /УБ,2010/ цувралын нэгдүгээрт эшилсэн байна. Тугчийг өөрчлөхдөө ноёд хутагт хувилгаадаас асууж, “аль зүг, ямар жил байдалтай хүнээр тайлгаваас өлзий болох” хэмээн магадалж асныг Д. Түмэнжаргал мөн номдоо оруулжээ.

 Чингисийн хэмээх өргөмжлөлтэй болсны тухайд өгүүлбэл, “хар цагаан сүлдийн хамгийн эрхэм нууц нь онгон буюу лундаа гэнэм. Түүнийг зайрангийн буултад заасанчлан итгэмжит /үг алдахгүй гэж ам өчиг тангарагласан/ уран дархнаар үйлдүүлж байсан гэдэг. Чингисийн онгон хэмээгдсэн шүтээнээ тугийн живрийн хүйсэнд оршоон залж, хотол олноороо үеийн үед дээдлэн тахидаг зан үйлтэй байжихуй. Онгонд хэн ч гар хүрэхгүй, хэн ч үзэх ёсонгүй. Түүнээс уламлан “Чингисийн сүлд” хэмээх утга бэлгэдэл үүсчээ. Отог, хошуу бүр туг сүлдээ “Чингисийн” хэмээн тодотгосны учир энэ буюу. Ханхөхүйн хошуунд тахиж байсан цагаан туг бол Чингисийн дүү Билгүүдэй, хөвгүүн Цагаадай хоёрын нэгнийхний нь сүлд туг байх юун хэмээн академич Б.Ринчений тайлбарласныг ончийг нь олоод хэлчихжээ гэж бодном./ Б.Ринчений 1968-10-15-наар огноолсон захидал үүнийг бичигчид бий/

Тугийн живэр, титэм, сэрээ, цар, иш сэлтийг зан үйлийн дагуу сольж шинэчилдэг байжээ. Тиймээс Тэнгэр овогт Мөнхдалай “өөрөө гарын уртай, дархан хүн тул дахин дуурайлган хийж.төв музейд өгсөн юм гэнэ лээ” хэмээн МУИС-ийн багш Ө.Цэрэн /С.Тойвгоогийн бичсэнээр сүүлчийн тугчийн авга эгчийн ач/ дуртгасан нь нэгийг хэлээд байх шиг бодогдоно.

 Эдгээрээс үзэхэд, Лу жанжин гүний хошуунд тахиж асан цагаан туг бол отог хошууны эртний сүлд туг ажээ. Түүнийг Элжигид дөрвөн зуу гаруй жил тахин тайж, цэнгүүлж ирсэн нь магад үнэн байна.
Сэтгүүлч Элжигин Лхүндэвийн Гомбожав 2013-7-25

URL:

Нэр: Б,Дорж Огноо: 25 March 2015

Энэ сүлдний тухай бичсэн Гомбожав нутаг усаа мэдэхгүй байж ингэж бичиж болохгүй,одоо ч Увсын Өндөрхангайд очиход аль дээр үеэс нэрлэж ирсэн тугчийн өвөлжөө ,хаваржаа байгаа одоо алаг өндөр ,алаг чулуут гэж нэрэлдэг нутгийн хүмүүс бүгд мэднэ,Чингис хааны тугаа тахидаг 33-н ХанХөхийн нэг нь л монголд байгаа энэ шүүдээ,Энэ нутгийнхан жинхэнэ монгол ёсоо авч яваа хүмүүс Ж/нь шагайн харваа ,цагаан сарын ёс заншил гээд л олон юм бий, Одоо УБ хотын ойр аймгуудын тоглож буй шагайн харваа нь хиймэл шагай харавдаг сүүлийн үеийн тоглоом, жинхэнэ монгол шагайн харвааг Увсын Өндөрхангайд очиж үзээрэй,

Сэтгэгдэл бичих