Сурах бичгийн тендерт хоёрхон компани ялдаг жишиг тогтжээ

сурах бичигСүүлийн үед манайд тендер гэдэг үг ашиг хонжоо хайгчдын ашигтай бизнес болж хувираад  удаж байна. Тиймээс “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хэмээн нэр хаягийг нь албаны болгож  өөрчилсөн.  Гэвч  нэр нь өөрчлөгдсөн ч нэдэр дээрээ чанарын ялгаа гарсангүй.  Жил бүр “Будлиантай боллоо” хэмээн олны  эгдүүцлийг хүргэдэг сурах бичгийн тендер өнөөдөр ч бас хэл ам дагуулсан хэвээр  байна.

Сургууль, цэцэрлэгийн засварын ажил,  сандал ширээ, сурах бичиг,  үдийн цайны хөтөлбөр гээд боловсролын салбарт зарцуулж байгаа хөрөнгө сүүлийн жилүүдэд   байнга өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн жил боловсролын салбарт 189.1 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ онд ч мөн адил  хамгийн их зардалтай төсөв зарцуулах эрхийг Боловсролын сайдад тусгасан. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайд  2014 онд нэг тэрбум 170 сая гаруй төгрөгийн төсөв зарцуулах эрхтэй болжээ. Үүнээс нэгээс хоёр тэрбум төгрөгийг нь сурах бичгийн тендерт зарцуулдаг. Гэтэл энэ тендер нь жил бүр будлиантай болдог хачирхалтай тогтолцоо бий болчихоод байна. Дээр нь цаг, хугацаагаа  хэтэрхий тулгаж тендер зарладагаас болж, тендерт ялсан компаниуд нь  ажлаа хугацаандаа амжуулж чадахгүй, урд хөрш рүү явуулж хэвлүүлэхэд хүргэдэг. 2009 онд  сурах бичгийн 80 орчим хувь нь урд хэвлэгдэж байсан жишээ бий. Түүнээс хойш ч  хэвлэгдсэн гэдэг. Мөн сурах бичгийн тендерийг жилийн жилд авдаг хэдхэн компани байдаг. Хүчин чадал нь хүрэхгүй, хүрэх байсан ч  хугацаандаа амжуулж чадахгүй  хэрнээ  ар өврийн хаалга, танил тал, авилга хээл хахууль гээд авах, өгөх юу л байна тэр бүх аргаар нь хөөцөлдөж байгаад тендерт ялдаг гэдгийг хэвлэлийн компанийн менежрүүд ам уралдан ярьдаг. Энэ бүхнээс үзэхэд  сурах бичгийн тендерийн хуваарилалт буруу замаар яваад байгааг анзаарч харж болно. Мөн жилийн жилд сурах бичгийн тендерыг хэвлэлийн бүх компаниуддаа жигд хуваарилж чаддаггүй. Хорь, гуч байсан ч, хоёр сая орчим байсан ч  сурах бичгийн тендерийн 70 гаруй хувийг хоёрхон компани авдаг гэдгийг аль ч хэвлэлийн компаниас асуусан хэлээд өгнө.

Энэ жил гэхэд БШУЯ-наас зарласан СБ-2014/020-050 дугаар бүхий “Сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр шинээр зохиогдсон I-V ангийн сурах бичиг, багшийн номыг хэвлэн нийлүүлэх тухай” тендерт Монголын 18 хэвлэлийн компани оролцсон байх юм. Эдгээрээс  мөн л “Адмон”, “Мөнхийн үсэг” зэрэг хэдхэн  компанид хувь хүртээж,  бусдыг нь  үл тоомсорлосон хэмээн ярьж байна. Тоо баримт сөхвөл, энэ удаагийн тендер нь нийт 32 багцтай, 98 нэрийн, 1.686.081 ширхэг сурах бичиг, багшийн номыг хэвлэж, улс орон даяар тарааж, боловсролын байгууллагуудад хүргэх нөхцөлтэй юм байна. Гэтэл энэхүү тендерийн таван багц буюу 274989 сурах бичгийг “Адмон”, үлдсэн 27 багц буюу 1.441.092 сурах бичгийг “Мөнхийн үсэг” компаниар хэвлүүлэхээр болсон байна.  Үүнийг  бодит амьдралд хэрэгжих ямар ч үндэслэлгүй гэдгийг тендерт оролцсон компанийн төлөөллүүд хэлж байна. Мөн энэ тендерийн техникийн тодорхойлолтод “…Номын блокийг 16-24 нүүрээр дэвтэрлэж,    8-12 хатгалтаар оёж, халуун цавуун бэхэлгээгээр бэхэлнэ. Зарим  сурах бичгийг  цомогтой хэвлэнэ” гэж заасан байна.

Гэтэл  “Мөнхийн үсэг”-д өгсөн 27 багц, нийт 1,441,092 сурах бичгийг хэвлэж, түгээх, ажлын хугацаа нь бас богинохон. Энэ ажлыг ердөө 45 хоногт амжуулахаар тусгасан байна. Энэ бүхнээс үзэхэд угаасаа ачаалалтай ажилладаг энэ компани ямар ч захиалга авахгүйгээр өдөржин, шөнөжин сурах бичиг хэвлэсэн ч дээр дурьдсан хугацаанд яагаад ч энэ их ажлыг амжуулж чадахгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Мөн “Адмон” компанийн  авсан таван багц сурах бичгийн нийт 267342 CD-г 45 хоногт сурах бичигтэй хамт хэвлэнэ гэсэн нь ч бас  хэцүүхэн даалгавар сонсогдож байгаа юм. Яагаад гэвэл, өнөөдөр Монголд үүнийг дангаараа хэвлэх хүчин чадалтай үйлдвэр нэг ч байхгүй аж.  Харин тендерт оролцсон хэвлэлийн компаниудад хүртээмжтэй, жигд хуваарилсан бол  энэ ажлыг цаг хугацаанд нь амжуулж, чанартай сурах бичиг хэвлэж болно гэдгийг олон хүн хэлж байна. Тиймээс  энэ асуудлыг  боловсролын салбарынхан шинэчлэлийн бодлогод тусгаасай гэдгийг тендерт оролцсон хэвлэлийн компаниуд салбарын сайдаас хүсэмжилж байгаа аж.    Хэдэн жилийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг    “Сурах бичгийн чанарт бодит өөрчлөлт гарна гэдэгт бид найдаж байна. Тендер шалгаруулж, гэрээ сайн хийгдсэн. Хэрэв стандартын шаардлага хангахгүй хэвлэгдсэн байх юм бол тухайн компани хариуцлага хүлээнэ” хэмээн хэлж байсан. Гэтэл бодит байдалд юу ч  өөрчлөгдсөнгүй. Хичээлийн шинэ жил эхлэнгүүт  хавтас нь урагдаад, наалт нь салаад байгаа сурах бичигт хариуцлага тооцсон ч үгүй. Хариуцлагыг нь эцэг, эхүүд нь  үүрч, скоч, цавуугаар аргалах аядаад хичээлийн жил дуусгадаг.  Харин тэр хойгуур тендер зарласан, яам агентлагийн  гарын үсэг зурах эрх мэдэл бүхий албан тушаалтнууд халаасаа зузаатгаад үлддэг хачин тогтолцоо сурах бичгийн тендерийн ард нуугдаж байгаа юм биш биз.

Монголд барилга барьдаггүй яам гэж алга.  Боловсролын салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, багш сурагчдын хөгжлийн асуудлыг түлхүү хөндөж суух учиртай Боловсролын яам гэхэд л энд тэнд баригдах сургууль, цэцэрлэгийн тендерийн будлиантай хутгалдаж, ажиллах хүчин байхгүй, цүнх барьсан ганцхан даргад хэд хэдэн газар сургууль цэцэрлэг барих эрх өгч байсан хэмээн хэвлэлийнхэн нэгэнтээ шүүмжилж байсан. Гэтэл өнөөдөр сургууль цэцэрлэгийн асуудлаас  гадна сурах бичгийн тендер нь илүү их асуудал дагуулдаг болж. Тиймээс тендер зарлаж байгаа  яам, энэ ажлыг гардан хариуцдаг дарга, цэрэг нарыг бүгдийг нь шалгах ёстой гэх хүн ч таарав. Авлига шингэсэн  энэ мэт ажлыг эцэст нь  Үндэсний аудитын газар хүртэл  тогтоож чадахгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол ч бас байна.

“Бага боловсролын шинэчлэл ирэх хичээлийн жилээс нийтээр хэрэгжиж эхэлнэ. Дараа нь суурь боловсрол болон ахлах ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулна. Ингэснээр 2015 онд ерөнхий боловсролын салбарын шинэчлэл биеллээ олно” гэж Л.Гантөмөр сайд ярьж байсан. Энэ тендерийнхээ тогтолцоог өөрчлөхгүй бол боловсролын салбарын шинэчлэл бодит амьдралд хэрэгжихгүй нь бололтой. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн Шинэчлэлийн Засгийн газрын бодлого ч худлаа болох нь.

Статистик мэдээллээс үзэхэд, хэвлэлийн үйл ажиллагаа явуулдаг 200 орчим аж ахуй нэгж байдаг гэсэн тоо байна.  Сурах бичгийг  өмнө нь  20 гаруй компани үйлдвэрлэж байсан гэх мэдээлэл бас байна. Тиймээс байгаа боломжоо ашиглаад эдгээр компанид болон бусад тендерт оролцсон аж ахуй нэгжүүдэд сурах бичгээ жигд хуваарилж өгчихөөд, чанартай, чанаргүйгээр нь шигшиж суувал  энэ  харин боловсролын салбарын бас нэг шинэчлэл юм шиг. Тэгэхгүй бол  Эдийн засагч Мильтон Фрийдманы хэлсэн шиг  “Бусдын мөнгийг өөрийнхөө төлөө зарцуулах” –ыг тендер гэж хэлнэ  гэсэн энэ нэр томьёолол манайд жинхэнэ утгаараа хэрэгжиж байна.

 

Б.ЭНХТУУЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих