Хотын үнээ…

govioМанайх нээрээ хэзээ хөгжинө өө. Эрээн хэдхэн жилийн дотор өнгө үзэмж сайтай орчин үеийн хот болчихлоо. Энэ Замын-Үүдийн байж байгааг. Яг хэвээрээ…” наймаачин бүсгүйчүүд ийн хямсаганах нь “юм үзэж, нүд тайлснаа” гайхуулах гэсэн бололтой. Тэр их хөгжилтэй “Эрээн гэдэг гадаад”-даа гахайгаа чирээд явахаараа нэг зоосны хямдыг харж, хараалаа дуусгаж, хамаг уураа бардаггүй юм шиг сайхан ярина шүү, бас. За тэр ч яахав. Амтай хүн амаараа яриа л биз.

“Иш манайхан нээрээ үнэн “юмтай”. Зун Монголд амрах гэхээр хотод нь нэг алхаж ч чадахгүй юм. Хоёр гар, хоёр нүд багадаад байх юм. Дээрээс барилгын материал дарж алчих гээд. Толгойгоо хоёр гараараа хаацайлмаар байдаг. Нэг гарт цүнх нөгөө гарт утас тээглээд байх юм. Доогуур зам засах гээд ухсан нүхэнд унаж, овоолсон шороонд нь бүдэрчих гээд санаа амар явж чадахгүй юм. Урагшаа замаа хармаар байдаг. Доошоо харж ухсан нүхээ тойрмоор байдаг. Ядаж байхад нэг нүдээрээ урдах замаа хараад, нөгөө нүдээрээ доорх нүхээ хараад яваад байж болох биш. Нэг юм хийх гэхээрээ хотоор нил юм болж, бөөн стресст оруулчихна. Ямар сайндаа найз нь зун болгон Хайнань явж амрах вэ дээ. Гурван хүүхдээ Америк явуулсандаа л нэг сэтгэл амар сууна.” Их гарын авгайчуул өөрсдөө гүрэн алгасаж амраад, үр хүүхдээ тив алгасуулж сургаад л. Бас л адаг гар маньдаа илүүрхэв байна. За энэ ч яахав. Авгайчуулын “сумтай” нь тэндээ л биз. Монгол төрийн “юмтай” нь эндээ л биз.

Манайхан гээд байгаа хэрнээ хүнийрхээд байгаа намба төгөлдөр бүсгүйчүүд минь дээ. Юм үзэж нүд тайлсан юм бол нүдээ нээсэн шиг нээ. Шүтээд байгаа тэр хөгжил дунд чинь ямархан түгшүүр, ямархан харгислал нуугдаж байдгийг мэдэх үү?

Залбирах ч эрхгүй хөгжил

Ганданд хүрд эргүүлээд зогсч байгаа хөгшдийг залбирч мөргөснийх нь төлөө цагдаа ирээд баривчлаад хорьжээ гэсэн мэдээ тавигдвал монголчуудын нүд орой дээрээ гарч, хөөрхий цагдаа нарт хэлэх бүх муу үгээ дуусгах байхдаа. Бүдүүлэг харгисаар нь дуудаж, цагдаа төр хоёрыг захын жулдрай банди нар нэг нүдээрээ ч үзэхээ больж, нэг хамраараа ч үнэрлэхээ больж мэдэх.

Харин эрхэм наймаачин ажаа нарын шүтээн “хужаа” гэдэг гадаадад мөргөл сахиж байсан итгэгчдийг, үй түмэн пасторуудыг өчиггүй баривчлан хорьсон байна. Сүм чуулгануудын хувь заяа хятад цагдаагийн гарт хэрнээ, сүсэг бишрэл нь үнэн гэнэн “баагий” нар. Эвийлэн энхрийлэн өсгөсөн ээж аав нь байсан ч үхлээ л бол мөнгөндөө хорогдчихвий гэсэндээ талийгаач нарынхаа араас хог цаас шатааж суудаг хөлдүү гарууд бас л хужаа нар…

Буддын өлгий нутаг Төвд орны ард түмний хувь заяа үлээсэн бөмбөлгөөс хэврэг. Цаг ямагт Хятадын цагдаад зодуулж бэртсэн төвд хүмүүсийг хүлээн авах эмнэлэг ч олдохгүй. Үхсэн муурны арьснаас дор үнэ цэнэтэй тэдний хувьд аль насанд хийсэн гэм нүглийн гэсгээлт болохоо мэдэхгүй, амьдаараа зулын гол болсоор, бас л хужаагийн гай…

Цэл залуугаараа дүүжлүүрийн тавцанд ядах юмгүй зогсож, худлаа хэлдэг хүнд мөлхөө жаал нь ч мөлхөж очоод зогсож мэдэх цаазын тавцан намхантай улс, үхэх ял авсан хүмүүсийнхээ талаар “Цаазлахын өмнөх ярилцлага” гэсэн урт нэвтрүүлэг хийж, телевизийн сувгаар цацаж суудаг хүнд гарууд бас л хужаа…

Хятадын баривчилгаа, цаазын ял ч яамай. Бүл олонтой улс. Тэр өнөр бүлээсээ буудаж хорооно уу, цаазалж хорооно уу пад ч алга. Нэг ч гэсэн хужаа хорогдож байвал аштай юу ч гэх шиг…

Хоёр гар хоёр нүд нь цөөдөөд байгаа хүмүүсээс асуух асуулт зөндөө байна.  Төрсөн нутгийнхаа хөгжлийг голж хүний нутгийн арал руу зугаалж байх хойгуур хүүхдүүдийн чинь амь нас алан хядагчдын гарт орвол яахав? Ухсан нүх тойроод алхах чадваргүй мэлмий чинь багадаад байгаа юм бол Хайнань аралд нуугдсан хятадын тагнуулын зангыг олж харах уу?

Хөгжилгүйг нь дуудаад эгдүүцээд байгаа Монголын тань цаазын тавцан өндрөөс өндрийг битгий мартаарай. Дэд бүтцийн хөгжил биш, дотоод сэтгэлийн хөгжил арвинтай ардын чинь хийсэн хэрэг, алдсан алдаанд нь өршөөлийн суудлын нигууртай уужуу төр үйлчилдгийг мэдэх үү?

Зам засварын ухсан нүх тойрох ч харин жаргал байна аа. Бөмбөрцгийн нөгөө талд нүхгүй байлаа гээд тайван алхаж болдоггүй, хаана нь ч тэсрэх бөмбөг булчихсан байж мэдэх түгшүүртэй улс байна цаана чинь.  Хөгжилтэй байлаа гээд дураараа ч залбирч чадахгүй, буутай цагдаагаас хараат улс байна цаана чинь…

Албатай юм шиг өөрсдөө айл хэсэж хэсэж ирчихээд гэртээ оронгуутаа тэнтэр тунтар алхан угтах өөдөсхөн жаахан үрсээ “Та нар нээрээ хэзээ өсч том болно оо” гэж чамлаж суудаг ээжүүд харин ч нэг байхгүй юм биз.  Айлд хоносны хэрээр гэрээ л санадаг элгэмсүү монгол цус минь хаах нь очоод тасарчихсан юм бол доо.

Үхэр, үхэр байлаа гээд сарайгаа голдог өмбүү байхгүй. Тэнэмэл тэнэмэл байлаа гээд бэлчээртээ хорогддог тугалтай үнээ байхгүй…

Тэнгэр нурж, газар цөмөрсөн биш дээ тэгтлээ юундаа нутгаасаа цэрвэнэ вэ? Өөв өөв өөв…

 

 

Ч.ӨЛЗИЙНЯМ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих