Тахарын албаны талаар хэн хэн юу хэлэв?
Шийдлийн засгийн төсөв хэмнэх зоилтот ажлын хүрээнд чиг үүрэг нь давхардсан шинжтэй хэд хэдэн байгууллагыг татан буулгах, харьяа газруудад нэгтгэх тухай яриа оны эхнээс маргаан дагуулсаар өдийг хүрлээ. Тухайлбал, Хуульзүйн яамны харьяа агентлаг хэлбэрээр 500 гаруй хүний нөөцтэй жилдээ 12 орчим тэрбумын төсвийг захиран зарцуулах эрхтэйгээр эмхлэн байгуулагдаж байсан Тахарын ерөнхий газар.
Одоогийн байдлаар Тахарын албаны үндсэн чиг үүргүүдийн зарим хэсэг нь бусад хуулийн байгууллагатай давхцаж байгаа тул ШШЕГ-тай нэгтгэх асуудал дэмжигдэх магдалалтай болчихоод байна.
Гэвч Тахарын албаны гэрч, хохирогчийг хамгаалах үндсэн чиг үүрэг ШШЕГ-д нэгдсэнээр саармагжин, орхигдоно гэж үзэх гишүүд цөөнгүй байгаа юм. Ялангуяа эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүд яригдаж байгаа энэ үед эмэгтэй гишүүдийн зүгээс Тахарын албаны гэрч, хохирогчийг хамгаалах хөтлбөрийг “үгүй ” хийх нь байж боломжгүй асуудал хэмээн үзэж байгаагаа удаа дараа илэрхийлсээр байна.
Ингээд Тахарын албыг татан буулгах, эсэх тухай асуудалд гишүүд ямар байр суурьтай байгааг багцлан хүргэж байна.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:Гэрч хохирогчийг ялтан, хоригдлолтой харьцдаг тэр байгууллагаар хамгаалуулах гэж байгаад харамсаж байна. Бид өмнө нь “Гэмт хэргийн хохирогчтой, гэмт хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй, зөвхөн шалгагдаж байгаа иргэдтэй цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэнтэй адилхан харьцаад байна. Хүнлэг биш байна, хүний эрхийг үл тоомсорлож байна, арга барил, соёл нь болохгүй байна” гэж хэлээд энэ Тахарын албыг байгуулсан. Харамсалтай нь одоо ялтан, хоригдолтой харьцдаг байгууллага гэрч, хохирогчийг хамгаалахаар юм байна. Тахарын албаны гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг нэмэхээр, тэд дийлэхгүй. Гэрч хохирогчийг, шүүх үйл ажиллагааны хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийг байхгүй болгож болохгүй шүү дээ”
Хууль зүйн сайд Д.Дорлигжав: “Энэ онд 13 тэрбум төгрөгийг Тахарын албанд төсөвлөсөн. Гэхдээ бодит байдал дээр илүү их хөрөнгө шаардлагатай. Би Х.Тэмүүжин гишүүнтэй ам зөрөөд, энэ байгууллагыг татан буулгах гээд байгаа юм биш. Энд өөр хандлага бий. Би тийм хүн биш. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд энэ албаар цөөн тооны хүн үйлчлүүлсэн”
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:“Гэрч хохирогчыг хамгаалах бүтэц нь ахицтай шинэ зүйл байсан. Тахарын албаны тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгож болохгүй гээд “Тахарын алба 500 гаруй ажилчинтай үйл ажиллагаа нь жигдрээд явж байсан. Уг албыг татан буулгах нь буруу. Бид зорилгодоо хүрэхийн тулд ганц нэг хүний лоббиг УИХ дээр оруулж ирж бужигнуулдаг байдлаа болих хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах асуудал нь намаас илүү улс эх орны нэн тэргүүний асуудал ”
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:“Би энэ асуудлаар их олон ярьж байсан даа. Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн төслийг чинь миний үед хийж байсан юм шүү дээ. Түүгээр бол шинэ алба байгуулахгүйгээр одоогийн цаг¬даагийн хү¬рээндээ л хамгаалалтыг нь хийгээд явах бололцоо байсан. Нөгөөтэйгүүр, Тахарын албыг 500 хүнтэй байгууллаа гэхэд Улаанбаатар хот, бүх аймагтаа хуваахаар нэг газарт хэдэн тахар байх юм. Хүн хүч нь хүрэлцэхгүй цагдаагаас л гуйна. Цагдаа нь манайд хамаагүй, асуудлаа шийд гэвэл тэгээд л хад мөргөнө шүү дээ”
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:“Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгохыг эсэргүүцэж байна. Хэн нь мөнгөтэй вэ гэдгээр буюу Тахарын алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн хэн нь их төсөвтэй гэдгээр асуудалд хандаж болохгүй. Иргэд хэнд итгэх вэ гэдэг нь л чухал. Би хорих байгууллагад очиж, хүчирхийллийн улмаас хэрэгтэн болсон эмэгтэйчүүдтэй уулзлаа. Та нар гэр бүлийн хүчирхийллийнхээ талаар цагдаад хэлж болдоггүй юм уу гэхэд 3-5 цаг л хориод явуулчихдаг. ТББ-д хандахаар 14 хоног л биднийг хамгаалах байранд байлгадаг гэж байна.
Одоо тэд Тахарын албанд л горьдлого тээж байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэрч, хохирогчид цэрэгжсэн байгууллага болох ШШГЕГ-т итгэхгүй. Монгол Улсын сүүлийн 25 жилд хүний эрхийн салбарт гаргасан хамгийн том дэвшил нь Тахарын тухай хууль байсан. Би тэр энэ сайд гэмээргүй байна. Төсөвгүй байж болно. Бага багаар нь сайжруул. Ийм улс төрийн зорилготой байх нь л чухал.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Би энэ хуулийг дэмжинэ. Шүүхийн хуяг гэдэг хамгаалалт шүүхийг хамгаалсаар ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ганц ялтантай харьцдаггүй. Хүнийг айлгах гээд байна уу. Тахарны албыг татан булгаагүй, өөрчилж байна. Гэтэл заавал УИХ-д оруулж ирэх хэрэг байна уу. Засгийн газар өөрсдөө шийдвэр гарган, Цөмийн энерийн газар шиг татан буулгаж болно.
Тахарын албыг ШШГГ-тай нийлүүлэх нь зөв. Салсан гэр бүл олон байна. Нөхөр нь тэтгэмжээ өгдөггүй. Гэтэл ганц бие эмэгтэй давхар хохирч байна. 8 хувийн зээл авч чадахгүй байна. Бүтцийн байгууллагаа түшиж л таарна. Борооны дараах мөөг шиг олон байгууллага байх шаардлагагүй. Тагнан турших үйл ажиллагааг нарийвчилж оруулж ир”
УИХ-ын гишүүн Д.Батцогт: “Ховдод очоод Тахарын албаныхантай уулзахад их иргэнлэг, цомхон баг бүрдээд ажил нь зүгширч байгаа юм байна. Гэтэл одоо тэднийг тараах хэрэг байна уу. Зарим гишүүн шүүгчдийн цалинг бууруулах тухай ярилаа. Ийм зүйл байж болохгүй. Хууль зүйн одоогийн болон өмнөх сайд хоёулаа л АН-аас гарсан. Гэтэл хоорондоо ингэж толхилцон, нэгнээ ёжилж байгаа нь биднийг их муухай харагдуулж байна”.
Ж.Мядагбадам
URL:










