“Хан Ресурс”-ыг ялах боломж бий юу

bb8f3c9167f53035originalЗасгийн газар удтал бодсоны эцэст Канадын “Хан Ресурс” компанитай давж заалдахаар болжээ. Тодруулбал, Монголын Засгийн газраас Францын Парис хотын шүүхэд нэхэмжлэл гаргаж, олон улсын арбитрын шүүхээс Канадын “Хан Ресурс” компанид 104 сая ам.долларын төлөх шийдвэр гаргасныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Үүнийг нь нөгөө тал нь хүлээн авснаа хэвлэлд мэдэгдсэн байх юм.

Талуудын маргааны эх үүсвэр нь Цөмийн энергийн тухай хуультай холбоотой юм.

Болсон үйл явцыг эргэн саная. Канадын компани Дорнод аймгийн нутагт ураны ордыг эзэмшдэг байв. 2009 онд дээрх хууль батлагдаж, ураны лиценз бүий компаниудыг шинээр бүртгэхээр болсон юм. Гэвч тус компани дахин бүртгүүлээгүй бөгөөд Мэргэжлийн хяналтынхан хэд хэдэн зөвчил илрүүлсэн байна. Үүнийг нь үндэслэн тухайн үеийн засгийн газар ашиглалтын тусгай лицензийг нь хүчингүй болгосон байдаг.

Харин Канадын тал үүнийг нь зүгээр хараад суусангүй. 2011 онд  Монгол Улсын засгийн газрын эсрэг гомдол гаргаж, 326.0 сая ам.долларын нөхөн олговор олгохыг шаардсан. Улмаар Олон улсын арбитрын шүүхэд хандсан юм. Арбитрын шүүх уг хэргийг үндсэндээ бараг 4 жил нухсан. Эхний хуралдаанаараа засгийн газраас гаргасан хүсэлтийн дагуу хэргийн харьяалал болон хохиролыг салгаж шийдвэрлэхээр болжээ. Харин дараагийн хурал нь 2012 онд болж хэргийг арбитрын маргаан мөн эсэхийг тодорхойлсон бөгөөд шүүх арбитрын маргаан мөн гэж баталсан юм. Ингээд адаг сүүлд нь өнгөрсөн хавар Канадын талд асуудлыг шийдэж, 104 сая ам.долларыг Монголын засгийн газраас гаргуулах шийдвэрлэсэн.

Ч.Сайханбилэгийн засаг өнгөрсөн хавар мэдэгдэл гаргахдаа дахин давж заалдах болон эсрэг талтайгаа тохиролцох гэсэн сонголтууд байгаа. Аль замыг сонгохоо Засгийн газар хуралдаж байж шийднэ гэсэн юм. Тэгвэл тэд “тэмцэнэ” гэдэг замыг сонгожээ. 104 сая ам.доллар гэдэг бол төгрөгт шилжүүлвэл бараг 200 тэрбум төгрөг болно. 1 их наядаар тасраад байгаа төсвөөс 200 тэрбум төгрөг гаргавал эдийн засаг маань утгаараа “нуман тулгуурт” орно. Ёстой л Грекийн замналаар ангалын ирмэг рүү алхана гэсэн үг.

Тухайн үед зарим хуульч, олон улсын судлаачид арбитрын шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж байдаггүй гэж тайлбарлаж байсан. Чинь үнэн нь гэвэл Канадын компанитай тэмцснээр манай засгийн нэр хүнд шавартай хутгалдана. Үүнээс нь болж нөгөө хөрөнгө оруулагчид нь Монголоос бүрмөсөн “үргэх” аюултай. Хэрвээ мөнгийг нь төлөхгүй бол онгоцноос авахуулаад олон улсад байгаа манай хөрөнгийг битүүмжилж эхэлнэ. Тэгвэл ёстой олны өмнө “шараа” болох нь тэр дээ.

Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21, 22-нд “Хан Ресурс”-ын талтай хэлэлцээрийн ширээний ард суусан ч тусыг эс олсон. Нэгэнт ам нийлээгүй учир ахиад үзэлцээд үзий гэсэн бодол манайханд төрсөн бололтой. Арбитрын шүүхийн давж заалдах шатанд хэрэг нь хянагдаж байгаа бол тухайн цаг хугацаанд гарсан бүх зардлыг гомдол гаргасан тал хариуцах ёстой. Үүнээс гадна 104 сая ам.долларын хүү өдөр бүр нэмэгдэж байгааг санах хэрэгтэй. Нэгэнт арбитрын шүүхэд давж заалддаггүй юм бол асуудлыг гэрээ хэлэлцээрийн аргаар шийдвэрлэх нь зүйтэй. Хэрвээ тэгж чадахгүй бол бидний төдийгөөс өдий хүрсэн нэр хүнд олон улсын тавцанд шавхайтай холилдох болно. Уул уурхайгаас хараат болоод буй манай орон хөрөнгө оруулагчдаа татахыг хүсвэл энэ мэтийн үйлдлээ хазаарлаж, асуудалд ултай хандах хэрэгтэй.

Хэдэн тэрбумын өрөнд унагасан тухайн үеийн засгийн газраа хариуцлага нэхэж, “байгуулсан гавьяа”-г нь өөрсдөд нь хүлээлгэж мөнгийг нь гаргуулдаг болохсон. Гэвч энэ мөнгийг татвар төлөгчдийн халааснаас л татна шүү дээ. Нэгэнт хэрэг явдал ийм болсон байхад асуудлыг хурцатгаж, дэврээхгүй байх нь л чухал.

Г.Бат   www.ZALUU.com

 


URL:

Нэр: зочин Огноо: 20 July 2015

С.Баярын ОХУ -н талд шийдэж өгсөн асуудал шүү дээ Монгол улс хараат шүүхийн системгүй “даргын” системтэй Үүний үр дүн Хан Ресурсаас ордыг нь ОХУ -д авч өгсөний хишгийг хэн хүртсэн бол Даваж заалдах нь өөрсдийнхөө шүүхтэй андуурсан байлтай Бид энэ мөнгийг нь хармаанаасаа гаргаад дараа нь С .Баярыг сонгуульд нэр дэвшүүлэхээр нь дагаж далдагнан даа ??

Сэтгэгдэл бичих