Аймгаа “зарагсад”

Жижиг уурхайнууд “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” компаниудаас алт олборлох лицензийг нь худалдан авч Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших Орхон голын бэлчирт алт олборлож эхлэв. Энэ бол одоогоос хоёр жилийн өмнөх үйл явдал. Түүнээс хойш энэ хоёр компанитай холбоотой хар, бараан мэдээллүүд бишгүй гарсан. Урт нэртэй хууль гарсанаас хойш бүр өдөр алгасаа байсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч саяхнаас холбогдох байгууллагынхан нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд буй.

…Хоёр жилийн өмнө таван аймгийн нутгийг хамарсан Орхон гол өнөөдрийнхөөс арай л дээр байдалтай байсныг хэн хүнгүй нотлоод өгнө. Харин өнөөдөр энэ голд химийн хүнд металл, азот, аммиак зэрэг хортой бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хэд дахин давж, урсгал нь хэд дахин татарч, улаанаараа эргэлдсэн сэтгэл эмзэглэм дүр төрхтэй болжээ. Энэ голыг өмнө нь амьтад, олон төрлийн ургамал, цэцэгс чимдэг байсан бол өнөөдөр хүнд даацын ачааны машинууд, алт угаах үүрэг бүхий төмөр босгомжууд чимнэ. Орхон гол сайр болон хувирч, экологийн тэнцвэрийг хадгалдаг байсан ургамал, амьтад төмөр техникээр солигдож байх хооронд хичнээн хэмжээний алт ухаж, чухам хичнээн төгрөг хэний халаасанд орсныг бурхан ч үл мэдэх бөлгөө.

Байдал ийм байгааг мэдээд хариуцсан байгууллагуудаас шалгалтыг хэдэнтээ явуулжээ. Гэсэн ч энэ шалгалтууд тусыг эс олсон гэдэг. Анх байдал хүндрээд байх үед нь буюу одоогоос жилийн өмнө Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас шалгалт явуулж машин, техник хэрэгсэлийг нь лацдаж, алт олборлох ажлаа зогсоохыг сануулаад буцжээ. Шалгалтын дараа гурав хоног ажлаа зогсоосон болоод л дахин ажиллаж эхэлжээ. Дараагийн удаад энэ оны долдугаар сард бүр Улсын мөрдөн байцаах газар, хариуцсан байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтарч шалгалт хийж, дахиад үйл ажиллагааг нь зогсоон лацадсан аанай л адилхан хариу барьжээ. Шалгалт удаа дараа очоод байх үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас албадан гаргах тогтоол хүртэл гаргаад амжсан ч алт олборлох компаниудыг хүчрээгүй билээ. Удаа дараагийн үр дүнгүй шалгалтуудын дараа алт олборлогч компаниудын дунд “…Аяндаа мэнд л яваарай даа, Ажлаа хийгээд үлдье дээ…” гэх дуу хит болж дуулсаар л хоцордог болсон гэх. Чухамдаа энэ нь шалгалтад хэрхэн дасан зохицож ажиллахаа алт олборлогч компаниуд мэддэг болсныг гэрчилнэ. Нөгөөтэйгүүр том, том яриатай төрийн түшмэдүүд хэнд хуулийг тулгаж, хэний өмнө бөхөлздөгийг харин ч нэг харуулаад байх шиг. Хуулиас гадуур дүрэмтэй олон компани Монголд бий болжээ.

Энэ сарын 11-14-ны хооронд дээр дурьдсан байгууллагууд ажлын хэсэг гарган Цэнхэр сумын нутагт алт олборлодог газруудыг албадан гаргахаар ажилласан юм. Хамгийн хачирхалтай нь шалгалтын үр дүнд аймаг болон орон нутгийн удирдлагууд алт олборлогчдоос багагүй мөнгө “авлигад” авдаг болжээ. Тухайлбал, өнгөрөгч долдугаар сард л гэхэд Цэнхэр сум овооны тахилга хийнэ хэмээн 16 сая төгрөг, мөн “Сум хөгжүүлэх сан”-д оруулна хэмээн таван сая төгрөг, Архангай аймгийн удирдлагууд найман сая гаруй төгрөгийг байгаль орчны бохирдлыг сэргээх нөхөн төлбөрт гэх нэрээр авсан байна. Цэнхэр сумын Засаг даргын орлогч Ж.Эрдэнэцогтын хэлж буйгаар “Бид иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа л шийдсэн. Эдгээр мөнгө бүгд сумын хөгжилд л зориулагдана. Нөхөн сэргээх ажлыг бас зохион байгуулна” гэж хэлж байна. Гэтэл байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулагдах мөнгө цаасан дээр арай өөрөөр дурайж байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр Орхон голын байгаль орчныг нөхөн сэргээхэд 135 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргажээ. Харин аймгийн удирдлагууд арай өөр тайлбарыг хийж байв. “Ямар ч байсан бид аймгийнхаа нутаг дэвсгэр дээр алт ухуулж байна. Үүнийхээ оронд бид харин мөнгө авч байгаа. Түүнээс биш энэ нь хэн нэгэн хүний халаасанд орно гэсэн үг биш. Тэгээд ч энэ мөнгийг бид аймгийн хөгжилд зарцуулна уу гэхээс байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулна гэсэн үг биш” гэж Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг ярьж байсан юм.

Гэвч энэ их хэмжээний мөнгө аймгийн хөгжилд зориулагдаж байна уу гэдэг нь бас л эргэлзээтэй. Аймгийн захиргааны байр улам өнгө нэмж, гудамж талбай, гэрүүдийн хоорондох зам харгуй нөгөө л дэгэн, догонтой хэвээрээ л байна. “Ийм их хэмжээний мөнгө хураадаг байсныг би л мэдээгүй юм байна.  Нутгийн ард иргэдийн дунд мөнгө хураадаг гэх яриа ам дамжин яригддаг байсан ч яг бодитой байсныг мэдэхгүй юм. Хэрвээ ийм их хэмжээний мөнгө хураадаг байсан бол ард иргэдэд харагдахаар юм хийгээгүйд их гайхаж байна” гэж нутгийн иргэн Б.Билэгсайхан ярьж байсан юм. Нутгийн иргэдийн ихэнх нь л ийм бодолтой байв. Харин саяхан болсон аймгийн наадмаар түрүүлсэн моринд олгодог бай шагнал нь хэдэн саяар тоологдох “лэнд круйзер” маркийн машин өгсөн гэсэн мэдээлэл ч байна.  Эдгээр компаниудаас зөвхөн аймаг, сумын удирдлагууд нь мөнгө хураагаад байна уу гэвэл бас л үгүй. Шат шатандаа шантаажилдаг бололтой. Орхон багийнхан ч мөнгө хураагаад амжжээ. Багийн удирдлагууд “хурган дарга” гэдэг утгаараа “Эрдэнэсийн сан” компаниас л гэхэд таван хүүхдийн сургалтын төлбөр гэж мөнгө татсан ажээ. Харамсалтай нь, зөвхөн энэ компаниас ч биш бүх компаниас хураасныг компанийн ажилтнууд баталж байна.  Хэрэв тэр нь үнэн бол тус багийн хүүхдүүд бүгд сургалтын төлбөрт санаа зовохооргүй болжээ.

Энэ сарын 11-14-ний хооронд Архангай аймагт ажилласан ажлын хэсэг алт олборлодог компаниудын техник хэрэгсэлийг нь журамлан, гэр орныг нь албадан нүүлгэх арга хэмжээг авсан юм. Албадан нүүлгэх арга хэмжээний дараа компанийн удирдлагууд аймгийн төлөөлөлтэй уулзах хүсэлтээ гаргасан байна. Тэдний аймгийн удирдлагуудаас асууж байгаа хамгийн том асуулт гэвэл “Яагаад мөнгөө төлчихөөд байхад биднийг албадан нүүлгэж байгаа юм бэ” гэх асуулт. “Бид орон нутгийн шаардсан мөнгийг өгдөг шүү дээ. Хэрвээ бид мөнгөө өгөхгүй бол бүх техник хэрэгсэлийг лацдаад ажил явуулах ямар ч боломжгүй болгодог. Тэд энэ ажлаа сайн хийдэг шүү дээ. Сая танай ажлын хэсгийг ирэхээс хэд хоногийн өмнө сумаас мөнгөө аваад л явсан” гэж “Уянга Ирээдүй” компанийн уурхай хариуцсан дарга П.Мөнхбаатар ярьж байсан юм. Угтаа тэдний эргэлзээд байгаа энэ асуултын хариулт нь хэрхэн гарч, ямар нөхцөл дээр тохиролцсоныг бид мэдээгүй юм. Тэдэнд энэ талаарх мэдээллийг ажлын хэсгийнхэнд өгч болохгүй гэсэн үүрэг даалгаврыг аймгийн удирдлагууд өгсөн гэх.

Аймгийн удирдлагуудын хэлж буйгаар тэдний хүч эдгээр компаниудыг орон нутгаасаа албадан хөөхөд хүрдэггүй бөгөөд яам, Засгийн газраас тусламж хүсч байгаагаа мэдэгдсэн юм. Харин амьдрал дээр арай өөр болохыг алт олборлодог компаниудын ажилтнууд баталж байна. Гэвч тэд гагцхүү компаниудыг хөөхөд төрөөс туслахыг хүсдэг билээ.

Ийнхүү аймаг нь мөнгө авч, тусламж хүсэн, улсаас албадан хөөх шаардлагыг удаа дараалан хүргүүлээд байх хооронд Орхон голын бэлчирт ухсан нүх, сүвэнд хүний амь эрсэдсэн таагүй мэдээлэл ч байна. Өнгөрөгч долдугаар сард л гэхэд гурван залуу нүхэнд унасан бөгөөд хоёрынх нь цогцосыг ч олж, нэгийнх нь цогцосыг олоогүй ажээ. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар нүхэнд хүн, амьтан унаж үхэх нь олон тохиолддог байна. Гэвч аймаг, орон нутгийн зүгээс анхаарал хандуулдаггүй гэх.

Ямар ч байсан ажлын хэсэг алт олборлодог компаниудын үйл ажиллагааг нь зогсоож, техник хэрэгсэлийг нь журамлан, гэр, орныг нь албадан нүүлгэсэн ч дахин үйл ажиллагаагаа явуулах эсэх нь эргэлзээтэй.

Одоо бидэнд битгий дахин алт олборлоосой гэсэн хүслийг бурхандаа шивнэх л үлдлээ.
Б.БОЛОРСҮХ

URL:

Сэтгэгдэл бичих