Гацууртыг яаравчлах шаардлагатай

gatsuurt

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд, дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон  “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байсан.

Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Болор, Төсвийн байнгын хорооноос ирэх оны төсвийн төслийг дахин авч үзэж, сайжруулах чиглэл өгөгдсөн учир Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг, Сангийн яамны ажлын хэсэг хамтраад зарим зүйл дээр өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Иймд хэлэлцэхээр төлөвлөөд байсан ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулах санал гаргав.

 

 

Сангийн сайдын санал, хүсэлтийг тус байнгын хорооны дарга Ж.Батсуурь хүлээн авч байгаа тухай хэлээд төсвийн төсөлтэй холбогдуулан шаардлагатай өөрчлөлтийг оруулах нь зүйтэй юм хэмээв. Ингээд ирэх оны төсвийн төсөл, дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлууллаа.

 

Дараа нь “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 

Тогтоолын төслийн танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулав.

 

 

Тэрээр, Улсын Их Хурлын 2015 оны 01 сарын 23-ны нэгдсэн хуралдаанаар Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамруулахаар шийдвэрлэсэн тул тус ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох шаардлагатай байгаа юм. Ерөнхий сайдын 2015 оны 56 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох талаар хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үр дүнд төрийн эзэмшлийн хувь хэмжээг “Ашигт малтмалын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5-д заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 2-т заасны дагуу дээрх хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр 3 хувиар орлуулахаар тогтсон. Мөн алтны үнээс хамаарч энэ 3 хувь өөрчлөгдөж байхыг, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэж байхаар тус тус тохирсон болно. Ерөнхий сайдын 2015 оны 200 дугаар захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг нь  хэлэлцээрийг үргэлжлүүлэн хийж “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. Уг хэлэлцээрийн үргэлжлэлийн үр дүнд төсөлд шаардлагатай анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая ам.доллар хүртэл бууруулж чадсан байна.

 

Мөн тус ордын талбайд сүүлийн үед хууль бусаар алт олборлогч иргэд ихээр дайран орж олборлолт явуулах болсон нь аюултай нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд Гацууртын үндсэн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг яаралтай тогтоох шаардлагатай байгаа тул тогтоолын төслийг боловсрууллаа хэмээв.

 

 

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, А.Тлейхан, Х.Болорчулуун нар асуулт асууж тодруулга хийсэн. Гишүүдийн асуултад Уул уурхайн яамны сайд хариулт өгөв.

 

 

Түүнчлэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ц.Нямдорж, Г.Уянга, Х.Болорчулуун нарын гишүүд үг хэлсэн бөгөөд тэд өмнөх хуралдаанаар хэлэлцээд дараагийн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулсан байтал өнөөдөр яаралтай оруулж ирсэн нь хардлагыг дэврээж байна. Иймд хэлэлцэхийг хойшлуулах саналтай байгаа тухай хэлж байсан. Энэ дагуу Г.Уянга гишүүний гаргасан уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналаар санал хураалт явуулав. Уг санал хураалтаар хэлэлцэхийг хойшлуулах санал гишүүдийн олонхийн саналыг авч чадаагүй тул хуралдааныг үргэлжлүүлсэн юм.

 

 

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсэний дараа “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих