Н.Өнөртүвшин: Гүүрийн хашлага эвдэрснээс хөдөлгөөнийг хязгаарласан

Яармагийн гүүрэн дээр энэ сарын 2­ны өдөр Зурагт­ Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан “Портер” автомашины араас мөргөж, зам тээврийн ноцтой осол гаргасан. Ослын улмаас Яармагийн гүүрэнд эвдрэл гарч, замын хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Гүүрийг хэзээнээс хэвийн үйл ажиллагаанд оруулах талаар Нийслэлийн автозамын газрын Зам барилгын хэлтсийн мэргэжилтэн Н.Өнөртүвшингөөс тодрууллаа.

-Гүүрийг засварлаж эхэлсэн үү. Хэдий хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах вэ?

-Гүүрийг осол гарсан оройн 02.00 цагт хаасан. МХЕГ­аас өнөөдөр /өчигдөр/ ослын дүгнэлт гарна. Энэ дагуу бид гүүрийн засварыг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Ослын улмаас Яармагаас хот руу орж ирдэг талын гүүрийн хашлага эвдэрч, замын хөдөлгөөнийг хязгаарлахаас өөр аргагүй болсон.

-Гүүр хэвийн үйл ажиллагаатай болтол Яармаг, Нисэх чиглэлийн автомашины хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ?

Дээрх чиглэлийн тээврийн хэрэгсэл хуучин төмөр бетон гүүрээр хоёр чиглэлээр зорчино. Засвар хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй. Өвлийн улирал учраас хугацаа шаардах байх. Бид аль болох богино хугацаанд засварын ажлыг дуусгахыг хичээж ажиллана. Засварын ажлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ хийж гүйцэтгэнэ гэв. Харин осол гаргасан авто­ бусны жолоочид ямар хариуцлага тооцохыг Нийслэлийн тээв­ рийн газраас лавлахад “Замын цагдаагийн газраас ослын дүгнэлт гаргаж дуусаагүй. Дүгнэлтээр осол замын халтиргаанаас болсон уу, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас уу гэдэг нь тодорхой болно. Дүгнэлтгүйгээр жолоочид хариуцлага тооцох боломжгүй. Дээрх “Эрдэм транс” ХХК­ийн автобусанд зорчиж явсан иргэдийн наймыг нь эмнэлэгт хүргэсэн гэх мэдээлэл худлаа гэдгийг албан ёсоор хэлье.

Б.Дэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих