Хоёр эхлэл, хоёр сураг

Шинэ оны эхний долоо хоног сүр дуулиантайхан өнгөрлөө. Учир нь НӨАТ-т төлсөн 10 хувиасаа хоёр хувийг жилийн эцэст буцааж авах болсон. Мөн урамшууллын сугалаанд оролцох эрхтэй гэж байгаа. Үүнээс гадна, хүүхдийн мөнгөний асуудал анхаарлын төвд байсаар. Цаашилбал, ипотекийн зээл, “Монгол шуудан” компанийн анхдагч зах дээрх нээлттэй хувьцааны арилжааг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээсэн юм.

 

ТӨӨРӨГДӨЛ

6_700x700

Шинэ оны эхний ажлын өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг НӨАТ-ын урамшууллын систем иргэдэд хэрхэн хүрч байгаа мөн аж ахуйн нэгжүүдэд тулгарч буйтай танилцсан. Тэрээр “Хуулийн дагуу татварын бодолт хийж дахин давтагдашгүй дугаар, төрөөс явуулж буй сугалаанд оролцох эрхийн бичигтэйгээ гарч ирсэн баримт надад байна. “Миний дэлгүүр” сүлжээ болон бусад том дэлгүүрүүд энэ системд холбогдон, бүх гүйлгээ хяналттай болж байна” гэв. Засгийн газраас уг хуулийн хэрэгжилт болон иргэдэд очиж байгаа үр өгөөж, аж ахуйн нэгжүүдийн идэвх санаачлагыг дэмжин ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголтын талаарх мэдээлэл тун чиг муу байгаагаас хүмүүс төөрөлдсөөр л байна. Зөв буруу, сайн муу хэмээн хүн бүр өөрийн ойлгосноор цэц булаалдана. 400 мянган төгрөгийн худалдан авалт хийсний эцэст 8000 төгрөг авах болно. Гэтэл энэ мөнгө цалин биш бол Хүн амын орлогын албан татварын 10 хувийг зайлшгүй төлөх учиртай. Тиймээс 8000 төгрөгийн төлөө 40 мянган төгрөг төлнө гэсэн үг үү. Магадгүй нэг талаас тэгж харагдах ч нөгөө талдаа далд эдийн засаг ил болж эдийн засгийн эргэлт эрчимжинэ хэмээн албаныхан тайлбарлаж буй. Эцсийн дүндээ хэрэглэгчдэд тустай гэдгийг тэд хэлж байна. Аливаа зүйлийг хэрэгжүүлэн, хэвшүүлэхийн тулд бартааг давах нь зайлшгүй. Тиймээс төөрөгдөл арилан зөв голдиролд орох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

 

8-ЫГ 5-ААР СОЛИХ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ

Ипотекийн зээлийг зогсоосон нь царцсан барилгуудыг хөлдөөх “хөлдүү” шийдвэр хэмээн бизнесийнхэн бухимдацгаасан. Учир нь арай ядан тэсч байгаа барилгын бизнесийн “утсан улаан амь”-ийг таслах шийдвэр болсон гэх.

Тиймээс “Ипотекийн зээл хэвээр үргэлжилнэ, үргэлжлүүлэх ч ёстой. Зээлийн хүү нь гурван хувиар буурч, тав болох бололцоотой. Үүний төлөө Монголбанк ажиллах учиртай” гэж УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногийн сайн мэдээний нэг бол энэ. Зээлийн хүүг бууруулснаар илүү олон иргэнийг орон сууцжуулахад бодит дэмжлэг болно гэж УИХ-ын дарга онцолсон.

5-5_700x700

Нийслэлд 352 мянга 812 өрх амьдардаг. Үүний 148 мянга гаруй нь орон сууцанд, 204 мянга гаруй нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байна. Гэр хороололд амьдардаг иргэдийн 189 мянга нь орон сууцанд орох хүсэлтэй. Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй 169 мянга гаруй өрх байгаагаас зээлд хамрагдаж орон сууц худалдан авах чадвараа баталгаажуулсан 63 мянга 915 өрх бий гэсэн судалгааг Монголын ипотекийн корпорациас гаргажээ.

Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ингэснээр орон сууцны зээл олгох нөхцөл бүрдэж, зээлийн хүү таван хувь хүртэл буурах боломжтой аж. Харин урьдчилгаа 30 хувийг бууруулах нь иргэдийн зээл төлөлтийг хэмжээ нэмэгдэх, мөн зээл авахыг хүссэн иргэдийн өрхийн орлогод тавих шаардлага нэмэгдэнэ хэмээн албаныхан онцолсон юм.

 

“МОНГОЛ ШУУДАН” САЙН ЖИШЭЭ

10644201_1103509789683082_1216855851422732793_o_700x700

Төрийн өмчит зарим компанийг энэ жилдээ багтаан хувьчлах шийдвэрийг УИХ, Засгийн газраас гаргасан. “Монгол шуудан” компани энэхүү шийдвэрийн хэрэгжилтийн  салхийг хагалав. Тус компанийн 66 хувийг Засгийн газарт үлдээж, 34 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд хувьчлах ажлыг амжилттай зохион байгууллаа. “Монгол шуудан” компанийн олон нийтэд санал болгож буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлж, цан цохилоо. Хэдийгээр 6.2 тэрбум төгрөг босгох учиртай гэж байсан ч хөрөнгө оруулагчдаас 12.6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн байна. Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлалыг ил тод, шударга хүртээмжтэй, тэгш хэрэгжүүлж болдгийг энэ үйл явдал харууллаа хэмээн Ерөнхий сайд онцолсон. 2016 оны анхны IPO амжилттай болж, хөрөнгийн зах зээлд шинээр мэндэлсэн хувьцааг өнөөдөр өлгийдөн авч байгаа нь тэмдэглэлт үйл явдлын нэг юм. Харин төвлөрсөн хөрөнгө хоёр дахин их байгаа учраас андеррайтерийн компанийн зүгээс хувьчлалыг хүртээмжтэй, тэгш хэрэгжүүлэхийн тулд 10 мянган ширхгээс бага тооны хувьцаа худалдан авах, захиалга өгсөн хөрөнгө оруулагчдыг жижиг хөрөнгө оруулагчид гэж үзжээ. Тиймээс тэдний захиалгыг тэргүүн ээлжинд 100 хувь биелүүлсэн байна.

Шинэ оны эхэнд УИХ, Засгийн газрын шийдвэрээр Хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдах найман компанийн анхных нь “Монгол шуудан” цахиур хагалсан бөгөөд сайн жишээ болон дараа, дараагийнхаа хувьчлалд үлгэр болох биз ээ.

 

17 РУУ ТЭМҮҮЛЭХ ХҮМҮҮСИЙН ХҮЛЭЭЛТ

5_700x7002015 оны сүүлчээр өгөх байсан 20 мянган төгрөг өнгөрсөн долоо хоногт эзэддээ очлоо. Харин энэ сарын 20-ноос өмнө ямар айлын хүүхэд 20 мянгаа авах вэ гэдэг өрсөлдөөн хаа сайгүй өрнөв. 1-17 дугаар бүлэг рүү тэмүүлэн, хорооны халамжийн мэргэжилтнийг дарахаа шахан дугаарлаж байсан хүмүүсийн дараалал бага ч атугай татарсан гэнэ. Учир нь хүүхдийн мөнгийг өмнөх жишгээр олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн баасан гаригт өргөн барьжээ. Энэхүү төсөлд эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх үүднээс бүх бүлгийн өрхийн хүүхдэд 20 мянган төгрөгийг олгох шаардлагатай байна хэмээн тусгажээ. Үүнээс өмнө эрхэм Ерөнхийлөгчийн хөтөлдөг цахим хуудаст хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохгүй байхад анхаарна гэх утгатай мессэж олны бужигнааныг дарсан бололтой. Хэдийгээр хасч таналаа гэсэн ч буух бай нь өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бүх хүүхдийг баярлуулах нь дамжиггүй.

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих