М.Уянсүх: Орчлонгийн явдал

http://resource.news.mn/show/photo/2013/7/9ff26a77bd1e3662/aa33ab90da8e02e7big.jpg

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч М. Уянсүхийн “Болор цом -33 ”-ийн сүүлийн даваанд уншсан “Орчлонгийн явдал ” шүлгийн та бүхэнд хүргэж байна.

Өнгөрсөн шөнө хажуу айлын сайхан эмээ нас барчихаж!
Яагаад гэдгийг бүү мэд! Би түүнд гашуудахгүй байна
Өглөө сэрэхэд цонхон доор ноорхой жаалхүү дуулаад байсан
Яагаад гэдгийг бүү мэд! Тэр дуу надад сонин биш байна
Дээвэр нэвт дусаал гоожоод, нимгэн таазанд нөсөө үүсчихэж …
Яагаад гэдгийг бүү мэд! Миний сэтгэл халтартсан байна
Дэлхийг заавал мөргөх ёстой сүүлт одод айсуй явна
Яагаад гэдгийг бүү мэд! Энэ мэдээ надад таалагдаж байна
Нэг хүүхэнтэй болзсон юм сан! Өөр хүнтэй нөхцсөн юмсанж
Яагаад гэдгийг бүү мэд! Харамсах юмгүй бодогдож байна
Нэг л зүг рүү сэвэлзсэн салхи эмсийн явдал шиг хөнгөн ажээ
Яагаад гэдгийг бүү мэд! Зугаатай бодлоос салмааргүй байна
Тархины гүнд цочрол явагдаж, өчигдрийн явдлыг таг мартжээ
Яагаад гэдгийг бүү мэд! Өглөөний агаар будантайхан байна
Тамхины утаанд мансуурч суухад тэнгэр намайг тэвэрч явлаа
Яагаад гэдгийг бүү мэд! Тэнгэрийг би ер ойлгохгүй юм байна
Үлэг гүрвэлүүд зүүдэнд ирж адуу шиг тургихыг тод сонслоо
Яагаад гэдгийг бүү мэд! Далайн давалгаа мэдрэгдэж байна
Үнэртэж байгаа цэцгийн дэлбээ цусны өнгөтэйг сая ажлаа
Яагаад гэдгийг бүү мэд! Мэдэгдсэн бүх юм төгс биш байна
Алтан намар, мөнгөн өвөлд хачин дуртайгаа гэнэт бодлоо
Яагаад гэдгийг бүү мэд! Амьдрал минь тэнд л байх шиг байна
Баруун гарынхаа эрхий хурууг чам руу гозойлгож нэг үзлээ
Яагаад гэдгийг бүү мэд! Охидын инээд тохуутай байна
Балархай эгшигт үгсийн сангаас бүтэн үсэг гээгдэхэд цочлоо
Яагаад гэдгийг бүү мэд! Огторгуйн томъёо ээдэрсэн байна
Гудамжны хүүхэн намжир хаяхад дээд зовхинд совин татлаа
Яагаад гэдгийг бүү мэд! Нэг юм намайг шаналгаад байна
Гуйлгачны оромжинд гүн шөнөөр навтас дэвсээд нүдээ анилаа
Яагаад гэдгийг бүү мэд! Орчлонгийн явдалд би талархаж байна.


URL:

Нэр: Suzi Yeend Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих