Яамдын халаа сэлгээ ТНБДарга томилогдохыг хүлээж байна

1471221196_1469666501579954c53ae70Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо хийгдэхээр хүлээгдэж буй. Засгийн газраас яамдын ТНБД-ын томилгоог хийсний дараа яамд дээр газрын дарга, алба хэлтсийн дарга нарын томилгоо хийгдэнэ. Учир нь Төрийн нарийн бичгийн дарга яамны аппаратын ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулж, удирддаг. Өөрөөр хэлбэл, тэдний үндсэн чиг үүрэгт хүний нөөцийн асуудал давхар хамаардаг гэсэн үг.
Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар, яамд дээр хийгдэх албан тушаалын томилгоонууд эрх баригч нам дээр очиж, ерөнхий зураглалаараа гарна. Тэндээсээ үндсэн томилгоонууд хийгдэх юм. Шинэ бүтцийн дагуу яамдын орон тоог 109, агентлагийн орон тоог 206-гаар цөөрүүлнэ гэдгээ ЗГХЭГ-аас мэдэгдсэн. Уг цомхотгол бүтцийн өөрчлөлт хийгдэж буй яам, агентлагууд дээр ихэвчлэн хийгдэнэ.
Тухайлахад, хуучнаар Аж үйлдвэрийн яамны харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан одоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд харъяалагдахаар болсон. Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа Д.Сэргэлэн сайд тус сангийн 30 гаруй ажилтны гуравны хоёрыг цомхотгож,  ажилчдын тоог нь 10 дотор барина гэсэн чиг өгчээ.
Мөн УИХ-д ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын нэг Санхүүгийн зохицуулах хорооны шинэ дарга С.Даваасүрэн хэт данхгар бүтцийг халж буй талаархи зорилтот мэдээлэл түгээсэн. Уг мэдээлэлд дурдсанаар, СЗХ-ны ажлын албаны бүтцийг 7 газар, 4 хэлтэс, 2 алба, нийт 13 нэгж, 14 удирдлагатай байхаар баталжээ.
Өмнө нь ажлын алба дарга, орлогч дарга гэсэн давхар удирдлага бүхий 7 газар, тус тусын удирдлагатай 17 хэлтэс, 5 алба, нийт 29 нэгж, 36 удирдах албан тушаалтантайгаар ажиллаж байсан. Шинэ бүтэц батлагдсанаар хорооны удирдах албан тушаалтнууд буюу дарга нарын тоо бараг гурав дахин цөөрнө гэсэн тооцоолол гарчээ.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.