АН дахиад ялагдахад бэлэн

ardchilal6-1024x544_700x700АН ялагдалдаа дасчихжээ. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сураг ч алга энэ намд. Ярьж буй сэдэв нь намын даргын суудал, дэд даргын  албан тушаал төдийхөн. Түүнээсээ жаахан халивал ҮЗХ-ны хурлынхаа  эргэн тойронд шивэр авир хийх. Тэр нь ч бас гойд мэдээлэлгүй. Үндсэндээ тэдний  фракц, энэ бүлэглэл, тэрийг дэвшүүлнэ, дэвшүүлэхгүй гэлцэх. Бүлэг, фракцийнхаа хооронд намын дарга, генсекийнхээ сандал, суудлын тохироог хийж чадахгүй ҮЗХ-ны хурлаа хэд ч хойшлуулав даа. Тогоонд хөөрүүлсэн  сүүнийхээ өрөм, хусмыг  булаацалдан тулга тойрох нэг айлын хүүхдүүд аятай тэднийг ийнхүү  бужигнаж суух хооронд юм, юм л өрнөсөн. Төсвийн тодотгол, цалин, татвар нэмэх, хасах, Хамтын тэтгэврийн тухай болон Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гэхчлэн УИХ-ын чуулганы танхимаас улс орны хэмжээнд шуугиулсан асуудал олон. Гэтэл АН-ын гишүүд хаачив, энэ намын дуу хоолой хаана сөөчихөв гэмээр нам жим. Намын асуудал ярихаар   бүгд баатрууд. Намаа шинэчлэх гэж байгаа хэмээн хэдэн залуу “Ганц АН биш ч улс төрийн намуудын шинэчлэл”  гэхчлэн том дуугарч байгаа. Саяхнаас Ардчилсан хувьсгалын анхны ахмад зүтгэлтнүүд гэх хөгшчүүл бас л намын шинэчлэл ярьж, “жигүүр”, “холбоо” байгуулснаа зарласан. Ярьж буй зүйл нь дүүрэг, хорооны намын даргыг тойрон хүрээлсэн хэдэн  хүний хэрүүл. Утгачилбал, намын даргынхаа өрөөнд орж, ширээг нь тойрч суусан хэсэг хүн бусдыгаа оруулахгүй гээд хаалгыг нь дотроос нь түгжчихдэг. Эсвэл үүдийг нь ээлжээр манаж хүн ойртуулдаггүй юм байх. Дээр, дооргүй  “даргыгаа харамлах”  ийм өвчин газар авсан гэнэ.  Ерөнхийдөө  АН энэ мэтээр  өвөр зуураа тэмцэлдэхээс  хэтрэхгүй, улс орны хэмжээний асуудлаар дорвитой дуугарчих юмгүй л зун, намрыг барлаа.

 

Ер нь бол АН дөнгөж саяхнаас   ийм болчихоогүй л дээ. 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өмнө ч ийм л байсан. Цаашилбал, засгийн эрхийг барьж байхдаа ч ийм л байв. Ямар сайндаа дотоод дахь явган хэрүүл, бүлэг, фракцынх нь талцал төрийг муухай харагдуулж, савлагаа үүсгэж байхав дээ. Үүнээсээ болж сонгуульд ялагдсан. Түүндээ дүгнэлт хийсэнгүй. Одоо сар гаруйхны дараа сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болоход  АН  дахиад  ялагдахад бэлэн байна.  Ялагдах бас нэг шалтгаан нь өмнөх сонгуульд ялагдсан хуучин хүмүүс нь аймаг, сумын намын байгууллагаа өмчлөөд авчихсан юм шиг очоод сууцгаачихсан гэнэ. Хэн байна гэвэл, олон нийтэд нэр хүнд  муутай, Их хурлын сонгуульд хэн нэгнийг дэмжин мөнгө хандивласан, эсвэл өөрөө дэвшээд байдгаа гөвсөн ийм л хүмүүс байгаа аж.  Тэгсэн атал ирэх сард болох сонгуульд эргэж  нэр дэвшинэ  хэмээн  нам дотроо үүссэн  эцэс төгсгөлгүй хэл амд бас нэг хачир  нэмжээ. Тиймээс энэ удаагийн аймаг, сумын ИТХ-ын сонгуульд АН аль эрт өвдөг шороодчихсон, өрсөлдөөн бусад нам, хүчин, бие даагчдын дунд өрнөх бололтой.

 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ЗОТОЛ

 


URL:

Сэтгэгдэл бичих