Аялал тань дууссан бол ажлаа хийнэ үү, П.Сэргэлэн САЙД АА

sergelen_700Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан төлөвөөр Монгол Улсын нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, цасны зузаан зарим газартаа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см хүрчээ. Харин олон улсын болон мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр 13 аймгийн 50 суманд өвөлжилт хүндэрч, 13 аймгийн 95 суманд хүндэрч болзошгүй байгаа аж. Энэ сарын гуравдугаар 10 хоногт огцом хүйтэрч, ирэх оны нэг, хоёрдугаар cap болон хавар нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа тухай холбогдох байгууллагаас анхааруулсан нь саяхан. Нэг үгээр хэлбэл, монголчууд хатуухан өвөл, хавартай нүүр тулж байж урин цагтай золгох нь.

Хотын бид бол яаж ийж байгаад л өвөл, хаврыг давчих байх. Харин хөдөөд хэцүү. Ялангуяа малчдад. Хүйтний эрч чангарах тусам хоттой хонио харлуулчихгүй юмсан эсвэл хэдэн бор төгрөг болгоод айдгаа авдартаа хийх үү гэсэн айдас, болгоомжлол зэрэгцсэн малчид хөдөөд олон. Хажуугаар нь хонины цэцэг өвчний дэгдэлт зургаан аймгийн 50 гаруй суманд буурах бус улам өссөөр байгаа нь малчдад хэдийнэ нэмнээс болж эхэлсэн. Муу амалж байгаа ч юм биш. Үүний хажуугаар шүлхий гарвал бүр эрсдэлтэй тэд нүүр тулна. Хачирхалтай нь, салбар хариуцсан сайд П.Сэргэлэн гадаад, дотоодод аялж, хурал зөвлөгөөнд оролцож, Элчин сайдууд хүлээн авч уулзсанаас өөрөөр өвөлжилтгэй холбоотой арга хэмжээ аваагүй л явна. Мэдээж П.Сэргэлэн сайд болсон гээд малын гоц халдвар өвчний дэгдэлт олширч, өвөлжилт хүндрэх гээд байгаа юм биш л дээ. Угаасаа байгаль, цаг уурын нөхцөл, малын гоц халдварт өвчний дэгдэлтийг урьдчилан таах, тооцоолох боломжгүй.

Гагцхүү өвөлжилт хүндэрсэн, хүндэрч болзошгүй аймаг, тэр тусмаа захын сумдад нэн түрүүнд ямар арга хэмжээ авах, учирч болох эрсдэлээс хэрхэн сэргийлэх нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа агентлагууд, салбарын сайд П.Сэргэлэнгийн үүрэг. Гэвч Засгийн газрын гол тулгуур яамных нь үйл ажиллагаа хурал зөвлөгөөн зохион байгуулах, гаднын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзахаар л хэмжигдэж байна. Нэг бол сайд нь гадагшаа албан томилолт аваад явчихсан байх нь энүүхэнд. Хатуу ч гэсэн энэ үнэн.

Ер нь П.Сэргэлэн Ж.Эрдэнэбатын танхимд сайд болсноосоо хойш хөдөө аж ахуйн салбарт ямар шинэчлэл хийв. Сонсоход бага зэрэг инээдтэй байж болох ч ургац хураалтын үеэр Гандантэгчинлэн хийдэд 1500 гаруй лам цуглуулан ном хуруулсан. Ургац арвин байхаас гадна хур тунадас унахаас сэргийлж тэнгэр, газраа аргадасан нь тэр юм гэнэ лээ. Дараа нь, Засгийн газар 100 хоногийнхоо тайланг олон нийтэд тайлагнах үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мастер тогооч нарыг цуглуулан 500 хүнд зориулсан цуйван “сэгсэрсэн”. Хариуцсан салбар нь хүнстэй холбоотой байж болно. Гэхдээ бүхэл бүтэн яамны 100 хоногт хийсэн ажлын тайлан цуйван төдийхнөөр хэмжигдсэн нь олон нийтэд тийм ч таатай санагдаагүй л байх.

Үнэнийг хэлэхэд сайд таны ажил гадаад, дотоодод албан томилолт хийсэн, хурал зөвлөгөөн зохион байгуулснаар үнэлэгдэхгүй. Харин малчид малын гарзгүй өнтэй өвөлжсөнөөр, монголчууд идэх гурилтайгаа хавартай золгосноор, малын гоц халдварт өвчний дэгдэлт бууснаар л үнэлэгдэнэ. Аялал тань дууссан бол ажлаа хийнэ үү П.Сэргэлэн сайд аа.

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих