Тавантолгойн түүхийн онцлох 50 агшин

708de3e865626da90a722f741ae0f2601e64d708Тавантолгой нь коксждог нүүрсний нөөцийн хэмжээгээр дэлхийн эхний 10-т багтдаг. Үүнээс IV давхаргын коксжих нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс коксжих чанараараа давуу. Өөрөөр хэлбэл, энэ бол Монгол орны ирээдүйн том үүц.

Хэрүүлийн алим, хөгжлийн гарц хоёрын аль алинаар нь яригдаж буй Тавантолгойн асуудал энэ ондоо шийдэгдэж, үр шимээ жинхэнэ утгаар нь өгч эхэлнэ гэж ард түмэн найдаж буй. МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь тогтвортой төртэй болвол том төслүүдээ хөдөлгөнө гэсэн ард түмний хүлээлттэй салшгүй холбоотой. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат он гарсны дараахан энэ талаар чихэнд чимэгтэй мэдээлэл хийсэн. “Ардын эрх” энэ удаа Тавантолгойн ордын өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх түүхийг сөхөж байна.

1. 1934 он
Малчдын хэрэглээнд
Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 100 гаруй километрийн зайд нутагладаг нутгийн ардууд энэ орд илэрсэн газраас тэмээгээр ачаалан нүүрс түүж  ахуйд хэрэглэх болов. Ялангуяа уран дархчуудын хөөрөгт уг нүүрсийг ашигладаг байв.

2. 1936 он
Аймаг орон нутгийн зүгээс Тавантолгой орчмыг хамгаалалтанд авч, нүүрсийг түлшинд хэрэглэх болжээ.

3. 1939-1940 он
Цогтцэций сумын хоршооллын артел Тавантолгойн чулуун нүүрсийг гар аргаар олборлож, аймгийн төв хүргэн борлуулах болжээ.

4. 1966.04.18
Улсын мэдэлд
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 124 дүгээр тогтоолоор тус орд газрыг улсын болгож, үйлдвэрийн аргаар ашиглахаар шийдвэрлэн Аж үйлдвэрийн яаманд шилжүүлэн өгчээ. Энэ онд цөөн ажилчинтай уурхайн цэг 300 тонн нүүрс гаргасан аж.

5. 1967.05.01
Аж үйлдвэрийн яамны шийдвэрээр бие даасан уурхайн захиргаа ажиллаж эхлэв. 15 ажилтантай уурхай төлөвлөгөөгөө 33 хувиар давуулж, 4300 тонн нүүрс олборложээ.

6. 1978-1990 он
Хэд хэдэн удаагийн тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн үр дүнд уурхайн хүчин чадал нэмэгдэж, жилдээ 120000 тонн нүүрс олборлох болжээ.

7. 1990.01.30
ТЭЗҮ
Оросын Гипрошахт хүрээлэн Тавантолгойн ордын ТЭЗҮ-г хийж, 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэйг тогтоов.

8. 1990-1991 он
Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Улаанбаатар хотын 3-р цахилгаан станцад нүүрс нийлүүлж байв.

9. 1995 он
Өмч хувьчлал
Уурхайг хувьчилж төрийн өмч давамгайлсан “Тавантолгой ХК” болгон өөрчлөн зохион байгуулав.

10. 1995 он
Орон нутгийн өмчит
хувьцаат компани
“Тавантолгой ХК”-ийг Орон нутгийн өмчит хувьцаат компани болгов. Тус компани одоо MV-000287 дугаартай 276.9 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг.

11. 1998 он
Гологдсон нь
Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Английн “BHP Billiton” компани тус бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан боловч удалгүй буцааж өгөв

12. 1999 он
Тусгай зөвшөөрөл
“Майн инфо” ХХК тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ
13. 2005 он
Хүчирхэг гэр бүлүүд
Майн инфо, Алтай трейдинг, Моннис, Шунхлай, Эм-Си-Эс, Петровис зэрэг дотоодын 14 компани хамтран консерциум үүсгэж, “Энержи Ресурс ХХК”-ийг байгуулан тусгай зөвшөөрлийг шилжүүллээ. Үүний цаана Монголын толгой хөрөнгөтнүүд байгаа нь үндсэндээ нууц биш болов. Нэг жилийн дараа “Энержи Ресурс” ХХК хайгуулын талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаар,  тус бүлэг ордод уурхайн үйл ажиллагаа эхлэх боломж бүрджээ.

14. 2008 он
С.Баярын шахалт
Олон нийтийн эсэргүүцэл, маргаан, Монголын толгой баячууд “Тавантолгой”-д эзэн суулаа гэх яриа газар авлаа. Энэ үед С.Баярын тэргүүлсэн Засгийн газар тус орд газрыг төрийн мэдэлд авахаар “Энержи ресурс” компанитай хэлэлцээр хийж эхэлсэн.  Улмаар Ухаа худаг (MV-011952) -аас бусад талбайнуудыг төрийн мэдэлд шилжүүлэв. С.Баярыг эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгсөний дараа уг хэлцлийн гол дүрийн нэг Сү.Батболд Ерөнхий сайдаар томилогдов.

15. 2007 он
Стратегийн орд
УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болов.

16. 2007.02.22
“Эрдэнэс Монгол” ХХК
Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хорооны тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК (хуучнаар “Эрдэнэс МГЛ” ХХК) байгуулагдав.

17. 2007.08.29
Түүхэндээ анх удаа нэг сая тн нүүрс экспортлов.

18. 2009 он
7.4 тонн нөөц
Норвест компанийн олон улсын ЖОРК ангилалд шилжүүлж хийсэн нөөцийн урьдчилсан тооцооллоор  300 метр хүртэл гүнд 7.4 тэрбум тн коксжих ба эрчим хүчний нүүрсний геологийн нөөцтэй нь тогтоогджээ.

19. 2010 он
Тендер зарлагдав
УИХ-ын 39-р тогтоолоор Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор хөрөнгө оруулагч шалгаруулах үүргийг Ерөнхий сайд С.Батболдод өгөв. Засгийн газраас уралдаант шалгаруулалт зохион байгуулахыг ТӨХ болон “Эрдэнэс МГЛ”-д үүрэг болгов.

20. Хойшлуулав
Шалгаруулалтанд нийт 15 оролцогч материалаа ирүүлж, хураангуй жагсаалтанд зургаан оролцогчийг шалгаруулан, хэлэлцээр хийхээр болов.

21. Хэлэлцээр бүтэлгүйтэв
Хэлэлцээрт оролцогч талууд нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тул удааширч, шийдэлд хүрч чадсангүй.

22. Төмөр зам
УИХ 32 дугаар тогтоол гаргаж 5600 км төмөр замын сүлжээг үе шаттайгаар барьж байгуулахаар шийдэв.

23. 2010 он
“Эрдэнэс-Тавантолгой” ХХК
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулав. Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийх нийт найман тусгай зөвшөөрлийг тус компанид олгожээ.

24. 2011.03.31
Хувьцаа
Засгийн газрын 98 дугаар тогтоолоор Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс-Тавантолгой” ХК -ийн 536 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болов.

25. 2011.07.14
Сонголт
Засгийн газраас иргэдэд “хувьцаагаа авч үлдэх” эсвэл “бэлэн мөнгө авах” сонголт санал болгов. Иргэдийн авч үлдсэн хувьцаа одоог хүртэл “амьгүй” байна.

26. 1072 ширхэг хувьцаа
Засгийн газрын 116 тогтоол ёсоор уг өдөр болон түүнээс өмнө төрсөн иргэд 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болов. Ингэснээр иргэд “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн хувьцааны 20 хувийг цаасан дээр эзэмших боллоо.

27. 2012.05.30
Нэрлэсэн үнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэг иргэнд ногдох 1072 хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлэн тухайн хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоов.

28. 2012.09.01
Өөрөө өөртөө хишиг
Зарим оюутнууд 2011, 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр хувьцаагаа авсан бол хүссэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хишиг хувийг бэлэн мөнгөөр олгожээ. Мөн 2011 онд ЭМД-ын шимтгэлд өөрт ногдох хувьцааны есөн нэгжийг төлсөн иргэд өдгөө 1063 ширхэг хувьцаа эзэмшиж буй.

29. “Хишиг”-ийн балаг
2012 оны сонгуулийн өмнө Сү.Батболдын удирдсан Засгийн газар Тавантолгойн зүүн Цанхийг Хятадын төрийн өмчит “Чалко” компанид барьцаалж, 350 сая ам.долларын зээлэн түүнийгээ “Эх орны хишиг” нэрээр тараав. Үндэстэн даяараа үрсэн уг мөнгийн одоо болтол төлж барагдуулаагүй байна.

30. 2013 он
Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор Тавантолгойгоос Гашуун сухайт хүрэх төмөр зам барих концессийн гэрээг цуцлаж, бүтээн байгуулалт, хөрөнгө босгох эрхийг МТЗ ТӨХК-д олгов. Хөгжлийн банкнаас замын ажилд 200 сая ам.доллар олгож, зарцуулсан ч  замаа барьж чадаагүй л байна.

31. 2014 он
Нарийн цариг
УИХ-аас Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигаар тавихаар шийдвэрлэв.

32. 2014 он
УИХ-ын 34 дүгээр тогтоолын дагуу уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэхээр болж, Засгийн газар хураангуй жагсаалтанд үлдсэн зургаан компанид урилга илгээв. Урилга илгээсэн зургаан компаниас хоёр нь оролцохоо илэрхийлэв.

33. 2014.08.24
268 дугаар тогтоол
БНХАУ-ын дарга Си Жинь Пинийн айлчлалын дараахан Засгийн газар 268 дугаар тогтоол гаргав. Уг тогтоолд тендерт ялахыг хүсвэл үндэстний компанитай хамтрах босго тавьсан юм.

34. 2014.12.10
Мега төсөл
Шинээр байгуулагдсан Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын сайд хэмээх орон тоо бий болж, М.Энхсайхан томилогдов. Сайдын ажлын чиг үүрэг нь улс орны хувь заяатай холбоотой мега төслүүдийг эхлүүлэх явдал.

35. 2014.12.21
Тендерийн ялагч
Хятадын “Шинхуа Энержи”, Японы “Сүмитомо” болон Монголын “Энержи Ресурс” компанийн хамтарсан консорциум шалгарав.

36. 2015.01.15
Засгийн газар болон тендерт шалгарсан консерциумын хооронд хэлэлцээр эхэллээ.

37. 2015.02
Гацааны удиртгал
Цагаан сараас өмнө эцсийн шийдэлд хүрнэ гэсэн хэлэлцээр сунжирч эхэлснээр улс төрийн хүчин болон лидерүүд үзэл бодлоо илэрхийлж эхлэв. Энэ дундаас УИХ-ын дарга З.Энхболдын “Үгэнд орохгүй засаг, үгэнд орохгүй сайдад УИХ арга хэмжээ авч болно л доо. УИХ-аас баталсан тодорхой хуулиуд байхад түүнээс давсан, хууль бол юу ч биш гэж явж болохгүй л дээ” гэсэн үгс хамгийн хүчтэй нь байв. Үүнээс хойш УИХ-д суудалтай олонх намууд түүнтэй ижил байр суурьтай буйгаа илэрхийлсэн.

38. 2015.02.17
ҮАБЗ-ийн зөвлөмж
Тавантолгойн асуудлаар ҮАБЗ зөвлөмж гаргав.

39. 2015.02.18
УИХ-ын Өргөдөлийн байнгын хороо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг сөхөж, иргэд хувьцааны үр ашгаа хүртэх асуудлыг хэлэлцээрт тусгаж, УИХ-д танилцуулахыг Засгийн газарт даалгав. Сайд М.Энхсайхан харин хувьцааны асуудлыг УИХ шийдэх ёстой гэсэн байр суурьтай байлаа.

40. 2015.03.06
Гацаа
Хэлэлцээр гацаанд оров. Гацаанд орсон шалтгааныг  БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компани болон манай улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн гэрээтэй холбон тайлбарлав.

41. 2015. 03.26
Урагшаа Тавантолгой
Хэсэг судлаач, эдийн засагчдын зүгээс Тавантолгойг ашиглаж шинэ хувилбарыг санал болгов. Уг хувилбарыг төр засаг хайхарч үзсэнгүй.

42. Хэлэлцээрийн үргэлжлэл
Megaproject.mn сайтад хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн эцсийн шат эхэлсэн хэмээн мэдүүлсэн нь үр дүнг нь бид үзэж амжаагүй л байна.

43. 2015 он
Талцал
Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх асуудал улстөрчдийг талцуулав. АН болон МАН, МАХН-ын удирдлагуудын зүгээс гэрээг УИХ-аар хэлэлцэхийг шаардаж буй юм. Харин зарим улстөрч уг асуудлыг хууль тогтоох байгууллагаар хэлэлцэх шаардлагагүй, УИХ-д тийм чадамж байхгүй гэсэн байр суурь дээр хатуу зогсож байлаа.

44. 2015.04.23
УИХ-д өргөн барив
Засгийн газраас Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барив. УИХ-ын Тамгын газраас баримт бичгээ дутуу бүрдүүлсэн гэх шалтгаанаар Засгийн газарт буцаасан. Үүний дараагаар Засгийн газар шуурхай хуралдаж дутуу гэгдээд байсан зургаан зүйлийн баримтыг нэмж УИХ-д дахин өргөн барьсан юм.

45. 2015.06.22
Ажлын хэсэг ба дүгнэлт
УИХ-аас гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Засгийн газраас өргөн барьсан гэрээг шалгав. Ажлын хэсэг 90 хуудас бүхий дүгнэлт гаргаж, УИХ-д танилцуулсан. Улмаар тус ажлын хэсгээс Тавантолгойн асуудлаар УИХ тусгай тогтоол батлах нь зүйтэй гэж үзэн боловсруулж эхлэв. Ийнхүү Тавантолгойн асуудал УИХ-ын шатанд гацаанд орсон.

46. 2016.05.17
Нэг жилийн дараа
Бараг нэг жилийн дараа Л.Эрдэнэчимэг тэргүүтэй гишүүд алдарт тогтоолын төслөө өргөн барьсан.  “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулна. Хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтооно” гэсэн зарчимын саналууд бүхий уг төслийг УИХ-аар хэлэлцээгүй л байна.

47. Сонгууль
УИХ-ын сонгуулийн үеэр “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Засгийн газарт худалдах “Сайн хувьцаа” арга хэмжээ арилжааны банкуудаар дамжин зохиогдов.

48. 2016.06.29
Иргэдийн хүлээлт
УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулав. Томоохон төслүүдээ хөдөлгөхийн тулд тогтвортой төр хэрэгтэй гэж үзсэн ард түмэн, Тавантолгойн асуудал дээр хоёр хуваагдаад байсан АН-д итгэл үзүүлэхийг хүссэнгүй.

49. 2016.12.09
Шинэ ажлын хэсэг
Шинэ Засгийн газраас байгуулсан шинэ ажлын хэсэг Тавантолгойн төслийг эргэлтэд оруулах анхны уулзалтаа “Шинхуа” групптэй хийв. Ажлын хэсэгт Ерөнхий сайдаас өгсөн удирдамжаас Л.Эрдэнэчимэг тэргүүтэй гишүүдийн өмнө УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийн агуулга харагдана.

50. 2017.01.06
“УИХ-аар хэлэлцүүлнэ”
Тавантолгойн 49 хувийг 400 сая доллараар зарах гэж буй тухай дуулиан дэгдэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уг асуудлыг ташаа болохыг мэдэгдэж, “Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг боловсруулсан санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлнэ. Дэлхийн үнэлэгдсэн ийм ордоо Монголын ард түмний эрх ашигт нийцэхгүйгээр шийдэхгүй” хэмээсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Энхболд эсрэг агуулга бүхий асуулгыг Ерөнхий сайдад тавиад хариугаа хүлээж байна.

http://ardiinerkh.mn/post/2235?date=159


URL:

Сэтгэгдэл бичих