Оюутолгой, Тавантолгойн төслөө зөв хийчихгүй яасан юм, та нар

16164

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлий тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа. ҮХЦ-ийн 07 дугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулсан юм. Уг өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаал цуглаанд оролцох талаарх заалтыг хасч байгаа юм.

Дараагаар нь байнгын хорооны даргыг томилох саналыг хэлэлцлээ. Байгаль орчин, хүнс, хөдөө ахуйн байнгын хорооны даргаар Л.Элдэв-Очирыг томилох саналыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.Нэр дэвшигч хүндэтгэх шалтгааны улмаас чуулганы хуралдаанд ирээгүй байдлаа. Тиймээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга  УИХ-ын гишүүн Д.Гарамжав асуултад хариулав.

 16165

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал тулгамдсан асуудлын нэг. Байнгын хорооны даргаар томилогдоод энэ асуудалд ямар арга хэмжээ авах вэ. Мөн хөдөө аж ахуйн аюулгүй байдлын асуудалд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэсэн асуулт тавьсан юм.

УИХ-ын гишүүн Д.Гарамжав:

-Өнгөрсөн жил Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо нөхөн сэргээлтийн асуудалд их анхаарсан. Бичил уурхай нэрийн доор уул уурхай рүү дайрч, ард иргэдийн тав  тухыг алдагдуулж байна. Бичил уурхай эрхэлж байгаа хүмүүсийг яах вэ гэдэг асуудал яригдаж байна.  Өвлийн бэлтгэлтэй холбоотой асуудлаар холбогдох салбарын сайд мэдээлэл хийнэ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Аймгийн ИТХ нөхөн сэргээлт нэрээр газар өгч байгаа. Гэтэл нөхөн сэргээлт нэрээр газар ухаад байна. Шинэ байнгын хорооны дарга нөхөн сэргээх нэрээр аймаг, орон нутгийн удирдлага ард нь байдаг асуудлыг нэг талд нь гаргахгүй бол болохгүй байна. Үүнд шинэ байнгын хорооны дарга эрч хүчтэй ажиллана байх.

УИХ-ын гишүүн Д.Гарамжав:

-Пүрэвдорж гишүүн үг хэлэх тоолондоо хүн гутаан доромжлох, ёс зүйгүй үг хэлдэг. Миний мэргэжил уул уурхайн инженер мөнөөс мөн. Миний өмнө нь ажиллаж байсан компанийн хүмүүсийг гутаан доромжлох эрхгүй. Байгаль орчны асуудлаар эдийн засгийн чадавхигүй, мэргэжлийн бус хүмүүстэй компанийг оруулж байна. Мэргэжлийн хяналт энэ талаар яагаад шалгалт хийхгүй байна. Нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийдэг компаниуд ороод ажиллах нь буруу байна. Нөхөн сэргээлт нэрээр олборлох үйл ажиллагаа явуулж байгаа нь буруу. Дээр нь хүний нэр төрд халдах хуультай байдаг шүү гэдгийг анхааруулъя.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ашиг сонихрлын зөрчилтэй хүн байнгын хорооны даргаар томилогдсонд шүүмжилсэн юм. Заамарыг завааруулсан хүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар томилогдсон буруутгасан. Түүнээс бус Боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдсон бол хоёр гараа өргөөд дэмжинэ.

УИХ-ын гишүүн Д.Гарамжав:

-Заамарт олон компани үйл ажиллагаа явуулж байгаа. Үнэн зөвийг нь олж хэлээрэй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Орхон голын асуудалд анхаарахыг шинээр томилогдох байнгын хорооны даргаас хүсье. Орхон голоо дөрвөн аймгийн хүн мал ундаалдаг. Зөвхөн Засгийн газар, мэргэжлийн хяналт гэхгүйгээр холбогдох байнгын хороо анхаарал тавьж ажиллах юм бол асуудал шийдэгдэнэ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Өнөөдөр байгаль орчин маш доройтож байна. Хүний буруутай үйл ажиллагаанаас байгаль сүйдэж байна. Ер нь энэ байнгын хороонд сэтгэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хүмүүс томилогддог. Энэ нь эргээд ажил явуулахад асуудалтай байдаг. Ялангуяа уул уурхайтай холбоотой асуудал хүнд байна. Бид улс орны эдийн засгийг бодолцох хэрэгтэй.

Ийнхүү асуулт тавьж, үг хэлсний дараагаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Л.Элдэв-Очирыг томилох санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Л.Элдэв-Очирыг сонголоо.  Тиймээс Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаас Д.Гарамжавыг чөлөөлөв. Үүнтэй холбогдуулан гишүүн Д.Гарамжав:

-Салбарын үйл ажиллагааг мэдэхгүй байж хөндлөнгөөс шүүмжилж, дайрч давшилж байгаа УИХ-ын гишүүдийг ойлгохгүй байна. Нөхөн сэргээлт хийж байгаа компаниудыг хамтатган шүүмжилж болохгүй. Оюутолгой, Тавантолгойн төслөө зөв хийчихгүй яасан юм, та нар. Олон удаа УИХ-д сонгогдсон гээд өөрсдийгөө хэлдэг. Үндэсний компаниудаа дайрч давшлаад байх юм. Уул уурхайн салбарт хариуцлагатай нь ч байна, хариуцлагагүй нь ч байна хэмээлээ. Харин УИХ-ын дарга М.Энхболд:

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Д.Гарамжав гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар  сайн ажилласан. Шинээр сонгогдож байгаа Л.Элдэв-Очир даргад баяр хүргэе хэмээн УИХ-ын дарга хэллээ.

Үүний дараагаар С.Жавхлан гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээр орох хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлжээ. Гишүүд уг байнгын хорооны гишүүнээр С.Жавхланг орохыг дэмжлээ.

Н.Энх

Эх сурвалж: http://www.shuud.mn/content/read/492180.htm


URL:

Сэтгэгдэл бичих