Эрүүгийн хуулинд орох өөрчлөлт

101e4a5a1ffbf956cd69312ad41b1f85Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрхтэй.  Энэ эрхийнхээ хүрээнд хуулинд өөрчлөлт оруулах боломжтой байдаг. Тэгвэл энэ эрхээ УИХ-ын гишүүн О.Батнасан эдэлж, Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан байна. Түүний барьсан төслөөр бол хүүхдэд оногдуулж буй Эрүүгийн хуулийн ял чангадаж байгаа бөгөөд хуучин Эрүүгийн хуулийн заалтыг сэргээх хэрэгтэй гэж үзжээ.

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-иар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь практикт нэлээдгүй асуудал дагуулж, 18 нас хүрээгүй хүүхдийг аль болохоор хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенци, пактын зарчимд нийцээгүй аж.

2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэмт хэргийн ангилал харгалзахгүйгээр “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, “хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зэрэг зохицуулалт байсан бол 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар эдгээрийг зөвхөн “хөнгөн гэмт хэрэг” гэж хязгаарлан, дараах байдлаар зохицуулжээ. Үүнд:

  • Эрүүгийн хуулийн 8.1 дэх “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” зүйлийн 4 дэх заалт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй”
  • Эрүүгийн хуулийн 8.6 дах “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дах хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно”
  • Эрүүгийн хуулийн 8.7 дах “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар гэмт хэргийг “хөнгөн” ба “хүнд” хэмээн ангилж буй ангилал нь насанд хүрэгсдийн үйлдэж буй гэмт хэргийн шинж чанар, хор хохирол болон бусад шинж чанарыг нь үндэслэж ангилсан ангилал бөгөөд үүнийг насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт шууд хамааруулан авч үзэх нь учир дутагдалтай. Хүүхдийн үйлдэж буй гэмт хэргийн ихэнх нь оюун санаанд нь нийгэмд харш үзэл бодол хэвшил болон тогтсоноос шалтгаалаагүй, харин тухайн цаг үеийн нөхцөл байдал, болж буй үзэгдлийг зөв үнэлж, түүнтэй холбогдуулж өөрийнхөө явуулж буй үйлдлийн нийгмийн хор уршгийг богино хугацаанд бүрэн гүйцэд ойлгож, үнэлэх дадлага туршлага, чадвар дутсантай холбоотой байдаг байна. Иймээс ч олон улсын хэмжээнд “насанд хүрээгүй хүүхдийн шүүн таслах ажиллагаа” гэх нэр томъёог хэрэглэж, гэмт хэрэгт яллагдаж, сэжиглэгдэж байгаа хүүхдийн шүүх ажиллагааг насанд хүрэгсдийн ерөнхий процессоос ялгаатай хэрэглэдэг байна.

Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй Эрүүгийн хуулийн өнөөгийн зохицуулалтыг энэ хэвээр үлдээвэл өнөөдрийн ороо бусгаа нийгмийн золиос болсон, шоронжсон хүүхдийн бүхэл бүтэн нэг үеийг бий болгох аюул дагуулах магадлалтай.  Ялангуяа өсвөр нас гэдэг бол маш онцлогтой нас, энэ бол хүний хүүхэд наснаасаа насанд хүрсэн хүн рүү шилжих бүхэл бүтэн үеийг хэлнэ. Энэ үедээ зөв төлөвшихөд нь гэр бүл, хамт олон, сургууль, нийгэм гэдэг олон зүйл нөлөөлнө. Манай улсын нийгэм, эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдал өсвөр насныхныг зөв төлөвшин тогтнох орчинг бүрдүүлж өгч чадахгүй байгаа. Ялангуяа ядуурал, ажилгүйдэл газар авсан энэ цаг үед хичнээн ч соён гэгээрүүлээд бид энэ асуудлыг арилгаж чадахгүй, нийгмийн нөхцөл байдал сайжиртал энэ асуудал байсаар байх болно. Гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийг шоронд явуулснаар хүмүүжүүлнэ гэж байхгүй, харин ч тэр хүүхэд ирээдүйд  улам л эргэлзээтэй хүмүүжилтэй, ёс зүйтэй хүн болж төлөвшин тогтнох суурийг бий болгох аюултай.

Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948 гэмт хэрэг бүртгэгдсэн ба эдгээрийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг гэсэн статистик байна. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт ажил зохион байгуулж буй хэдий ч хүүхдээс үйлдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийн гаралт төдийлөн буурахгүй байна.

Дэлхийн 193 орон, түүн дотор Монгол улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцийн 3(1) дүгээр зүйлд “насанд хүрээгүй хүний шүүн таслах ажиллагааны тогтолцооны хүрээнд хүүхдийн сайн сайхныг харгалзаж, дээдлэх ёстой бөгөөд насанд хүрээгүй хууль зөрчигчдөд авах арга хэмжээ нь түүний үйлдсэн зөрчил, тухайн хүүхдийн нөхцөл байдалтай уялдах ёстой” гэж заасан байдаг. Түүнчлэн насанд хүрээгүй хүний хэргийг авч хэлэлцэх олон улсын стандартуудад “насанд хүрээгүй хүмүүстэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх нь хүүхдийн эрх, аюулгүй байдал зэргийг хүндэтгэж, хүүхдийн нас болон тэднийг засч хүмүүжүүлэх асуудлыг анхаарах талаасаа байх ёстой” (ИУТЭОУП-ын 14 (4) дүгээр зүйл, Насанд хүрээгүй хүний эрхийг зөрчихөөс хамгаалах тухай НҮБ-ын удирдамжийн 1 дүгээр зүйл), “энэ нь хүүхдийг гэмт хэргийн хар толбоноос хамгаалах болон түүнийг шийтгэх гэхээсээ илүү засан хүмүүжүүлэх, сургах талаас нь шүүх ажиллагааг явуулах ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй” (НҮБ-ын Иргэний болон Улс төрийн эрхийн тухай Олон улсын Пакт), мөн  “хүүхдэд ял ногдуулахдаа түүний ашиг сонирхлыг харгалзан үзэх нь нэн чухал юм. Хүүхдэд ял ногдуулахдаа нэн тэргүүнд түүний сайн сайхан, засан хүмүүжүүлэх байдлыг харгалзан үзэх нь зохистой” (Хүүхдийн эрхийн конвенцийн 40 (4) дүгээр зүйл, Бээжингийн Дүрмийн 17 дугаар дүрэм) гэх зэргээр тодорхой заасан, түүнд нь манай улс нэгдэн орсон байгаа.

Гэтэл өнөөдрийн Эрүүгийн хуулийн эрх зүйн зохицуулалт нь хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулсан, түүний хувийн нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, түүнд нь тохирсон арга хэмжээ авахын оронд заавал хорих ял оноож, шоронд явуулахаар шийтгэнэ гэж зохицуулж буй нь хүүхдэд нэн харгис хандсан хэрэг болохоос гадна манай улсын зүгээс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй явдал болж байна.

Төслийн 1 дүгээр зүйлээр  Эрүүгийн хуулийн 8.6 дах “Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалт болон 8.7 дах “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалт дах “хөнгөн” гэдгийг тус тус хасч, ингэснээр мөн л өсвөр насны хүний хувийн нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, түүнд оноосон хорих ялыг хүнд, хөнгөн гэх ангилал харгалзахгүйгээр тэнсэх, хойшлуулах байдлаар шийдвэрлэх боломжийг нээж өгөх юм.

Төслийн 2 дугаар зүйлээр Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дах хэсэг дах “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгож, “хүнд” хэмээх ангилалын гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүний хувийн нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, түүнд нь тохирсон арга хэмжээ авах, заавал хорих ял оноохгүйгээр шийдвэрлэх боломжийг нээж өгнө.

Төслийн 3 дугаар зүйл нь дээрх өөрчлөлтэй холбоотойгоор орж буй редакцийн шинж чанартай өөрчлөлт болно.

Энэхүү хууль батлагдсанаар Эрүүгийн хуулийн тодорхой гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгүүлж, одоо ял эдэлж байгаа өсвөр насны этгээдэд оногдуулсан ялыг хорихоос өөр хөнгөн ял оногдуулж болох зүйл, хэсгээр зүйлчлэгдэж болох зохицуулалтын боломжийг бий болгох үүднээс “Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг дагалдуулж боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдаж, хэрэгжсэнээр улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй гэнэ.

Хуулийн төсдийг байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж олонхийн дэмжлэг авсан тохиолдолд батлах юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.