ТАКСИ: Метрополис хотын шүдний өвчин

712-1538096580LRHjlwEhnvSBDTmashinЦагийн зүү өглөөний 07:30-ийг зааж байв. Өнөөх нийтийн унаа нь байдаггүй. Арай гэж ирсэн ард түмний унаандаа сууна. Гэвч булан эргээд л урт цувааны хамгийн ард. Хэрэв ойрхон бол алхаад явах, дугуйн замтай бол унадаг дугуй унах гэх мэт сонголт байж болох. Гэвч бодит байдалд ихэнх хүмүүс такси барина. Эсвэл хувийн унаагаа сонгодог. Гэвч өнөөх л түгжрэлдээ зогсоно. Тэгвэл түгжрэлийг бууруулахад такси үйлчилгээ ямар үүрэгтэй талаар энэ удаад хөндлөө.

ЗОГСООЛЫГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОЁ
Таксинд сууна гэдэг өглөө ид ажлын цагаар тэнгэрийн од шиг ховор тохиолдол. Албан ёсны нийтэд үйлчлэх эрхтэй такси шүү. Харин хувийн унаагаараа таксинд явдаг жолооч олон бий. Магадгүй тэд энэ их түгжрэлийн гол эзэд байж болох юм. Учир нь бензиний үнэ өсөж, түүнийг дагаж ахуйн хэрэглээний барааны үнэ бага багаар нэмэгдэж байгаа энэ үед унаатай хүн бүхэн талхныхаа мөнгийг залгуулах гэж энэ ажлыг эрхэлж байна.
Үүнээс гадна хувийн унаагаараа өдөр тутам таксинд явдаг “халтуурчин” мэргэжилтэй хүн олон болж. Гар өргөн зогсох миний хажууд “sonata” маркийн авто машин зогслоо. Бид Баянбүрдийн тойргоос МУИС ортол 40 минут явж таарсан. Хэрэв түгжрэлгүй бол уг нь гурван буудлын газар. 40 эргэм насны ах хувийн тэргээрээ таван жил хүн зөөж байгаа гэнэ. Анх км зам 700 төгрөг байсан бол одоо 1,000 төгрөг болсон гэж хуучлав.
Тэрээр “Ах нь энэ тэргээрээ хүн зөөж хоолны мөнгөө залгуулж байна. Өдөржин жолоо мушгих их хэцүү. Ядаж байхад энэ их түгжрэлийг яалтай билээ. Өмнө нь зогсоол олоод зогсчихдог байсан. Сансрын тунель хавьцаа 50 гаруй жолооч зогсдог юм. Даанч өртөг нэмэгдсэнээс болоод ч юм уу, үйлчлүүлэгч их багассан. Мөн машин их болсон, зогсоол төлбөртэй болсноос болж өнөөх зогсоол дээр ажилчид машинаа тавьчихдаг. Оройноос нааш гарч ирэхгүй. Тиймээс хотоор холхиж л гар өргөсөн хүнийг авч байна” гэсэн юм.
Жолоочийн ярианаас сонсоход таван жилийн өмнө түгжрэл гамшгийн хэмжээнд хүрээгүй байж. Тиймээс зогсоол дээр 50 жолооч зогсож, ээлжлээд хүнээ авахад асуудал үүсэхгүй. Харин одоо өнөөх 50 жолооч хотын хөдөлгөөнд зэрэг оролцож байна гэсэн үг. 50 гэдэг тоо бага юм шиг сонсогдож байгаа ч энэ нь зөвхөн нэг зогсоолын тоо гэдгийг санах хэрэгтэй.
Гэтэл хотын төвийн ойролцоо хэдэн зогсоол байгаа билээ. Дөрвөн зогсоолын машин зэрэг гарахад л 200 машин зэрэг хөдөлгөөнд оролцоно. Энэ бол урт цуваа. Тэгэхээр нэгдүгээрт зогсоолын асуудлыг шийдвэл түгжрэл буурах боломж байна. Гэхдээ нэмж зогсоол барих нь зөв гарц биш юм.
Өнөөдөр Чингисийн талбай тойрсон зогсоолууд цагийн 1,000 төгрөг хураадаг. Тэгэхээр зургаан цаг ажлаа хийгээд гарсан хүн 6,000 төгрөгийг өдөр бүр төлнө гэсэн үг. Үүнийг хэн хүсэх билээ.
АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ 550 ТАКСИ БИЙ
Таксинд стандарт байх ёстой. Нэгэнт л мөнгөө өгөөд үйлчлүүлж буй зорчигчид ч шаардлага тавих нь зүйтэй. Дэлхийн жишиг ч ийм байна. Стандартын такси үйлчилгээ анх манай улсад 1990 оны эхээр нэвтэрсэн байдаг. 2003 онд такси үйлчилгээний тоо дээд цэгтээ хүрч, 61 байгууллагын 4,000 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотын 1,000 хүн тутамд 3-4 такси ноогдож байсан нь дэлхийн хөгжингүй орнуудын хэмжээнд хүрсэн гэдэг судалгаа байдаг юм байна. Харин өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 11 аж ахуйн нэгж байгууллагын 550 гаруй тээврийн хэрэгсэл такси үйлчилгээ эрхэлж байна. Ийм байхад зориулалтын такси өдрийн од шиг ховор байх нь аргагүй юм.
Тэгвэл тээврийн хэрэгслийн тогтсон стандарт гэж юу вэ. Өглөө, оройн цагаар автобусны буудлаас жижиг тэрэг хүн зөөвөрлөх нь энгийн үзэгдэл болсон. Тэд ихэвчлэн 1000-1500 төгрөгийн ханштай. Харин арын суудалдаа заавал дөрвөн хүн суулгах зорилготой. Мөн өнөөх түгжрэлээс зугтаж, зориулалтын бус замаар явах нь элбэг. Эдгээр асуудал хүртэл нарийн яривал стандарт зөрчсөн, хүний амь настай холбоотой асуудал.
Такси үйлчилгээний талаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн Хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн газрын захирал Т.Сугарсүрэн “Хувийн хэвшлийнхэн такси үйлчилгээг 20 жил нуруун дээрээ үүрч байна. Үүнийг бодлогоор зохицуулах хэрэгтэй. Халтуур хийдэг жолооч нар байгаа учир такси үйлчилгээний компаниуд ашиггүй ажиллаж байна. Зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй таксинууд тээвэр хийвэл стандартаа барина. Хувиараа тээвэр хийж байгаа хүмүүсийг торгох, хариуцлага тооцох байдлаар асуудалд хандах хэрэгтэй” гэсэн юм.
Түүний хэлснээр такси компаниуд жолооч нараас өдрийн орлого гэж 35,000 төгрөг авдаг. Харин халтуурчдын хувьд бензинийхээ мөнгөнөөс гадна 50,000 төгрөг олдог гэж байв. Тэгэхээр хувиараа хүн зөөж буй тээврийн хэрэгслийг багасчихвал, такси үйлчилгээгээ стандартын болгож чадвал замын түгжрэлээс ангижирч болох нэг арга байна.
1.4 САЯ ХҮНТЭЙ ХОТЫН ХЭМЖЭЭНД 3,000 ХҮНД Л ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРЧ БАЙНА
Тээврийн цагдаагийн албаны судалгаагаар нийслэлийн замын хөдөлгөөнд өдөр тутамд оролцож буй 350 мянган тээврийн хэрэгслийн дөнгөж 0.4 хувь нийтэд үйлчилж байгаа нь иргэд хувийн унаагаа сонгож, түгжрэл үүсгэх гол шалтгаан болж байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.  Нийслэлийн тээврийн газрын Судалгаа шинжилгээний мэргэжилтэн Н.Хонгорзул “Ажлын өдрүүдэд 948, амралтын өдөр 674 тээврийн хэрэгсэл 89 чиглэлд үйлчилдэг” гэсэн тоог бидэнд хэлж байв.
2012 оны судалгаагаар 200 мянган машин замын хөдөлгөөнд оролцож байсан бол 2018 онд энэ тоо 2-3 дахин нэмэгджээ. Жилд гаалиар 40 мянга гаруй автомашин орж ирдгийн 80 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Харин 1.4  сая хүнтэй хотын хэмжээнд 3,000 хүнд л такси үйлчилгээ албан ёсоор үйлчилж байна.
Тээврийн цагдаагийн албанаас түгжрэлийг бууруулахаар ямар ажил хийж буй тухай Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэл “Замын ачаалал ихтэй үед зарим тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнд орох явдал гардаг. Үүнийг хуулийн дагуу хяналтын камераар шүүж, торгууль, хариуцлагыг нь хүлээлгэж байна. Үүнээс гадна зарим замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, замын зорчих хэсгийг өргөтгөх зэрэг ажлыг хийж байна. Төв замын ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр сургуулийн зүүн талын замыг Цэцэг төвөөс урагш нэг чигийн хөдөлгөөнтэй болголоо” гэсэн юм.
ХУВИЙН МАШИНУУДЫГ ЗӨВХӨН ГУРАВДУГААР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧДОГ БОЛГОЁ
Тэгвэл түгжрэлтэй тэмцсэн гадна орны туршлага ямар байдаг бол Европын орнууд нийтийн тээврийг дэмжихдээ нэг, хоёрдугаар эгнээгээр автобус, такси явахыг зөвшөөрдөг бол гуравдугаар эгнээг зөвхөн хувийн машинтай иргэдэд зориулдаг. Энэ тохиолдолд гуравдугаар эгнээгээр явж байгаа зорчигчдод замын бөглөрөл түвэгтэй санагддаг учир нийтийн тээврээр зорчихыг сонгодог болохыг судалгаагаар нотолжээ.
Харин Сингапурт өдөр тутамдаа 77,794 такси хөдөлгөөнд оролцдог. Такси компани бүр өөрсдийн өнгөтэй, GPS-ээр хянагддаг. Сөүл хотод 80.000 такси өдөр тутам хөдөлгөөнд оролцдог. Такси компаниудаас гадна, хувь хүмүүст такси үйлчилгээ үзүүлэх эрх олгодог. Харин тэдэнд тусгай таксины жолооч бэлтгэх сургалтад хамрагдах, мэргэшсэн таксины жолоочийн үнэмлэх, сертификаттай болох, Таксиметр, GPS төхөөрөмж машиндаа суурилуулах шаардлага тавьдаг юм байна.
Москва хотод өдөр бүр 13,600 такси хөдөлгөөнд оролцдог аж. Нийт такси үйлчилгээний зургаан хувийг төр эзэмшиж, үлдсэн 94 хувийг хувийн хэвшил эзэмшдэг аж. Албан ёсны эрхтэй 56 такси компани байдаг бөгөөд бензинээр явдаг такси ховор гэнэ.
Эдгээр орны туршлагыг судалж, хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Түгжрэлийн эсрэг даацтай, зоримог шийдвэр гаргаж, ажил хэрэг болгохгүй бол монголчууд бид ажилдаа, гэр бүлдээ, зориулах алтан цаг хугацаагаа алдсаар байх болно.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags:

Нэр: Danna Debaecke Огноо: 12 November 2019

Сэтгэгдэл бичих