Шинэ спикерийн ШИНЭЧЛЭЛ хэрэгжих үү

73278a4a86960eeb576a8fd4c9ec6997УИХ-ын даргаар Г.Занданшатар сонгогдоод  14 хоноогүй ч, намрын чуулганыг өндөрлүүлж, билгийн тооллоос нохой жилд сонгогдож, гахай жилийг угтаад байна.

Шинэ спикер ажлаа хүлээж авснаас хойш хэлсэн үг бүртээ парламентын шинэчлэлийг дурдаж байгаа билээ. Тухайлбал, намрын чуулган хааж хэлсэн үгэндээ “УИХ-ын чуулганы танхим популизмын талбар, хэрүүлийн танхим байх учиргүй. Ард олны хүсэмжлэл, олон нийтийн санал, бодолд нийцсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоонд суурилсан парламентын мэтгэлцээн нь парламентат ёс, парламентын соёлыг төлөвшүүлэхэд гарцаагүй чухлыг бид анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүний тулд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, олон улсын парламентын зарим дэвшилт зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэтгэлцээний зарчмыг УИХ-д нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. УИХ-ын ээлжит чуулган завсарлах нь амралт биш юм. Намрын ээлжит чуулган завсарлах дөхсөнтэй холбогдуулан гишүүд амрах гэж байгаа гэх мэт буруу ташаа мэдээлэл их явж байна.

Монгол Улсын Их Хурал бол байнгын ажиллагаатай парламент. Парламентын бүрэн эрхээ чуулган болон зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлдэг. Тодорхой хугацаанд тогтмол чуулж, завсарлаж байх Үндсэн хуулийн зохицуулалттай институц. Ард түмнээс мандат авч, тэднийг төлөөлөн төрийн эрх барьж байгаагийн хувьд чуулганы завсарлагааны хугацаанд иргэд, сонгогчидтойгоо ойр ажиллаж, ард иргэдээ сонсож, УИХ-аас баталсан хууль, тогтоомж, бодлогыг тайлбарлан таниулах ажил хийх нь Та бидний үүрэг байх ёстой. Мөн чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, сонгуулийн хууль тогтоомжийн шинэчлэл, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох чиглэлээр холбогдох хуулийн төслийг эцэслэн боловсруулах чиглэлд ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг сайтар хангаж ажиллахыг үүрэг чиглэл болгож байна. УИХ хууль тогтоох бүрэн эрхээс гадна хянан шалгах бүрэн эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр илүү санаачилга гаргаж ажиллах шаардлагатай гэж үзэж байна” хэмээн онцолсон.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох талдаа шилжсэн, сонгуулийн жилийн өмнөх  энэ онд эрх баригчид хүчний мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр улсын төсөвт ч  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад чиглэсэн томоохон ажлуудыг тусгаж, санхүүжилтийг зоригтойгоор тусгасныг Сангийн сайд мэдээлэл хийх болгондоо дурддаг. Тиймээс энэ жил улс орон даяар бүтээн байгуулалтын ажлууд тодорхой хэмжээнд өрнөх нь дамжиггүй. Харин парламентын түвшинд шинэчлэл хийгдэх эсэх нь спикерээс гэхээсээ эрх баригч хүчнээс хамаарна.

Энэ цаг үед байтугай өмнө нь ч УИХ-ын гишүүд байнгын хороо, чуулганы танхимд гэхээсээ телевизийн камер, хэвлэлийнхнийг өөдөөс харж, чанга дуугаар  олон нийтийн төлөө чиглэсэн, хэн нэгнийгээ шүүмжилсэн үг хэлсээр ирсэн. Өнөөдөр энэ нь  ердийн үзэгдэл болсон төдийгүй эрх ашиг нь нийцээгүй бол өрсөлдөгч нэгнээ гүтгэх талбар болоод байгаа. Сүүлдээ олон нийт хэн нь үнэн, хэн нь худал ярьж, хэн нь гүтгүүлж, хэн нь гүтгэгдээд байгааг ч ойлгохоо байтал бие биенээ хэмлэлцэж, парламентын танхим, Төрийн ордныг популизмын талбар болгож байгаа нь гашуун үнэн.  УИХ-ын гишүүдийн ийн дураараа авирлах асуудал бүрэн эрхэд нь тусгаагүй ч, “УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага  хүлээхгүй” гэсэн заалтыг урвуугаар ашигласаар байгаа.

Нөгөөтэйгүүр намрын чуулганы төгсгөлд “УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлөх”  Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрлөлтийн тухай хуулийг батлан, хэрэгжүүлж, М.Энхболдыг УИХ-ын даргаас нь чөлөөлсөн. Хуулийн энэ заалтыг хүчингүй болгох асуудлыг зарим гишүүдийн зүгээс тавьж байгаа. Анх хуулийг хэлэлцэх үед төрийн дархлааг сулруулж байна гэсэн шүүмжлэл өрнөсөн хэдий ч эрх баригч хүчний олонх давуу эрхээ эдлэн батлуулсан. Харин одоо хүчингүй болгох асуудлыг тэд дахин сөхөхгүй байна лээ. Хэрвээ байнгын ажиллагаатай парламентыг дахин урт хугацаагаар гацаахгүй, төрийн дархлааг сулруулахгүйгээр сайжруулъя гэж зоригловол дээрх хуулийн заалтуудаас шинэчлэлээ эхлүүлүүштэй.

Гэвч  УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуулийн заалтыг чангаруулж, эдлэх эрхээ хумих сачий хүрэх байтугай санаа ч төрөхгүй биз ээ, гишүүдэд.

Хуулийн хүрээнд дээрх асуудлууд байгаа нийгмийн хүлээлт ЖДҮчин гишүүдтэйгээ хариуцлага тооцохыг  шинэчлэл хийх шинэ спикерээс сонгогдсон цагаас нь шаардаж, харж байгаа. ЖДҮХС-гаас эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан зээл авсан гишүүд, тэр дундаа “давхар дээл”-тэй сайд нартаа хариуцлага тооцох асуудал УИХ-ын даргын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжих юм. Намын даргаараа удирдуулсан, 100 хувь парламентын гишүүдээс бүрдсэн гүйцэтгэх засаглалдаа чиглэл өгч ажиллах нь УИХ-ын даргын бүрэн эрх, мэдлийнх. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийг хүртэл  Засгийн газартаа чиглэсэн хариуцлагын талаарх ганц ч үг ган хийгээгүй байгаа нь басхүү хачирхалтай.

Ямартай ч УИХ-ын шинэ даргыг хэрэгжүүлэх парламентын шинчлэл хэрхэн явагдахыг харж байя.

Н.Энхбат

http://www.shuud.mn/a/505684


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.