Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ

476

Төрсөн өдрийн баяр нь хүүхдэд онцгой сэтгэгдэл төрүүлдэг. Ялангуяа эцэг эхчүүдэд үрстэйгээ хамт байх нь хүүхдэд насан туршийн дурсамж үлдээдэг билээ. Харин орчин цагийн завгүй эцэг эхчүүдэд төрсөн өдрөөр нь цаг зав гаргах нь төдийлэн ховор.

Тэгвэл Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын дарга Э.Жавхлан өөрийн байгууллагын албан хаагчдад хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ. Тэрбээр энэхүү санаачилгыг хувийн болон төрийн байгууллагууд ч гэсэн хэрэгжүүлэхийг уриалсан байна.

Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын дарга Э.Жавхлан аймгийнхаа хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, салалтыг бууруулах зорилго тавин ажиллаж буй.

Түүнээс энэ талаар тодруулахад “Хүн үр хүүхэддээ зориулах гэж, хангалуун сайхан амьдруулах гэж л ажиллаж байгаа шүү дээ. Эцсийн зорилго нь гэр бүлдээ зарцуулах гэж мөнгөний төлөө зүтгэж байгаагаа мартчихдаг тал бий. Өнөөдөр хүүхэд, мөнгө хоёрын байр нь солигдчихож. Байр нь солигдчихсон болохоор гэр бүлдээ зарцуулж буй цаг хугацаа нь хомсдож, гэр бүлийн уур амьсгал хөндийрч эхэлж байгаа юм. Ажил ажил гэж явсаар байгаад хүүхдийнхээ хүүхэд насыг харахгүй өнгөрөөчих вий дээ, хүүхэддээ өөрийнхөө залуу насыг харуулалгүй өнгөрүүлчих вий дээ гэж боддог.

Саяхан нэгдүгээр ангид орж байсан хүүхэд маань одоо сургуулиа төгсөж байна, ямар хурдан юм бэ гээд л бахархах, халаглах хоёрын хооронд ярьж буй хүмүүс их бий. Хүүхдэд эцэг эхийнх нь анхаарал халамж л хэрэгтэй. Хүүхэддээ цаг гаргадаг эцэг эхчүүд л хүүхэдтэйгээ ойлголцдог, шийдвэр гаргахад нь тусалж дэмжиж, ойр дотно байдаг. Тиймээс уг шийдвэрийг гаргасан” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.