Ерөнхий сайдаас асууя, “Саарал жагсаалт”-ын гол буруутан нь ТЕГ-ын дарга мөн үү?

6675

Эдийн засагт бохир мөнгө ихээхэн хэмжээгээр эргэлдэж байгаа. Ийм хэргүүд иргэдэд сөрөг нөлөө үзүүлж, хөлд нь улс орон, эгэл ард түмэн сөхөрч байна. Монгол Улс бохир мөнгөтэйгээ тэмцэх ёстойгСанхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэгч Oлон улсын FATF байгууллага сануулсан ч, манай эрхэм дээдсүүд үл тоож, Монгол Улс Саарал жагсаалтад бичэгдээд авсан. УИХ улсын төсөв хэлэлцэж буй энэ үед Саарал жагсаалтад оруулсан буруутай албан тушаалтнууд нэрлэгдсээр л байгаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар 10-аад хоногийн өмнө Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг буруутнаар нэрлэсэн. Хэвлэлүүд мөн Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг буруутайд тооцож байгаа.

Бохир мөнгө эргэлдүүлдэг гэмт хэргийг хяналтандаа авч, санхүүгийн системийг цэвэршүүлэх асуудал нь өөрөө Үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг. ҮАБ нь Тагнуулын байгууллагын хамааралд байдаг. Бохир мөнгөтэй тэмцэх ажиллагаа нь өөрөө Эрүүгийн хуулийн тодорхой заалтууд болон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хамаарлаар ч Тагнуулын байгууллагад харьяалагдаж байгаа.

Эрүүгийн хууль(Шинэчилсэн найруулга)

Ерөнхий анги

 

Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах эрхтэй байгууллага нь ТЕГ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлдтов тодорхой харьяаллыг нь заагаад өгсөн байгаа. Энд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргүүд тагнуулын мөрдөн шалгах газрын харьяалалд байна аа гээд цагаан дээр хараар бичжээ.

Манай улс “Саарал жагсаалт”-д орох болсон 4 үндсэн шалтгаанд:

  1. Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй.
  2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй.
  3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоог хангалттай ажиллуулаагүй.
  4. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллаагүй гэсэн асуудлууд багтаж байгаа. Энэ дөрвөн шалтгааны гурав нь Тагнуулын байгууллагын хамааралд байгаа юм.

Монгол Улс Саарал жагсаалтад багтсаны бурууг хүлээх ёстой албан тушаалтнууд яригдсаар буй ч тэдний дунд ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн нэр дуулдахгүй байгаа. Сураг дуулбал ТЕГ-ын даргыг нутгийн дүү УИХ-ын дарга Г.Занданшатар арьсаараа хамгаалж, авч үлдэх бүх зүйлийг хариуцаж байгаа гэнэ. УИХ-ын дарга Д.Гэрэлийг уснаас хуурай авч үлдээд, Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга хоёрыг золиослох гэж буй бололтой.

ТЕГ-ын дарга Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дэд дарга нь юм. Саарал жагсаалтын дөрвөн ноцтой шаардлагын гурав нь энэ газарт хамаарч буй. Монгол Улс Саарал жагсаалтын дохио авсан 2019 онд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” аравхан хэрэг шалгасан гэж Прокурорын байгууллага мэдээлээд байгаа.

Хэрэг шалгах ажиллагаа ийм хангалтгүй, бохир мөнгөтэй тэмцэх онцгой эрхтэй энэ газар ажлаа хангалтгүй хийснээр Монголчууд дэлхийд ганцаардаж эхэллээ. Ерөнхий сайдаас асууя. Монгол Улсыг Саарал жагсаалтад багтаасан буруутай этгээдийн нэг нь ТЕГ-ын дарга юм биш үү. Энэ албан тушаалтан хариуцлагаас мултрах эрхтэй юу?


URL:

Нэр: Зочин Огноо: 2 November 2019

Эдийн засаг санхүүгийн аюулгүй байдал бол улс орны хамгийн гол асуудал үүнийг хариуцахгүй юм бол тагнуул гэж байгаад яах юм ТЕГ гэж байгаад яах юм татан буулга

Сэтгэгдэл бичих