Тууз хайчлах дон

  • 6774
  • Аливаа арга хэмжээнд тууз хайчлах гоё үзэгдэл, тухайн даргыг сайхан харагдуулна гэж боддог бололтой юм, манай удирдах албан тушаалтнууд. Шав тавих, тууз хайчлах ёслолд бүх л дарга нар өнгөтэй, өөдтэй хослол өмч ирээд л сүр бараагаа гайхуулдаг гэхэд болно.
  • Гаж дон гэдгийг Кэмбрижийн толь бичигт тайлбарласнаар үр дүнгүй зүйлийг дахин давтаж, түүндээ итгэхийг хэлдэг байна
  • Хүрз шороо ч нэмэрлээгүй байж ажил дуусахаар түмэн амьтны замыг хааж тууз хайчлах гэж ирдэг дарга нар сэтгэхүйгээ өөрчлөх цаг болжээ.

Тууз хайчлах нь олдмол солиорлын нэг хэлбэр” хэмээн Канадын судлаач Хон Чень хэлснийг онцолъё. Налайхын зам ашиглалтад орж, нийслэлд нэгэн том бүтээн байгуулалт бослоо. Нийслэлийн түүхт ойгоор нээх ёстой байсан замыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр хойшлуулсаар арваннэгдүгээр сарын 4-ний өдөртэй золгосон. Гол шалтгаан нь замын тэмдэг, тэмдэглэгээ дутуу учраас бүрэн гүйцэт дууссаны дараа нээхийг үүрэгджээ. Зөв л шаардлага тавьжээ, тэр. Гэвч өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийхдээ ажил нь бас л дутуу, дулимаг байлаа. Иргэдэд худлаа хэлсэн мэт сэтгэгдэл үлдээхгүйн тулд арваннэгдүгээр сарын 4-нд замыг хүчээр нээсэн. Харин дарга нарыг явсны дараа буцааж хаагаад дутуу ажлаа дуусгахаар үргэлжлүүлсэн гэдэг. Болж өнгөрсөн процесс ердөө л энэ. Шинэ зам, гүүр барихын давуу тал, ач холбогдол мэдээж их. Налайхын шинэ зам бүрэн ашиглалтад орлоо гэхэд алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм. Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамыг 60 жилийн дараа шинэчилж байгаа нь энэ. Тус замаар өдөрт 18-30 мянган автомашин зорчдог. Түр замаар зорчиход иргэд хотын төв рүү орохдоо хамгийн багадаа 120 минут зарцуулдаг байсан бол шинэ замыг нээснээр цаг хугацаа хэмнэх чухал ач холбогдолтой. Нэгэнт бүх ажил дууссаны дараа нээхийг үүрэгдсэн атлаа дуусаагүй замыг хүчээр шахам нээж сүүн цацал өргөж, тууз хайчилж хэлбэрдэх хэрэггүй байлаа, Ерөнхий сайдаа. Тэнд чинь замын бордюр хийх, тэмдэг тэмдэглэгээ хийхээс эхлээд өчнөөн дутуу ажил байна билээ. Тууз нь амбиц ихтэй “Онц хүнд өвчтөн”-үүдийн албан тушаалаараа аархсан хэлбэрдэлт боллоо. УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан дөрвөн метр хүрэхтэй үгүйтэй үерийн далан дээгүүр тавьсан гүүрний тууз хайчилж олныг гайшруулж байсан, алдарт Арслантай гүүрний “Шээдэг оргилуур”-ыг бас хотын эрхтэн дархтанууд тууз хайчлан нээсэн гээд энэ супер домог дуусашгүй цуварна. Замын уулзварууд бүр тууз хайчлах хамгийн том шалтгаан. Нарийн байсан замыг бага зэрэг өргөсгөөд л тууз хайчилдаг болчихож, манайхан. Хэдийгээр бүтээн байгуулалт хийж байгаа нь сайн ч манай дарга нар “тууз хайчилж, ууж идэх”-ийн дон тусжээ. Гүүр, зам дээр асар засаж, хэдэн дарга нарын үг хэлэх индэрийг бэлдэж, сандал тавьсан байдаг. Түүнийг дагаад тэдний ажлыг сурталчлах зорилготой хэвлэлийн төлөөлөгч нар нь цуглаастай.Гэвч нэг талд нь автозам түгжирч байхад нөгөө талд нь дарга нар “Агуу зүйл хийсэн” гэдгээ зарлаж суух нь юутай гаслантай. Тэд ямар сэтгэхүйн хэм хэмжүүрээр аливаад хандаад байгаа нь ер тодорхойгүй. Угтаа бол бидний үлгэр жишээ авч, хөгжлийг нь гайхан шагшдаг япончууд хэзээ ч гүүр барьчихаад тууз хайчилж зогсдоггүй. Тэд хамгийн түрүүнд ард иргэдээ бодож хийсэн бүтээснээ хурдан ажиллагаанд оруулахыг эрмэлздэг аж. Гэтэл нөгөө юм үзэж, нүд тайлаагүй гэдэг шиг манайхан юуны ч туханд хүрэлгүй өөрсдийгөө дөвийлгөж, сайн сайхан харагдахаа урьтаж бодох юм. Чухам төрийн ордон болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийн эрх ашгийг нэгт тавина гэж ярьдаг Ерөнхий сайд маань хүртэл инээчихсэн, хэдэн хөгшнөөр өөрийгөө тойруулчихсан л явж байх жишээний. Агуу хэлбэрдэлт гэж энэ. Их хотын хувьд зүгээр л нэг зам, гүүр барьчихаад түүнийгээ нээх гэж бөөн сүр  бадраана. Аливаа арга хэмжээнд тууз хайчлах гоё үзэгдэл, тухайн даргыг сайхан харагдуулна гэж боддог бололтой юм, манай удирдах албан тушаалтнууд. Бас шав тавих ёслолд бүх л дарга нар өнгөтэй, өөдтэй хослол өмч ирээд л сүр бараагаа гайхуулдаг гэхэд болно. Ажил, мэргэжлийн талаар зөвлөлдөх гэхээр олддоггүй тэд тууз хайчлах ёслол дээр ямар ч хамаагүй аргаар өөрийн биеэр оролцохыг эрмэлзэнэ. Тууз хайчилж, бэлдүүлж авсан часхийсэн таван үгээ минутын уншлага уншиж байгаа мэт уншчихаад сүрийг бадруулан алхах дарга нар Монголоор дуусах болтугай. Хоцрогдсон сэтгэхгүй, хоноцын сэтгэлтэй удирдлагууд нэгийг бодно биз. Шинэ зам тавилаа гэхэд заавал хааж тууз хайчлах шаардлагагүй гэдгийг анхааралдаа аваарай. Дэлхийн хамгийн соёлтой жишгээс суралц. Битгий баруун Африкийнхан шиг аашил. Эцэст нь хүрз шороо ч нэмэрлээгүй байж ажил дуусахаар түмэн амьтны замыг хааж тууз хайчлах гэж ирдэг дарга нар сэтгэхүйгээ өөрчлөх цаг болжээ. Монгол Улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө хийх ёстойгоо  л хийж буй дарга нар албан тушаалаа, эрх үүргээ мэдрээд тууз хайчилдаг хэнхэглэлээсээ сална гэдэг эргэлзэхгүй байна.  Эрүүлээр хүлээж аваарай, дарга нар аа.

Нийтлэлч Б.Мөнхзул

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин


URL:

Нэр: Jamey Greydanus Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.