Нуур цөмөрч автомашинтайгаа живж, амиа алджээ

15752549935de47bd15de5cБаян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн “Даяннуур” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 148 км-т, тус аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн 6 дугаар заставын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан “Стивр” загварын том оврын ачааны автомашин “Даяннуур”-ын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч автомашин /1 зорчигчтой/ живжээ.

Ослын тухай дуудлагыг 2019.12.01-ний өдрийн 05:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 8 алба хаагч, Хилийн 0165 дугаар ангийн 4 алба хаагч, тус багийн Засаг даргаар ахлуулсан 50 иргэн, нийт 62 хүн, 6 автомашин, 2 мотоциклтой 16:30 цагт очиж, тус нуурын баруун урд эргээс 400 м-т, 3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, мөн өдрийн 17:30 цагт тус сумын харьяат иргэн А /25 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Иргэд зам товчлох, цаг хожих зэргээр гол мөрний мөсөн дээгүүр мал тууварлаж, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчих тохиолдол гардаг. Гэтэл гол мөрний мөсний зузаан харилцан адилгүйн улмаас мөс цөмөрч, улмаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гардаг байна.

Хэдийгээр гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих