Зоргол хайрханы хэвлийг хятадууд ухаж, сэндийчиж байна

_RMN820512
“Миндуотайди”-д 30 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл өгчээ

 Монгол Улсын нутаг дэвсгэр гэдэг яндаж болшгүй далай шиг яасан ч баян юм бэ дээ. Ашигт малтмалаа ашиглах туршлагагүй, эх орончийн халуун амь нь “тасарч” яваа эрх дархтнуудтай энэ цаг үед газрын хэвлий дэх энэ их баялаг сүйрэл дагуулах урхагтайг 21 аймаг 330 сумаас харж болохоор байгааг энд зориуд онцлоё. Хүрз бариад, мөнгөө халааслаад, Монголыг зоригч өмнөдийн компаниудад Монголын уул уурхай, ашигт малтмал, газрын тосны салбар бүхэлдээ бөхийжээ. Монголын газар нутаг дээр эзэн нь мэт авирлаж, мал, малчин хоёрыг бэлчээр, усгүй болгох тэдний түрэмгийлэл хаа сайгүй байна. Бид өнгөрсөн амралтын өдрөөр орон нутаг дахь уншигчийн гомдол, саналын дагуу Төв аймгийн Баян-Өнжүүл сумыг зориод ирлээ. Өнжүүлд дэлгэр сайхан зун болж, намрын налгар өдөр айлсжээ.

Сумынхаа төвөөс баруун урдхан зоосрон цайрах Зоргол хайрхны урд энгэрт энэ зун арав орчим айл зусаж байна. Нутгийнхан Зоргол уулаа Их хайрхан гэх бөгөөд хайрхнаас урагш 2-3 км-т орших уулсаа Бага хайрхан гэх аж. Малчдын хэлж заншсан Бага хайрхны хормойд “Миндуотайди” гэх урд хөршийн 100 хувийн эзэмшилд ажиллах гянтболдын хайгуул, олборлолтын компани бууриа засжээ.

Биднийг тус уурхайгаас холгүйхэн зусаж байгаа малчин А.Эрдэнэбаатар гуай тосов. Тэрбээр “Сум ойрын арван жил дотор нэлээд эзгүйрсэн. Мал, малчин хоёр оторлож, жилийн дөрвөн улиралд нутагтаа тогтохоо больсон. Энэ зун коронавирусийн улмаас Их, Бага хайрхнаа бараадаж арав гаруйхан айл зусаж байна. Урд жилүүдэд ингэж олноороо зусдаггүй байлаа. Бага хайрхны бэл, Зоргол хайрхны  хэвлий гэж хэлж болох энүүхэн хойхно ажиллаж байсан гянтболдын уурхай өнгөрсөн хавраас айхтар өвчнөөс болж түр зогссон. Энэ уурхай зогсохтой зэрэгцэн малчид зусландаа гарсан. Уурхай зогссоноос ч болов уу, үнэхээр энэ зун олон жилийн дундажтай харьцуулахад хур тундас элбэг байв уу, Өнжүүлд үе үе бороо ороод, ногооны гарц сайн байна.

Манайх 400 орчим малтай. Хэдэн малаа бараадаад өнгөрсөн өвөл оторлосон. Хойд уурхай үйл ажиллагаагаа эхэлчихээр л Өнжүүлд бороо орохоо больдог юм. Гахайн толгой, дов сондуул шатаачихдаг гэж сонссон. Үнэний ортой байх. Уурхайн ойр орчимд ургасан довын толгой юу ч үгүй харлачихсан байсныг малчид үзсэнээ ярьдаг юм. Сумын төвөөс уурхай хүртэлх 23 орчим км-т өндөр хүчдэл татсан. Бодвол гэрэл, цахилгаангүй бол ажил нь бүтдэггүй бололтой юм билээ” хэмээн ярих түүний чин хүсэл нь бэлчээр, ус нутгаа аврах гэв.   Дэлхийн зах зээл дээр үнэ нь өссөөр, стратегийн гол бүтээгдэхүүн болсон гянтболд буюу вольфрам нь ган хатуулаг өндөртэй, бат бэх, хялбар хайлдаггүй, өөрөө өөрийгөө ширгээдэг, хүчилд тэсвэртэй чанараараа онцгой, үнэд хүрдэг. Атомын зэвсэг, сансрын техник, сэлэм, бинзен, чийдэнгийн гол хийх үндсэн түүхий эд болдог учир манай урд, хойд хөрш гянтболдод мөнгө хайрладаггүй гэж байгаа.

Тэгэхээр Өнжүүлийн иргэдийн төдийгүй, монголчуудын хоймортоо тахин шүтэж, тахилга, тайлга хийдэг Зоргол хайрхны хэвлийд бууриа засчихаад, авдрыг маань чимээгүйхэн ухаж, урагшаа тонн тонноор нь вольфрам гаргах эрхийг тус компанид тэртээ 2007 онд олгожээ. Өөрөөр хэлбэл, 13 жил Өнжүүлийн хөх бэлүүг шаахайтнууд “долоожээ”. Ингэхдээ сорчлон ухаж, газрын гүнд тав орчим км-ийн урттай коридор үүсгэсэн байдгийг тус уурхайд дөрвөн жил ажилласан иргэн Б.Цолмон ярилаа.

ХӨРС НУРЖ БОЛЗОШГҮЙ ХЭМЭЭН БАЯН-ӨНЖҮҮЛИЙГ НҮҮЛГЭЖ БАЙЖЭЭ

Төв аймгийн нутаг дэвсгэрийн 511 мянган га талбай өдгөө уул уурхай, ашигт малтмалын “ач буянаар” сүйдээд байна. Аймгийн хэмжээнд ашиглалтын 290, хайгуулын 163, нийт 453 тусгай зөвшөөрөл 2016 оны жилийн эцсийн байдлаар хүчин төгөлдөр бүртгэлтэй гэсэн дэлгэрэнгүй судалгаа миний өмнө дэлгээтэй байна. 2016 оноос өнөөдрийг хүртэлх нарийн тоо хараахан алга. Тэгэхээр албан ёсны дээрх баримтыг үндэслэл болгох нь зүйтэй болов уу. Дээрх бүртгэлийг нарийвчлан үзвэл, олборлолтын үйл ажиллагаа явуулах алтны орд ашиглах 47, нүүрсний долоо, барилгын чулууны  гурав, гянтболдын хоёр, дайргын гурав, шохойн чулууны гурав, жоншны нэг, молибдений нэг, битумын нэг, төмрийн нэг, нийт 69 төсөл Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээ сүүлийн арван жилд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох нэгжээр батлуулж байжээ.

Ингэхдээ  Алтанбулаг, Архуст, Баян-Өнжүүл, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Лүн, Сэргэлэн сумдад ашиглах, олборлох чиглэлийн тусгай зөвшөөрлүүд хэрэгжжээ. Үүнээс Баян-Өнжүүл дэх гянтболдын уурхайн түүхийн эрэлд гарав. Ямар хэмжээний нөөцтэй вэ, хэзээнээс сумыг нь нүүлгэв, ямар учраас хаагдсан уурхайг урд хөршийнхөнд ашиглуулах болов, орон нутагт хэчнээн хэмжээний татвар төлдөг, уурхайд ажиллах хятад иргэдийн тоо зэргийг хайв.

Бидэнд олдсон мэдээллээр 1962 онд тус сумын нутагт орших Их хайрханд 170 метр урттай гянтболдын эрдэсжилт бүхий судлыг олжээ. Улмаар далд хэлбэрээр ашиглаад, 1965 онд дуусч байжээ. Хөрсөн доогуур нь тунельдэх байдлаар олборлолт хийж байсан учраас хөрсний ус гарсан, нуранги үүсэх аюултай, хөрсний нуралттай гэсэн шалтгаанаар хуучин уурхайн дэвсэгт байгуулагдсан  сумын төвийг нүүлгэснээр өнөөгийн Баян-Өнжүүл уурхайгаас 20 гаруй км-ийн зайд суурьшжээ. Ингээд хуучин уурхайн орчимд  хүн мал унах, хөрс нурах  аюултай тул хаагдаж байжээ. Ингээд 2007 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Л.Болдын гарын үсэгтэй, Ханан Өнжүүл орчмын 144 гектар  талбайг “Миндуотайди” компанид 30 жилийн хугацаатайгаар ашиглуулахыг зөвшөөрсөн 12277А дугаартай зөвшөөрлийг гаргаж өгч байжээ.

Нутгийн малчид “Миндуотайди” гэх компани тухайн уурхайг сүүлд буюу 2018 оноос худалдаж аваад, гэрэл цахилгаан татах, ажилчдын байр барьж тохижуулах ажил өрнүүлсэн гэж байгаа ч дээрх компанийн тухайд эзэн холбогдогч, хуулийн этгээдийн нэр, хаяг нэгээхэн ч өөрчлөгдөөгүй байгаа юм. “Миндуотайди” гэх 100 хувь хятад компанийн тухайд зураг төсөл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2006 оны есдүгээр сарын 12-нд үүсгэн байгуулагджээ. Компанийн гүйцэтгэх захирал нь Zeng Yangwei гэх иргэн байна. Ингэхдээ 50 хятад ажилчинтай гэдгээ мэдэгджээ. Сумын төвийг нүүлгэн байж уурхайг харийнханд ашиглуулах эрхийг хэн олгов гэсэн асуулт ургана.

ХҮҮШИЙН АМЫГ НЭВТЭЛСЭН КОРИДОР ЗОРГОЛ ХАЙРХНЫ ХЭВЛИЙ ЮМ АА

Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэн, Улсын арслан, гавьяат дасгалжуулагч Лувсанчимэдийн Сосорбарам, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Монгол Улсын тэргүүн дээд “Чингис хаан” одонт, МУГЖ Ганбаатарын Ариунбаатар гээд энэ нутгаас төрөн гарч, Зоргол хайрхны хормой бэлээс адис хүртэж дэлхийн тоонот болтлоо алдраа дуудуулсан алдартны нэр энэ мэт хөвөрнө. Энерги эрчим нь тийм гэхийн тэмдэггүй хуралдан дүнхийх их хайрхны хэвлийн тус газар харийнхны хүрз, жоотуу өдөр шөнөгүй тачигнасаар өнөөдөртэй золгожээ. Энэ тухай нутгийн малчин Б.Цолмон ийн ярилаа.

“Гянтболдын далд уурхай ажиллаж байгаа хайрхан Хүүш, Ханан гэсэн хоёр амтай. Гэтэл газар доор малтаж, ухсан тунель нь нэг амнаасаа нөгөө амтайгаа нийлдэг юм. Би нэг удаа явж үзсэн. Ер нь хэр хол явахыг нь харъя гэж бодсон. Гэтэл уулын тэхий дунд орчимд очтол дундаа нурчихсан, явахын эцэсгүй болчихсон байсан. Нутгийн малчид хэд хэдэн удаа очиж уулзахад “Бид олборлолт хийгээгүй. Бэлтгэл ажил хийж байна” гэсэн. Гэхдээ хэд хэдэн бутлуур ажилладаг байсан. Энэ жил цар тахал гээд ажилчдаа нутаг буцаасан байх. Өвчин намжингуут л өдөр шөнөгүй ажиллаад эхэлнэ. Техник, тоног төхөөрөмж, гэрэл цахилгаан, ажилчдын байр сав гээд бүх орчин нөхцөл нь бэлэн болчихсон. Ирэх хавраас энэ компани ажиллаад эхэлбэл нутгийн малчид, орон нутгийн залуус тэмцэнэ. Өнжүүлийн айл бүрийн хойморт тахигдаж байдаг Их хайрхнаа бид нутгийнхаа тэргүүн юм гэж үзвэл Хүүшийн ам, Хананы ам нь Өнжүүлийн хэвлий.

Нутаг усныхаа хэвлийг ухуулж, төнхүүлээд суух хэн ч байхгүй. Ямар том эрх мэдэл үйлчлэхээр сум, орон нутгаас өндөр хүчдэл татаж байгаад баялгийг нь сорчилдог юм бэ. Өнжүүлд өнөөдөр залуус бүү хэл малчид суурин амьдрах тохь тух алга. Үсчин, халуун ус, цайны газар, сургууль, цэцэрлэг, өрхийн үйлдвэрлэл, ажлын байр алга. Улаанбаатараас 150 км алслагдсан суманд хүн амьдрах таатай нөхцөл бүрдээгүй хэрнээ харийнхан үүрлэх боломжийг олгож суудаг эрх мэдэлтнүүд Монголд байгаа цагт ашигт малтмалаасаа жинхэнэ эзэд нь ашиг хүртэхгүй” гэдгийг хэллээ.

Үнэхээр ч тийм билээ. Өдгөө дан ганц Баян-Өнжүүл уул уурхайн урхагаар сум, суурин нь эзгүйрээгүй. Монголд эзэнгүй мэт сум, ус нутагтаа ээлгүй дарга нар орон нутагт том том хар машин хөлөглөөд, зун, намрын налгар өдрийг амралт зугаалга хэсэн өнгөрүүлж байна. Биднийг тус суманд бууж мордох үеэр сумын удирдлагуудаас нэг нь ч байсангүй. Сураглавал, бүгд амарчээ. Эл хульхан Өнжүүлд энд тэнд анир үргээж мотоцикл хөлөглөсөн залуус л үе үе үзэгдэнэ. Жилийн аль ч цагт ажил ундарч, хөдөлмөр буцалдаггүй, чимээгүй хот шиг суурингуудаа эзэнтэй болгохгүй бол “Миндуотайди” мэт компани уул толгод бүхэнд минь эзэн суух цаг удахгүй нь ээ.

Хөмүүл таанын үнэрт тансагхан хөдөөд минь цагаан тоос бургиулаад, шаахайтнууд даварч байхыг үзэх шиг эмгэнэл энэ зуунд үгүй. Уул уурхай шүтсэн харанхуй мунхаглал дунд ус нутгаа алдаад дуусах нь дээ гэх айдас өөрийн эрхгүй сэтгэл түгшээж байлаа. Ай хөөрхий, тэргэл саран туулж барахгүй хээр хонодог, тэнгэрийн хэвтэр буурал талаа залуус хамгаалах цөстэй л байгаасай гэж залбираад, Улаанбаатарын зүг жолоо мушгив.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL: