АН журмын нөхдийнхөө халаасыг “сэгсэрдэг” даргатай нам юм гэж үү

16012140805f709680a1159Сордог элсэнд цээжээрээ хүртэл шигдчихсэн АН руу аврах олс шидчих хэн нэгэн алга бололтой. Харин ч эсрэгээрээ унасан дээр нь дэвслэх увайгүй хүмүүсээр энэ нам дүүрчихэж. Удирдлагуудын буруу бодлого уруудахад нь өшиглөх хүмүүсийг бэлтгэв үү. Эсвэл уруу татах хүмүүсийг энэ намд оруулж, дотроос нь “өтүүлэв” үү. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ гэгч нөхөр мэдээлэл хийж, унасан намаа дээрээс нь дэвслэв. Тэр дундаа намын өмнөх дарга, одоо үүрэг гүйцэтгэж байгаа хоёр даргын хооронд ноцтой асуудал үүссэнийг хэлэв. Тодруулбал, намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан намд Аудитын шалгалт оруулсан гэж тэрбээр ярьсан. Шалгалт оруулахад, намын сонгуулийн төсвөөс 2-3 тэрбум төгрөг дутсан гэх. Зарим хэвлэлд өгөх өрийг нь оруулаад тооцвол 4-5 тэрбумын асуудал үүсээд байгаа юм байх.

Энэ асуудал яг баттай үнэн үү, Д.Мөнх-Эрдэнэ гэдэг нөхөр баталгаатай зүйл ярив уу гэдэг нь удахгүй тодорхой болох биз. Тэгээд ч одоо намын даргын үүрэг гүйцэтгэж байгаа хүн өмнөх даргынхаа мөнгө, төгрөгтэй холбоотой асуудалд “но” байгааг хайж эхэлсэн бол жинхэнэ “дайн” үүслээ л гэсэн үг.  УИХ-ын сонгуулийн өмнө л 100 саяын дэнчингийн асуудал энэ намд хангалттай гай болсон. Мөнгөө өгчихөөд нэр дэвших эрх олж авч чадаагүй гомдогсдын бүхэл бүтэн арми юу эсийг ярьсан билээ.  Сонгуулийн дараа ч гэсэн мөнгөний асуудал гай тарьж байгаа нь энэ.  Гэхдээ энд нэг сонирхол татсан өнцөг байна.

Одоо ч АН-ын гишүүн гэж өөрийгөө хэлээд байгаа Д.Мөнх-Эрдэнэ сонгуулийн өмнө намын даргатайгаа хэрэлдсэн бичлэгээ цахимд тавьсан. Энэ нь С.Эрдэнэ гэдэг нэг хүнийг муухай харагдуулахаасаа илүүтэй АН-ыг л муугийн жишээ болгосон. УИХ-ын сонгуульд АН ялагдсан олон шалтгааны нэгэнд энэ мэт хэрүүлийг оруулж болно. Тэгвэл өнөөх Д.Мөнх-Эрдэнэ орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөө, маргаашгүй эхлэх гэж байгаа үед дахин гарч ирж, мөнгөний хэрүүл хийлээ.  Дахиад л нэг хүнийг муухай харагдуулахаасаа илүү АН-ын “өгзөг” рүү өшиглөлөө, энэ хүн.  Дээрээс нь намын удирдлагын түвшинд хуучнаа намнах “ан” эхэлсэн байж болзошгүй гэсэн мэдэгдлийг ч хийчихлээ. Монголын улс төрд хэрэгтэй хамгийн том намын нэг болох АН өөрийн гэсэн байргүй, С.Эрдэнэ гэдэг даргынхаа эзэмшлийн байшинг түрээсэлж байсныг ч тэр хэллээ. Тэр чигээрээ шавар шалбааг гээд ярьчихсантай ялгаагүй. Гэхдээ “шавар” дунд “хэвтэж” байсан хүн нь муухайг нь сая мэдлээ гэж ярьж байгаа нь муухай байна. АН энэ мэт ар нуруунаас “хутга зоодог” арчаагүй хүмүүсээ зайлуулах хэрэгтэй.

Нөгөө талаар түүний хэлж байгаа үнэн бол АН гэдэг том намд улс төрийн “муушиг”-т үсрэхгүй байх мод үлдсэнгүй. Намын дарга нь гишүүдээсээ дэнчингийн мөнгө авах арга хайж олоод, түүнийгээ АН-ын санхүүжилтийг босгох хамгийн зөв, эрүүл арга гэж тайлбарласан. Уг нь тийм л дээ, нам өөрөөр яаж санхүүжих билээ. Гэхдээ нэр дэвшүүлж магадгүй гэж хэлж, 100 саяыг авчихаад, дараа нь “амбаардана” гэдэг зав тогтолцоо яавч биш. Тэгээд намын дарга нь тэр санхүүжилтээс нь 2-3 тэрбумыг “цавччихсан” бол бүр ч дуусаа л гэсэн үг. Журмын нөхдийнхөө халаасыг сэгсэрдэг даргатай нам гэж бодохоор л өөрийн эрхгүй зэвүү хүрмээр санагдаж байгаа биз дээ. Тийм биш байгаасай л гэж итгэмээр байна. Өөрсдийнхөө дургүй хүнийг энэ намаас зайлуулах гэсэн нэг хэсэг хүмүүсийн зохиосон гүтгэлгэ байгаасай гэж найдъя.

Учир нь АН-ыг ингэтлээ шалдаа бууж, муу муухайгийн жишээ болоосой гэж хүсэхгүй байна.

Гуравхан хоногийн дараа орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. АН орон нутагт ялаад, төрд хяналт, тэнцвэр хэрэгтэй байна. Гэтэл сонгуулийн өмнө нэг нэгнийхээ “бөгс”-ийг ухаж эхлэхээр яаж ялалт байгуулах вэ.  Дотоод асуудал чинь тэнгэрт тулсан байж болно. Үгүй ч байж болох.  Тэнгэрт тулсан асуудал байлаа ч, тэрүүхэндээ шийдчих хэрүүл байсан ч түрдээ ил гаргалгүй, төвчигнөсөн хэдэн гомдогсдынхоо амыг хамхиад орон нутгийн сонгууль өнгөрөөчих ухаан алга уу. Эсвэл энэ мэт шалчигнасан шатрын хүүнүүдээ зайлуулмаар юм.

http://www.zaluucom.mn/read/5139ge2b4


URL:

Tags: