Сансрын нисэгч Ж.Гүррагчаа ОХУ-ын төрийн дээд одон гарджээ

Сансрын нисэгч Ж.Гүррагчаа ОХУ-ын төрийн дээд одон гарджээ
Сансрын нисэгч Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнах зарлигийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-ны өдөр гаргасан.

Тэгвэл “Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн, Сансрын нисэгч Ж.Гүррагчааг тус одонгоор шагнасныг ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров энэ сарын 1-нд Москва хотноо гардуулан өгсөн юм.

Сансарт ниссэн Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болсон Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн болжээ.

Одон гардуулах үеэр, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Ерөнхийлөгч В.Путины даалгавраар Монголын ард түмний агуу хүү, Оросын ард түмний анд нөхөр Ж.Гүррагчаад энэхүү одонг гардуулан өгч байгаадаа их баяртай байгаагаа илэрхийллээ.


URL: