Турк улс БРИКС-т элсэх өргөдлөө өгчээ

1199596Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нэгэн зэрэг хоёр сандал дээр суухыг оролдож байна гэсэн шүүмжлэлийг улс төрийн ажиглагчдаас нэг бус удаа авч байсан. Тэрбээр өрнөдийн холбоотнуудтайгаа НАТО-ийн хүрээнд нягт харилцаа холбоогоо хадгалж, Европын холбоонд элсэхийг зорьж байгаа бол нөгөө талаар Орос, Хятад болон тэдний түншүүдтэй харилцан ашигтай харилцааг хөгжүүлэхийг эрмэлздэг. Харин өдгөө Анкара дорнод руу хараагаа чиглүүлснээр, геополитикийн зорилгынхоо үндсэн чиглэлийг тодорхойлох боломжтой болж байна гэж Блүмберг агентлаг бичжээ.

Турк улс БРИКС-т бүрэн эрхт гишүүний хувиар элсэх өргөдлөө албан ёсоор өгчээ. Өргөдлийг нь ирэх аравдугаар сард Оросын Казань хотноо болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтаар авч хэлэлцэнэ. Өнөөг хүртэл БРИКС-ийн эгнээнд НАТО зэрэг цэрэг, улс төрийн томоохон эвсэлд нэгдсэн улс байгаагүй. Сануулахад, БРИКС-т Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Египет, Иран, Этиоп, Арабын Нэгдсэн Эмирт Улс зэрэг есөн улс гишүүнээр элсээд байгаа билээ. Өрнөдийн дэлхийн нөлөөгөөгөө өргөжүүлэхэд саад тотгор учруулж буй хамтын нийгэмлэгт элсэх нь Туркийн хувьд 30 жилийн турш тогшиж байгаа Европын Холбоонд орох хаалгыг хаана гэдгийг Эрдоган ойлгож байгаа нь лавтай. Үүний сацуу АНУ болон НАТО-ийн гишүүн орнуудтай харилцах харилцаанд асуудал үүсгэнэ гэдгийг ч мэдэж байгаа. Эрдоганы хувьд энэхүү алхам нь өрнөдтэй хийж буй улс төрийн тоглоомд давуу байдлыг олгоно гэж шинжээчид үзэж байна. Туркийн удирдагч удаан хугацаанд Вашингтонтой нягт холбоо тогтооно гэж найдаж байсан ч 2016 онд АНУ-ын оролцоотой төрийн эргэлт хийхээр завдсан хэрэг явдлын дараа энэхүү мөрөөдөл нь сарнин алга болсон. Европ ч хөрш Турк улсыг баярлуулаагүй. Туркт Европын Холбоонд ойрын үед элсэх боломж байхгүй гэдгийг Брюссель шууд бусаар ойлгуулаад байгаа. Энэхүү алхмаар Режеп Тайип Эрдоган өрнөдийг сонголтын өмнө тавьж байна. Эсвэл байр сууриа өөрчил эсвэл тусгаар улсын төрийн тэргүүний хувьд гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болон эдийн засгийн чиг баримжаагаа өөрчлөх бэлэн байна гэсэн чухал сонголтын өмнө тавиад байна. Нөгөө талаар, БРИКС сүүлийн үед улам хүчирхэг болж байна. Тус байгууллагад элсэхээр 20 гаруй улс дугаарлаж байна. Блүмберг агентлагийн эх сурвалж дурдан дамжуулснаар, хөгжингүй өрнүүд геополитикийн төв гэсэн статусаа алдаж байна гэсэн дүгнэлтэд Анкара хүрээд байна. Туршлагатай улстөрчийн хувьд Эрдоган олон туйлт дэлхийн бүхий л тоглогчидтой харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байна гэжээ.


URL: