НИТХ-ын сонгуульд Х.Баттуулын хүү Б.Оргилбат, “Мах импекс”-ийн Б.Бадмаа, “Талх чихэр”-ийн Б.Бурмаа гээд Х.Баттулгын 30 орчим хүнийг Т.Батцогт АН-аас дэвшүүлжээ
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах процесс өчигдөр /2024.09.02/ дуусгавар болж, МАН, АН-аас 2024 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д нэр дэвших 44 хүнийхээ нэрсийг зарлалаа. Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд оролцох МАН-ыг Хотын дарга Х.Нямбаатар удирдаж орох бол, АН-ыг тус намын хорооны дарга Т.Батцогт ахлахаар болж байна. Тэгвэл АН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж хүмүүс ихээхэн анхаарал татаж байгаа юм.
-Х.БАТТУЛГЫН ДҮҮ Х.БАТТУУЛЫН ХҮҮ ОРГИЛБАТ, Х.БАТТУЛГЫН ХИАМНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ Б.БАДМАА, Х.БАТТУЛГЫН “ТАЛХ ЧИХЭР”-ИЙН ЗАХИРАЛ Б.БУРМАА НАРЫН 30 ОРЧИМ ХҮНИЙГ Х.БАТТУЛГА АН-ААС НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ-
Учир нь Нийслэлийн АН-ын хорооны дарга Т.Батцогт бол УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүн төдийгүй түүний үгнээс гардаггүй, түүнээс зөрдөггүй нэгэн гэдэг. Тодруулбал, Т.Батцогтыг УИХ-ын гишүүн Х.Баттулга дэмжин 2020, 2024 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшүүлсэн ч тэрбээр ялагдсан гэдэг. Улмаар нийслэлийн АН-ын хорооны дарга болгосон төдийгүй 2024 оны УИХ-ын сонгуульд ялагдсан Т.Батцогт намын даргын ажлаа ч өгөөгүй гэдэг. Тэгвэл нийслэлийн АН хорооноос НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 44 хүний ихэнх нь Х.Баттулгын хамаатан, улс төрийн хамаарал бүхий хүмүүс байна.
Тодруулбал, НИТХ-ын сонгуульд АН-аас Баянгол дүүрэгт Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын хүү Б.Оргилбат нэр дэвшиж байна. Мөн НИТХ-ын сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт Х.Баттулгын эзэмшдэг “Мах импекс” ХХК-ийн салбар үйлдвэр болох “Хиам консервийн үйлдвэр” компанийн захирал Б.Бадмаа мөн Х.Баттулгын эзэмшдэг “Талх чихэр” ХК-ийн Санхүү хариуцсан захирал Б.Бурмаа нарыг нэр дэвшүүлсэн байна.
Хачирхалтай нь, ”Баянголын ван” гэгддэг С.Эрдэнэ “Х.Баттулга бол Монгол Улсад хэрэгтэй нэг ч зүйл хийгээгүй” зэргээр олон жил түүнийг шүүмжилж ирсэн. Тэгвэл энэ удаа энэхүү хоёр эрхэм “улс төрийн нэг хөнжил”-д орсон байж болзошгүй байна. Учир нь С.Эрдэнийн гэх Баянгол дүүргийн АН-ын хороо нь Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын хүү Оргилбатыг дэмжиж ажиллах нь.
Түүнчлэн Х.Баттулгын туслах Б.Саруул, Л.Мөнхбаясгаланг дагаж Х.Баттулгын багт элссэн сэтгүүлч Ж.Баттуул, Х.Баттулгын хүн Т.Батцогтын сайн найз VIP кузов засварын эзэн Ө.Эрдэнэболд, лайвчин О.Отгонтөгс нарын 30 орчим хүнийг НИТХ-ын сонгуульд АН-аас Х.Баттулга нэр дэвшүүлсэн байна.
-АН-ААС САЛЖ “ШИНЭ НАМ”-ЫГ БАЙГУУЛСАН Л.БОЛД ХОЁР ХҮНЭЭ НИТХ-ЫН СОНГУУЛЬД АН-ААС НЭР ДЭВШҮҮЛЖЭЭ-
УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө Л.Болд, Ж.Батзандан нар АН-аас гарч, ШИНЭ нам гэгчийг байгуулсан. Улмаар Л.Болд, Ж.Батзандан нар ШИНЭ намаас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдаж, улмаар эрх баригчдаас шагналаа авч Ж.Батзандан Австралид суух элчин сайдын зөвлөхөөр, Л.Болд Бельгийн хаант улсад суух элчин сайдаар томилогдсон байдаг.
Харин саяхан тэдний ШИНЭ нам Х.Баттулгыг даган АН-тай хамтарч буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл энэ удаагийн НИТХ-ын сонгуульд “ШИНЭ” нам АН-тай хамтарч оролцож байгаа гэх нэрийдлээр Л.Болд хамаарал бүхий хоёр ч хүнээ АН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн байна. Тодруулбал, Л.Болдын төрсөн ах болох Л.Болдхуягийн хүү Билэгт НИТХ-ын сонгуульд АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа аж. Мөн УИХ-ын сонгуульд ШИНЭ намаас нэр дэвшиж байсан А.Бархүү НИТХ-ын сонгуульд АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа ажээ. Харин С.Эрдэнийн 3-4 хүн НИТХ-ын сонгуульд АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж байгаа бол, АН-ын дарга Л.Гантөмөр есөн хүнээ НИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн байгаа аж. Товчхондоо, НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг ихэнхэд нь Х.Баттулгын өөрийн хүмүүсээ нэр дэвшүүлсэн бол үлдсэн цөөн нэр дэвшигчдийг Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Л.Болд нар хуваан авчээ.
https://isee.mn/n/68816
URL: