Инфляц 15.3 хувьд хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны долоодугаар сарын нийгэм, эдийн засгийн судалгааны дүнг өнгөрөгч баасан гаригт танилцуулсан юм. Уг судалгаанаас үзэхэд ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 25.2 хувиар өсөж 6.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Өнгөрөгч сард инфляц 0.6 хувиар өсчээ. Энэ нь оны эхнээс 10.4, өмнөх оны мөн үеийнхээс 14.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Ингэснээр улсын хэмжээнд жилийн инфляц 15.3 хувьд хүрсэн байна.

Энэ тухай тус хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэгээс тодруулахад “Хаврын улиралд мах, өвлийн цагт хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн хомсдож, үнэ өсдөг тул инфляцыг зөвхөн мөнгөний нийлүүлэлттэй холбон ойлгож болохгүй. Хэрэглээний үнийн индексийг гурван үе шаттайгаар тодорхойлдог. Өнгөрөгч сард өргөн хэрэглээний барааны үнэ өндөр байлаа.

Он гарсаар долоодугаар сард анх удаа инфляц 10.4 хувьтай болсон нь гурван жилийн өмнөх үеэс таван пунктээр нэмэгдсэн байгаа. Инфляц өсөхөд хүнс, ундаа, усны үнэ 1.3, гэр ахуйн тавилга, барааных 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн” гэв. Нэгдүгээр улиралд инфляц огцом нэмэгдсэн бол сүүлийн дөрвөн сард өсөлт нь саарах хандлагатай байгааг тус хорооныхон мэдэгдлээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих