Клинтоны сексээс Гансүхийн байшин хүртэл

Сонин хэвлэл гарчиглаж ээ суугаад сүүлийн үед Гансүх сайдын сэтгүүлч Баатархуяг, Уянга нарыг, Нарангэрэл гуайн УИХ-ын гишүүн Тэмүжинийг шүүхэд өгсөн хэрэг хамгийн дуулиантай үйл явдлууд болоод байгааг олж мэдлээ. Гүтгэсэн, доромжилсон хэмээх үндэслэлтэй энэ хоёр хэргийн нэгэнд үнэхээр доромжилсон уу гэдгийг нь хэл шинжээчдээр дүгнүүлсэн, “үгийн тоглоом” болоод байна хэмээх тайлбар сүүлд орж ирсэн, нөгөөд нь хоцрогдсон гэдэг үг доромжлол, гүтгэлэг мөн үү хэмээн маргаж буй зэргээс нь харахад манайд “шүүх хэлшинжлэл” (forensic linguistics) гээч зүйлийн тухай ярих, бичих, маргах мэтгэх, үүний дүнд тэр салбарыг хөгжүүлэх цаг нэгэнт болсон мэт санагдав. Шүүх хэлшинжлэл гэж юм Монголд байсангүй гэж хэлж байгаа юм биш л дээ, хэл шинжээчид, утга зохиол судлаачид Чойномын шүлгийн утга агуулга Цэдэнбалын эсрэг байсан эсэх тухай зартай хэргээс авхуулаад өнөөг хүртэлх олон хэрэгт шинжээчээр дуудагдсан хэвээр, гэвч хэл шинжлэлийн тусгай нэгэн салбар болгон авч үзэж байгаагүй юм.

Ер нь бол “иргэн Б хэн нэгнийг доромжилжээ, бас гүтгэжээ” гэж дүгнэх бол амархан, гэхдээ үнэхээр “үгэн тоглоом” гэдэг шиг, хуулийн мэдлэгтэй хэл шинжээч сайн ажиллаж чадвал үг, өгүүлбэрийн “үнэн” хэмээх утгыг маш өвөрмөц, өөр байдлаар тайлбарлан гаргаад ирэх боломжтой юм. Тийм ч учраас “шүүх хэлшинжлэл” хэмээн тусад нь авч үзэх нь сонирхолтой төдийгүй, хүний амь амьдрал, хөрөнгө мөнгөтэй холбоотой зайлшгүй чухал асуудал билээ.

“Шүүх хэлшинжлэл” гэж ямар сонирхолтой атлаа эгзэгтэй, маргаантай зүйл болохыг үзүүлэхийн тулд Клинтоны “Би Моникатай секс хийгээгүй” гэсэн нь худал мэдүүлэг байсан эсэхийг шийдсэн хэргийг жишээ болгон ярьцгаах уу?

Энэхүү хэргийг нарийвчлан авч үзэхэд сексийн холбогдолт олон үг хэллэг гарах учраас зөвхөн насанд хүрэгчид уншиж болохыг энд анхааруулъя.

Хэрэг хэрхэн эхэлснийг эргэн нэг санавал.

Ерөнхийлөгч Клинтон Цагаан Ордонд дадлага хийж байсан Моника Левинский гэж бүсгүйтэй холбоотой байсан нь одоо бол тодорхой асуудал. Харин Моникатай учир ургуулж байх тэр үед нь өөр нэг хэргээр буюу Арканзас муж улсын захиргааны ажилтан Пола Жонес гэж бүсгүй Клинтоныг бэлгийн дарамт учруулсан хэргээр шүүхэд өгчээ. Хэдийгээр Жонесийн хэрэгт Моника шууд хамаагүй боловч хуульч нар нь Моникатай холбоотой хэд хэдэн мэдүүлгийг авсан байна. Тэр бүх мэдүүлэгтээ Клинтон “Би Моникатай сексийн харилцаатай байгаагүй. Би түүнтэй унтаагүй” хэмээн удаа дараа мэдэгдсэн билээ. Пола Жонесийн нэхэмжлэл хүчингүй болсны дараа хуульч нар нь Клинтоныг Моникатай харилцаатай байсныг батлах баримттай болонгуутаа “худал мэдүүлэг” өгсөн гэсэн үндэслэлээр дахин байцаасан билээ.

Гэвч эцсийн дүндээ Клинтоныг худал хэлсэн гэж баталж дөнгөөгүй юм. Үүнд Клинтоны хэл шинжлэлийн мэдлэг асар их хэрэг болсон билээ.

Одоо, өнгөрсөн цагийн хэлбэр дээр тоглосон нь

Клинтоны өмгөөлөгч нэг үгэндээ Моникагийн үгээс иш татан “…there is absolutely no sex of any kind in any manner, shape or form with President Clinton” – “Ерөнхийлөгч Клинтонтой ямар ч төрөл, арга, хэлбэрийн секс байхгүй байна” хэмээн мэдэгдэхэд Клинтон дуугараагүй аж. Дараа нь бүх зүйл ил болсны хойно “өмгөөлөгчийнхөө үгийг залруулаагүйгээрээ үнэнийг нуун дарагдуулсан” гэсэн хэргийг тулгахад Билл Клинтон зөрүүлээд өмгөөлөгч нь тэгэхэд худал хэлээгүй болохыг үйл үгийн цаг ашиглан эвтэйхэн тайлбарласан юм. Өмгөөлөгч “is” буюу “байна” хэмээх “бай-“ үйл үгийн одоо цагт хэлбэрийг ашиглан ярьсан, одоо цагт буюу яг тухайн үед үнэхээр Моника Клинтон хоёрын хооронд секс “байхгүй байна” гэдэг нь бол үнэн байв. Өнгөрсөн цагт бол байсан байж болно, одоо байхгүй байна гэдэг нь яалт ч үгүй худал бус мэдүүлэг болсон юм.

Ярианы хэлний ойлголтыг ашигласан нь

Клинтон Левинскийтэй “секс хийгээгүй” гэсэн мэдүүлэгтээ дуустлаа үнэнч байлаа. Хожим “орал секс” хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хойноо хүртэл “сексийн харилцаа” байгаагүй, “секс хийгээгүй” гэсэн мэдүүлгээ худал мэдүүлэг биш гэж үзсээр байлаа. Ингэж үзэхдээ “сексийн харилцаа” гэгч ойлголтын талаарх олон нийтийн ерөнхий ойлголт, хар ярианы утгыг ашигласан бөгөөд энэ нь ч амжилттай болсон юм.

Клинтон ийн мэдүүлжээ (ерөнхийлөн, товчлон, мөн утгачлан орчуулбал):

“… Хэн нэг нь Жэйн Хари хоёрыг сексийн харилцаатай гэж хэллээ гэж бодъё… Тэгвэл тэр хоёрыг хүмүүс хамтдаа унтдаг, секс хийдэг улс гэж бодох нь тодорхой. Бид хоёрын хооронд тийм юм болоогүй билээ…”

Аман секс хийснээ зөвшөөрсөн хэдий ч Клинтон түүнийгээ “унтсан, хурьцал үйлдсэн” гэж үзсэнгүй. Үүнээс үндэслэн “орал секс” бол “секс хийх, унтах” гэдэг зүйл мөн үү, үгүй юү гэдэг асуудал гарч ирнэ. Жирийн америкчууд жишээ нь үүнийг хэрхэн ойлгодог вэ?

Стефани Сандерс, Жюн Райниш хэмээх хоёр судлаач энэ талаар томоохон асуулга судалгаа явуулж, Америкийн Эрүүл Мэндийн Нийгэмлэгийн Сэтгүүл-д хэвлүүлсэн байна. Судалгааг коллежийн оюутнуудын дунд явуулсан бөгөөд нийт оюутны 60 хувь нь аман секс хийснээ “унтсан” гэж үздэггүй нь тогтоогджээ. Аанай л Клинтоны зөв болов.

Бичгийн хэлний тодорхойлолтыг ашигласан нь

Пола Жонесийн өмгөөлөгчид Клинтоныг зүгээр хар ярианы утгыг ашиглаад “секс хийгээгүй” гэсэн дүгнэлтэд хүргүүлчихийг бас хүссэнгүй. Үгийн жинхэнэ утга бол толь бичигт тусгагдсан тэр утга мөн хэмээн үзээд “сексийн харилцаа” гэсэн үгийн толин дахь утгаар Ерөнхийлөгчийг унагахыг оролджээ.

Толь бичигт дурдсанаар:

Аливаа этгээд өөр нэгэн этгээдтэй “сексийн харилцаа”-нд орно гэдэг нь тэрхүү этгээд ………….. (энд бүгдийг нь дурдахад таатай бус хэд хэдэн эрхтний нэрийг бичжээ) зэрэг эрхтнээрээ өөр хүний тус эрхтэнд дур хүслээ хангахын тулд хүрэлцүүлэхийг хэлнэ” гэжээ.

Жонесийн өмгөөлөгчид энэхүү тодорхойлолт нь Клинтоныг унагаахад хангалттай тодорхойлолт болж чадна гэж бодож байв. Гэвч Ерөнхийлөгчийн хуулийн хийгээд хэл шинжлэлийн мэдлэг үнэхээр сайн байлаа. Клинтоны маш амжилттай сөргүүлэн маргаснаар “Моника Левинский дур хүслээ хангах үүднээс уруул хэмээх эрхтнээ Клинтоны эрхтэнд хүрэлцүүлсэн бол Клинтон өөрөө ямар ч эрхтнээ хүрэлцүүлээгүй” аж. Маш жигтэй сонстох боловч толь бичигт дурдсан үгийн утгаар хөөн үзэхэд “Моника Клинтонтой сексийн харилцаанд орсон, харин Клинтон Моникатай бол ороогүй” болж таарч байна. Тиймээс ч шүүх Клинтоныг худал мэдүүлэг өгсөн хэмээн дүгнэж чадаагүй билээ.

Юу хэлэх гэсэн нь биш юу хэлсэн нь чухал

Ер нь бол худал хэлнэ гэдэг дангаараа гэмт хэрэг биш, харин хуулийн дагуу худал мэдүүлбэл хариуцлага хүлээх болно гэж ам өчгөө өгчихөөд худал хэлэх нь гэмт хэрэг юм. Хүний худал мэдүүлсэн эсэхийг тогтоох нь шүүх хэлшинжлэлийн нэг томоохон асуудал билээ. АНУ-ын Дээд шүүхийн хувьд энэ тал дээр Бронстоны алдарт хэргээс хойш маш чухал стандарт тогтоожээ. Өөрөөр хэлбэл хувь хүний мэдүүлэг хэчнээн хүний толгой эргүүлсэн, бусдыг өөр юм бодуулах санаатай байсан ч яг шууд утгаар нь авч үзвэл үнэн бол худал мэдүүлэгт үл тооцно гэсэн санаа юм.

1973 онд болсон тэр хурлын үеэр ноён Бронстоны дампууралтай холбоотой асуудлыг шүүж байв. Тэр үед Бронстон байцаалтанд ингэж мэдүүлжээ:

Асуулт: Ноён Бронстон, та Швейцарын банкинд хувийн данстай юу?

Хариулт: Үгүй.

Асуулт: Та өмнө нь тэнд хувийн данстай байсан уу?

Хариулт: Манай компани Цюрихт зургаан сар орчмын хугацаанд данстай байсаан.

Үнэн хэрэгтээ Бронстон Швейцарт бүтэн таван жилийн хугацаанд их хэмжээний мөнгө бүхий хувийн данстай байжээ. Ингээд Бронстоныг тангараг өргөсөн атлаа худал мэдүүлэг өгсөн хэмээн ялласан боловч мань эр давж заалдсанаар Дээд шүүх ялыг хүчингүй болгосон юм. Дээд шүүхийн үзсэнээр хүн “юу гэж хэлэх гэсэн, ойлгуулах гэсэн бэ “ гэдэг чухал биш, харин чухам “юу гэж хэлсэн бэ” гэдгийг нь л авч үзэх ёстой ажээ. Бронстон “Би Швейцарт данстай байгаагүй” гэж мэдүүлээгүй, тэгсэн бол ёстой худлаа мэдүүлэг болох байсан, харин “Манай компани Цюрихт зургаан сар орчмын хугацаанд данстай байсаан” гэсэн, энэ нь бол үнэн юм. Магадгүй, энэ мэдүүлэг олон хүнийг “Би тэнд дансгүй” гэж ойлгоход хүргэсэн байж болно, гэвч олон хүн тэгж ойлгосонд Бронстон буруугүй, учир нь үнэн хэрэгтээ, шууд утгаараа түүний хариулт зөв байв.

Яг үүнтэй адил хүнийг доромжилсон эсэхийг тогтооно гэдэг дан ганц үгийн утгаар, шууд авч үзчих амар асуудал биш дээ. “Дорж мөн тэнэг хүн шүү” гээд салангидаараа байж байвал хүн бүр л Доржийг доромжилж гэж ойлгоно. Гэтэл үргэлжлүүлээд “Тийм их авилга өгөөд байхад үгүй би шударга амьдарна, авахгүй гээд байдаг, манай Дорж мөн тэнэг хүн шүү” гээд үргэлжилбэл доромжлол мөн үү?

Гансүх сайдын байшингийн үнийг тогтоосон тэр хэсэг дээр гэхэд л “сая” хэмээн нэгийн ард зургаан тэг бүхий нарийн тоо хэлсэн нь нэг талаас гүтгэлэг байж болох ч нөгөө талаас тооны нэрийг “маш их” гэсэн утгаар хэрэглэсэн байж болохыг үгүйсгэх аргагүй. “Мянган хүн ирлээ” гэж бичсэн байвал ирсэн бүх хүнийг тоолоод, 165 хүн ирсэн байхад 1000 гэж гүтгэсэн байна гэж үзэх нэг хэрэг, монголчууд зүгээр олон хүн ирснийг “мянган амьтан ирлээ” гэж хэлдгээр бодвол бас л нэг өөр утга илрэх мэт.

Шүүх хэлшинжлэлийн бусад сонирхолтой асуудлаас

Энэ жижиг өгүүлэлд шүүх хэлшинжлэлийн нарийн олон зүйлсийг багтаан өгүүлэх боломжгүй юм. Хамгийн ерөнхийгөөр хэлэхэд шүүх дээр хэлэлцэгдэх үг өгүүлбэр бүхэн, бүр бүтээвэр, авиа хүртэл анхаарал татах болж, өмнө зөвхөн найруулгазүй, өгүүлбэрзүйн хүрээнд хэлэлцэгддэг байсан бол одоо олон асуудал үгзүй, авиазүй рүү орж ирж байна.

Дунд сургуульд утгат хэсэг гэж заадаг бүтээврийн тухайд ганцхан жишээ хэлье. McDonalds – ийн өмнөх Mc бол ирланд, шотланд хэлний “–ий хүү” гэсэн утга бүхий бүтээвэр юм. Орос хэлний –ов, польш хэлний –ский, швед хэлний –сон зэрэгтэй дүйнэ. Гэтэл сүүлийн үед маш олон удаа McDonalds компани энэхүү бүтээврийг ашиглан нэрээ авсан аж ахуйн нэгжүүдтэй шүүхдэлцлээ. Нэг талаас нэг компани бүхэл бүтэн хэлний бүтээврийг өмчилнө гэдэг утгагүй боловч нөгөө талаас тэр нэрийг чухам тэднийх л гаргаад ирсэн хойно адилавтар нэрээр ашиг хонжоо олох арга заль бас байж болох.

Үгийн дуудлага буюу авиазүйн хувьд ч нэр ашигласан хэмээх маргаан, мэтгээн тасрахгүй байна. Хамгийн сүүлийн үеийнхээс дурдахад Бэкс Биэр – Экс Биэр (Becks Beer – Ex Bier) хоёр, Смирноф – Сарноф (Smirnoff – Sarnof) хоёр шүүхдэлцлээ.

Энэ мэтчилэнгээр эцэс төгсөлгүй үргэлжлэх шүүх хэлшинжлэл хэмээх хэлшинжлэлийн шинэвтэр нэгэн салбарын тусгайлан авч үздэг асуудлуудаас дурдвал: Хуулийн үг хэллэгийн судалгаа, Гэрчийн мэдүүлэгт хэлшинжлэлийн анализ хийх, Мөрдөн байцаалтын хэлний онцлог, Үг хэлийг баримт болгон ашиглах нь.. гэх мэт.

Дүгнэлт буюу төгсгөлд хэлэх хоёр санаа

Клинтоныг тийм хэцүү мухарт шахаж чадсан атлаа Моникатай “сексийн харилцаа”-тай байсан гэдгийг нь баталж чадаагүй түүх бол үг хэл гэдэг маш нарийн ээдрээтэй, ярианы болон бичгийн хэлэнд олон өөр өнгө аясаар хэрэглэгддэг, хэлж бичиж буй хүн нэг утгаар хэрэглэж байхад, хүлээн авагч нь бас өөрөөр ойлгож болдог зүйл болохыг үзүүлж байна. Тиймээс манай шүүх хурал дээр харин доорх хэдэн зүйлийг хэрэгжүүлдэг бол шударга бөгөөд сонирхолтой, бусдад сургамжтай болох мэт санагдана. Үүнд:

1. Хэлшинжээч-экспэртээр “доромжилжээ, гүтгэжээ” гэсэн дүгнэлтийг нэг тал гаргуулсан байхад шүүх хуралд нөгөө тал нь бас өөрийн гэсэн өмгөөлөгч маягийн хэл шинжээчийг авчирч марган мэтгэдэг байх.

2. Энэ бүх мэтгээн хийгээд үүн дээр үндэслэсэн шүүгчийн шийдвэр ил тод, бүрэн эхээрээ хэвлэгддэг байх.

Энэ хоёр зүйлийг юун түрүүн хэрэгжүүлбэл манайд шүүх хэлшинжлэл хөгжихөд ихэд хувь нэмэр болох биз ээ. Шүүх хэлшинжлэл хурдан, дорвитой хөгжихгүй бол компани болон бүтээгдэхүүний нэр ашигласан, хүний бүтээлийг хуулбарласан, хулгайлсан, нэгнээ доромжилсон, гүтгэсэн гэх мэт үг хэлтэй холбоотой хэргүүд ирээдүйд улам олшрох тэр цагт их л хэцүү болох байх даа.

Мягмарын Саруул-Эрдэнэ (МонЦаМэ)


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.