Г.Батхүүгийн “өстөн” Т.Хасбаатар тэмцлээ эхлэв

Өдгөөгөөс хоёр жилийн өмнөөс АН-ын залуучууд дундаас  Т.Хасбаатар хэмээх залуу тодорч гарч ирэх болсон. Тэрээр хамтарсан Засгийн газрыг огцруулна, С.Батболдын булхайг илчилнэ, Н.Алтанхуяг үлбэгэр ажиллаж байна, тэмцэнэ хэмээн хэвлэлийн хурал зарлаж сүржин мэдэгдэл хийгээд бичгээ Засгийн газарт хүргүүлдэг байлаа. Т.Хасбаатар 9 удаа бичиг хүргүүлсэн гэдэг юм билээ. Японд олон жил болж бизнес нь сүрхий өргөжсөн энэ залуу анхандаа олигархиудыг илчилнэ гээд анхаарал татсан асуудлыг хөнддөг байв.   Гэвч тэрээр олон нийтэд олигтой зүйл зарласангүй, олигархиудыг ч илчилсэнгүй. Сүүлдээ  улаан сарнай намын даргадаа бэлэглээд тэмцэл нь утгаа алдсан даа.

Ингэж дарга даамлуудыг шүүмжилж байгаад Өвөрхангай аймгийн АН-ын дарга болж, тус аймгаас УИХ-д нэр дэвшихээр санаархаж байв. Гэтэл сонгуулийн өмнө тойргоо Г.Батхүүд алдсан. Уг нь Г.Батхүүг намын жагсаалтын дээгүүрт орчихвол Т.Хасбаатар нэр дэвших боломжтой байж.

Гэтэл монголын толгой баян, архины бизнесээр хэдэн тэрбумыг өвөртөлдөг эрхэм Өвөрхангайд их зүйл хийсэн, тойрогт нэр дэвшээд  гарч ирнэ гэж даналзаад “их сунгаанд” өвдөг шороодсон юм. Ингэж  бүдрэхэд нь дэм болсон хүн бол Т.Хасбаатар. Тэрээр АН-аас Өвөрхангайд  нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар баталсан сонгуулийн хуулиа зөрчиж, сонгогчдод мөнгө тараасан мэдээлэл хийж шуугиан тарьсан. Мөн тэрбээр “Мөнгө тарааж байгаа бичлэг нь бий. Үүнийг СЕХ-нд илгээнэ. Хууль зөрчсөн эдгээр эрхмүүдийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах ёстой. Хэрэв үүнээс болж надад ямар нэгэн юм тохиолдвол АН-ын дарга Н.Алтанхуяг, Г.Батхүү нар хариуцлага хүлээнэ” гэж ирээд л сүрдмээр мэдэгдэл хийсэн юм.

Хэрэв үнэхээр дээрх улстөрчид сонгуулийн хуулиа зөрчиж , мөнгө тараагаад түүнийг нь Т.Хасбаатар намынхаа эрх ашгийг үл харгалзан илчилж, хуулиа дээдэлж байгаа бол үнэхээр магтууштай хэрэг. Гэвч байдал  өөрөөр эргэсэн. АН-ын удирдлагууд  хувийн өш хонзон санаж, намын эв нэгдлийг сонгуулийн өмнө санаатайгаар хагалан бутаргаж, худал мэдэгдэл хийсэн түүнийг намын гишүүнээс нь түтгэлзүүлэх шийдвэр гаргасан.

Ингээд Т.Хасбаатар намаасаа хөөгдөж, тэмцэл нь мухардалд орсон удаатай. Харин тэрээр дахиад мэдэгдэл хүргүүлж, бичиг цаас шиддэг ажлаа эхлүүлжээ.
Түүний тэргүүлдэг АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр ”Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Засгийн газрын тэргүүн Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Уг шаардлагад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танаа, Гэр хороололын өвөлжилтын бэлтгэл ажилтай танилцахаас өмнө гэр хорооллийн иргэдэд эрх зүйн орчинг бүрдүүлж, газартай иргэдэд зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгохыг хүсч байна. Мөн нүүрсэд татвар тавьж, гэр хорооллийн  170 мянган орчим өрхөд байгалийн баялгаас дэмжлэг үзүүлж, үнэ төлбөргүй орон сууцаар хангахыг шаардаж байна. Шаардлагын хариуг 2012 оны есдүгээр сарын 20-ны дотор Засгийн газраас авна” гэжээ.

Ц.Баяр www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих