Б.Хурцыг хэн илчилсэн бэ

Монголын иргэн Б.Хурц Английн шоронд хоригдоод таван сар хагас болох нь. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга эрхмийг албаны ажлаар очиход нь дипломат эрх ямбанд нь халдан Английн тусгай албаныхан саатуулсан тухай дуулиан эхний хоёр гурван сардаа тун ч сонирхолтой байлаа. Дарга цэрэггүй л энэ тухай ярьж, Б.Хурц гэж хэн юм бэ, хэн түүнийг гадаадын тусгай албаныханд ховлосон бэ гэхчилэн ярьж бичин шуугьж байлаа. Өдгөө харин шүүх хурлынх нь талаар сэтгүүлчид л эс сонирхвоос бусдад нь тийм ч сонин байхаа больсон бололтой.
Б.Хурцыг 2003 онд Францаас нутаг нэгтнээ хулгайлан Бельги, Германаар дамжуулан Монгол руу авч явсан хэргийнх нь улмаас мэдүүлэг авах шаардлага бийг дуулгаж улмаар саатуулсан. Уг хэрэгтэй холбоотой шүүх хурал найман удаа  болсон.  Эхний долоод нь түүнээс тайлбар авах, хоёр талын өмгөөлөгч мэтгэлцэх төдийгөөр хурал түр завсарлаж ямар нэг шийдвэр гаралгүй дараагийн хурлыг товлож байсан. Харин хамгийн сүүлийн буюу өнгөрсөн сарын 18-нд болсон шүүх хурлаар Б.Хурцын дипломат халдашгүй эрхийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд түүний Англид очсон аялал нь албаны бус хувийн зорилготой байсан учраас өмгөөлөгчийнх нь удаа дараа тавьж байсан шаардлагыг үл хэрэгсэн түүнийг Германы талд шууд шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр Германы тал Б.Хурцыг өөрийнх нь нутгаас хүн хулгайлсан хэргээр ял төлөвлөх эрхтэй болж буй юм билээ.
Гэхдээ энэ хэрэг нь өөрөө маапаантай. Б.Хурц тухайн үед Монголын Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны даргын хувьд онц ноцтой хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг баривчилж ирэх үүргийг төрөөс авсан. Өөрөөр хэлбэл, тэр үүрэг гүйцэтгэсэн цэрэг хүн. Тэгээд ч төрөөс өгсөн үүргийг Европын хэд хэдэн улсын нутаг дамжуулан гүйцэтгэхдээ тухайн орны цагдаа, тагнуул, тусгай албаныханд сэжиг авахуулалгүй хийж чадсан юм билээ. Ямар сайндаа л гадныхан  хамар дороос нь хэнд ч мэдэгдэлгүй бүхэл бүтэн хүн хулгайлаад явчихсаныг хожим нь мэдэж багагүй сандралдсан гэдэг. Тэгэхдээ магадгүй монгол тагнуулчдын ур чадварыг биширсэн ч юм бил үү.
Хамгийн эмгэнэлтэй нь хүн хулгайлсан энэ гэмт хэрэг Монголыг гайхамшигтай тагнуулчидтай гэж зарлахаасаа илүү төр нь хагархай хэнгэрэг шиг задгай. Нууц ажиллагаа явуулсан ажилтнуудынхаа нэрсийг гадны тусгай албаныханд дэлгэж орхидог найдваргүй гэдгийг л батлаад өгсөн юм.  Тиймээс чухам хэн ямар зорилгоор энэ нууцыг дэлгэсэн бэ гэдэг Б.Хурцад ямар ял оноох бол гэдгээс ч илүү сонирхолтой байх ёстой баймаар. Гадуур олон л яриа байна. Гэхдээ чухам хэн бэ гэдэг дээр тогтож төвлөрсөн зүйл сонсогдохгүй. Тэр байх, энэ л байж таарна гэсэн таамгаас хэтрэхгүй л байна. Хажуугаар нь нэг хэсэг намд хуваагдсан улстөрчид энэ хэргээр далимдуулан нэг нэгнээ нулимах шалтаг шалтгааны эрэлд чамгүй идэвхтэй гарч байсан нь азаар сүүлийн үед овоо намжжээ. Улстөрчдөд сонирхолгүй болсон энэ сэдэв уг нь ингэсгээд гал дээр ус асгасан аятай замхрах учиргүй юм. Төрийн нууцыг атгаж суудаг эрхүүдээс өөр хэнээс ч үл гарах ийм мэдээллийг чухам хэн ямар эрх ашгийн үүднээс задалж цацсаныг тогтоох л ёстой. Тиймээс Б.Хурцыг хэн илчилсэн бэ гэдгийг энэ хэрэгт нэр холбогдон яригдсан цөөн хэдхэн хүнээр хязгаарлан тоймлоод нэг үзье.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг энэ хэргийн гол буруутнаар тодруулах сонирхол олон хүнд байсан. Төрийн бүхий л өндөрлөгийг завсаргүй эзэгнэсэн тэрбээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтэн гэгдсэн талийгаач Д.Энхбатыг Европоос хулгайлж ирэх үед Ерөнхий сайд байсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн түүнд Тагнуулын ерөнхий газрыг шууд удирдах Хууль зүй, дотоод хэргийн сайд харьяалагддаг, эрхэм сайдыг дуртай цагтаа дуудаж ирээд асууж лаюлаж чадах эрх мэдэлтэй нэгэн байлаа. Тэгээд ч энэ хэргийг түүнд дуулгалгүйгээр толгой мэдэн зохион байгуулах эрх Хууль зүйн сайдад ч байсан гэдэгт итгэх хүн ховор. Тиймээс гүйцэтгэх ажилтнуудын нэрийг овогтой, албан тушаалтай нь тэр ч бүү хэл хэн ямар оролцоо үүрэгтэй явсныг хамгйин сайн мэдэж байсан нь лавтай. Гэхдээ өөрөөс нь өөр хуруу дарам цөөн хүн мэдэх энэ нууцыг гадныханд дэлгэнэ гэдэг үнэн хэрэгтээ өөрөө өөрийгөө барьж өгч буйтай агаар нэгэн баймаар.

Элчин сайд асан Д.Тэрбишдагва

Тухайн үед Германд Элчин байсан Д.Тэрбишдагва энэ хэргийг эхнээс нь дуустал хамгийн сайн мэдэж байсан хүний нэг. Францаас авчирсан Д.Энхбатыг Германаас онгоцонд суулгах ажлыг Элчин сайдын оролцоогүй бүтнэ гэж лав байхгүй. Тэгээд ч энэ хэргийг гардан хийсэн нь тагнуулынхан ч удирдлагаар хангаж, орон байр, унаа тэрэг гээд байгаа газарт нь хэрэгтэй зүйлээр туслах үүргийг тухайн үед Бельги, Франц, ХБНГУ-д Монголыг төлөөлөн сууж асан Элчин сайдууд хүлээж байсан гэдэг. Хүн хулгайлсан хэргийг хожимдож мэдсэн Европын улсууд хангалттай сайн мөрдлөг явуулж, оролцоотой байсан байх магадлалтай дипломат ажилтнуудаас мэдүүлэг ч авсан юм билээ. Улмаар Францад Консулын ажилтан байсан Д.Гэрэлмаа гэж бүсгүйг хөөж, Элчин сайд Батбуян, Германд Элчин байсан Д.Тэрбишдагва нарыг ч мөн албадан буцаах тухай шаардлагыг тавьж байсан хэмээдэг. Гэтэл уг дуулиан дэгдэнгүүт шахам Элчин сайд Д.Тэрбишдагва хугацаанаасаа өмнө нутагтаа ирж улмаар УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж эхэлсэн нь түүнийг ирэхээсээ өмнө элдэв асуудал үүсгэхгүй бултах аргаа гүйцэтгэх ажилтнуудын нэрийг тусгай албаныханд өгч байж хэл амгүй  мултарсан байх магадлалтай гэж ярьдаг нь оргүй ч биш байж болох талтай гэлцэх юм.

ТЕГ-ын дарга асан М.Батсайхан

С.Зоригийн амийг онц ноцтойгоор бүрэлгэсэн хэргийн эзнийг олох үүрэг цагдаагаас гадна тагнуулынханд ч байсан. Тийм ч учраас энэ хэрэгт хамаатай байж болох нэгнийг харь улсаас барьж ирэх ажлыг зохион байгуулах онцгой үүрэг тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга хурандаа М.Батсайханд оногдсон байж таарна. Чухам ийм учраас л эрхэм хурандаа хүн хулгайлах хэргийг хэнд найдаж хэнийг илгээх вэ гэдэг сонголтыг хийх үүрэг нь түүнд байсан. Хэдийгээр тэр чухал үүрэг гүйцэтгэсэн, тагнуулчид нь нэрийг нь баастаагүйд тухайн үед баярлаж байсан биз. Харамсалтай нь үүнийх нь хариуд төр нь түүнийг хөсөр орхисон. Хааяа нэг албан тушаалд нэр ус нь дуулддаг ч тэгсхийгээд чимээгүй болдог. Тйим болохоор албан тушаал ч үгүй хөсөр орхисонд нь гоморхсон сэтгэлээ гүйцэтгэх ажилтнуудынхаа нэрсийг хэн нэгэнд шивнэж өс авах эрхэм биш биз гэх хардлагыг хүмүүсийн дунд төрүүлж бйагаа юм билээ.

ЭЦГ-ын дэд дарга асан Ч.Сангарагчаа

Б.Хурц, Ч.Сангарагчаа гэж хоёр хүний дунд нэг хэсэг том дайн өрнөсөн. Нэг нь нөгөөгөө шалгаж, энд тэнд мөнгө босгон баяжиж хөлжсөнийг нь илчлэн чамгүй хөөрхөн дуулиан шуугиан дэгдээж байлаа. Гол учир нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсныхоо дараагаас Авлигатай тэмцэх газрын даргыг халах тухай ил тодоор зарлан, шадар нөхдөө илгээн ажил төрлийг нь шалгуулан хэл амны бай болгож байлаа. Ч.Сангарагчаа ч зүгээр суугаад ажлаа өгчих нэгэн биш тул албан тушаалыг нь булаах ажиллагааг идэвхийлэн хийж буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцад хариу барьсан байж болох юм. Яагаад гэвэл Б.Хурцыг Европоос Д.Энхбатыг хулгайлж ирэнгүүтээ тагнуулынхан Эрүүгийн цагдаад хүлээлгэж өгсөн учраас энэ асуудлыг тухайн үед тус газрын дэд дарга байсан хурандаа Ч.Сангарагчаа мэдэлгүй өнгөрнө л гэж байхгүй болохоор ингэж хардаж буй юм билээ.

Н.Саран


URL:

Tags:

Нэр: Austfrumma Огноо: 7 June 2019

Best Generic Viagra Manufacturers Interaction Of Nyquil And Amoxicillin Cheap Viagra Online buy cialis online Forum Levitra Generico Propecia Canada Pharmacy Online

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.