Х.Тэмүүжин сайд аа, шинэчлэлээ өөрийнхөө хүмүүсээс эхэл
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас ЗЦГ-ын Мэргэжил хяналтын хэлтсийн дарга, ахмад Г.Өлзийсайхан нарын хүмүүсийг шалгаж эхэллээ. Тэд Өмнөговь аймагт ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Фендатунли” компанийн ажилтнуудад холбогдох хууль, журмыг зөрчиж, жолооны үнэмлэх гаргаж өгсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Ингэхдээ их хэмжээний шан харамж авсан байж болзошгүй байна. Жолооны үнэмлэхийн нэг ангиллыг ахиулахад нэг сая төгрөгийн ханштай гэж жолооч нар хэлдэг. Тэгвэл Г.Өлзийсайхан ахмад хариуцсан чиг үүргийнхээ шугамаар БНХАУ-ын 39 иргэнд B, C, E ангиллын жолооны үнэмлэх гаргаж өгсөн гэх хөдөлшгүй баримт хуулийнханд байна.
Учир мэдэх нэгний яриагаар, Г.Өлзийсайхан ахмадад Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын удирдлагуудын нэг нь энэхүү “халтуур”-ыг олж өгсөн ч байж болзошгүй байна. Энэ тухай эх сурвалжуудаас цуглуулсан мэдээллийг хүргэе.
Буянт-Ухаа боомт дахь хил, гаалийн ажилтнууд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр БНХАУ-ын иргэнийг энэ сарын 6-нд саатуулжээ. Нисэх буудлын явагчийн танхимаар гарч явсан Ma Xuang Mel-ийн гар тээшийг рентгэн төхөөрөмжөөр шалгахад Монгол Улсад хүчинтэй жолооны үнэмлэхүүд байжээ.
Гаалийнхан зорчигчийн гар тээшинд нэгжлэг хийхэд манай улсад хөдөлмөр эрхэлдэг БНХАУ-ын 39 иргэний жолооны үнэмлэх байсан байна. Жолооны үнэмлэх B, С, Е ангиллынх байжээ. Хууль зүйн сайдын хэдхэн сарын өмнө гаргасан тушаалын дагуу бол Монгол Улсын нутаг дэвсгэрт доод тал нь зургаан сар ажилласан гадаадын иргэнд жолооны үнэмлэх хэвлэж өгөхийг зөвшөөрөх заалттай.
Гэтэл Хөдөлмөрийн яамтай “Фендатунли” компанийн байгуулсан “Гадаадаас ажиллах хүч авах тухай гэрээ”-ний дагуу оруулж ирсэн БНХАУ-ын иргэн аравдугаар сарын дундуур л манай улсын хилийг давсан тухай бүртгэл ХХЕГ-ын бүртгэлд байна. Үүнээс үзвэл, ЗЦГ-ын Мэргэжил хяналтын хэлтсийн дарга Г.Өлзийсайхан дээрх хүнд салбарын сайдынхаа тушаалыг зөрчиж байгаад үнэмлэх гаргаж өгчээ. Гэмт хэргийн шинжтэй энэхүү үйлдлийг хил, гаалийн ажилтнууд холбогдох байгууллагад мэдэгдсэнээр Б.Пүрэвцогт хурандаагийн толгойлдог УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан хэргийн араас оржээ.
Гэтэл байцаан шийтгэх ажиллагааны явцад ГИХАЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Цолмон нөлөө үзүүлж эхэлсэн байна. Тэрээр хятадуудын жолооны үнэмлэхийг хурааж авсан хил, гаалийн ажилтнуудыг дарамталсан бололтой. Ямартай ч, эд мөрийн баримтаар хил дээр хураасан жолооны үнэмлэхүүдийг гаалийн ажилтнууд Б.Цолмон даргын туслахад өгчээ.
Гадаадын иргэдэд хяналт тавих чиг үүрэгтэй ГИХАЭГ хэмээх энэ байгууллагын удирдах албан тушаалтан ийнхүү “Фендатунли” компанийн ажилтнуудад хууль бусаар авсан жолооны үнэмлэхийг нь буцаан олгож тусалжээ. Ийм учраас УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан Г.Өлзийсайхан нарын хэрэгт холбогдуулан Б.Цолмон даргыг ч шалгаж мэдэхээр байгаа юм. Магадгүй Б.Цолмон дарга дарамтад орсноосоо ийм үйлдэл гаргасан байж мэднэ. Түүнийг машинтайгаа явж байхад нь “Land 100” унасан хүмүүс хааж зогсоод тархи, нурууг нь гэмттэл зодсон гэх яриа бас бий.
Сураг сонсвол, Х.Тэмүүжинг УИХ-д сонгогдохоос өмнө дагаж явсан итгэлтэй хүмүүсийнх нь нэг Б.Цолмон даргыг гэдэг гэсэн. Ийм ч учраас Х.Тэмүүжин сайд Монголд хэдэн хятад иргэн байдгийг мэддэггүй, ХХЕГ, ЦЕГ-тай зарим чиг үүргээрээ давхцсан ГИХАЭГ-т шинэчлэл хий гэж Б.Цолмонг томилсон болов уу. Гэтэл сайдын хөтөлж авчирсан хүн нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид үйлчилж, хил гаалийнханд “бааварлаж” явна. Улсын дугаарын бизнесээс арайхийн салсан ЗЦГ-т хэлтсийн дарга нь жолооны үнэмлэхээр бизнес хийж яваа бололтой.
Г.УЛСБОЛД
topmedee mn
URL:














