Хоёр Баатарын шоудах арга цалин нэмэх болов уу?
Өнөөдрийн нийгмийн хэм маяг болоод байгаа нэгэн зүйл бол шоудах. Энэ ч утгаараа хэсэг шоудаад олны танил болчих аваас цаашдын мөр нь цэгцрэх юм шиг л ард иргэдийнхээ итгэл сэтгэл дээр дөрөөлөн наадах ухаанаа олох юм.
Монголын үйлдвэрчний эвлэлийн дарга асан УИХ-ын гишүүн С.Ганбаатар өмнө нь тус эвлэлийн даргаар ажиллаж байхад зөвхөн ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө хэмээн “хэлээ хүрэх газар заргалдаж хөлөө хүрэх газар явдаг” байсан тэр байтугаа хэдэн өдрөөр суулт зарлан Засгийн газраа буулгаж явсан түүхтэй. Гэвч УИХ-ын гишүүний суудалд суугад л өнөө тэргүүнүүдийн нэгэн адил элэг нэгтэй ард иргэдээ мартаж орхиод сэрүүн зүүд шиг амьдралдаа хөлбөрсөн гэж болно.
Өнөөдөр С.Ганбаатарын орыг залгаж Х.Амгаланбаатар ч мөн шоудах аргаа олсон. Ард иргэдийн ажлын хөлсийг 50 хүртэл хувиар нэмнэ хэмээн муйхарлаад сууж байгаа. Түүний хэлснээр бол төрийн албан хаагчдын цалинг төдийгүй хувийн хэвшлийн байгууллагуудын дарга удирдлагатай тохиролцон цалинг нэмэгдүүлэх тухай ярьж яваа. Ер нь улсын төсөвт суугдаагүй их хөрөнгийг хаанаас гаргах гээд Засгийн газраас шахаж буйг ойлгоход бэрх. Цалин тэтгэвэр нэмэгдэхээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаад л өсдөг “моод” манай энэ нийгэмд дэлгэрсэн. Гэтэл энэ үнийн хөөрөгдлөөс хэн хохирдог вэ? Зөвхөн ард иргэд л хохирч үлддэг.
Энэ байдлыг дэвэргэх гэсэн шиг УИХ-ын гишүүн С.Ганбаатар ордны цонхоор “Цалинг 50-60 хувь хүртэл нэмэх ёстой” хэмээн бас ч үгүй хээв нэг ам алдаж суугаа байдал нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Х. Амгаланбаатарын үйлдлийг хөөрөгдөж суугаа сурагтай. Ийнхүү хоёр баатар маань ер нь дөрөө харшуулан ард иргэдийнхээ цалинг нэмнэ хэмээн шоудаж суугаа бололтой.
Ч.Мөнхбат
URL:














