Хятад эмч охидыг маань зүгээр байлгахгүй нь

doctor_2700906b

Танилын маань найз ийн ярив. Тэрээр хятад эмчтэй эмнэлэгт сувилагчаар ажилладаг юм. “Өнөөдөр манай эмнэлэгт нэг охин ээжийнхээ хамт ирж үйлчлүүлсэн юм. Эмч ээжийнхээ биеийг үзэж эмчилгээгээ зүү тавих аргаар эхлэнэ гэв. Ингээд ээжийн биед 20 минутын хугацаатай зүү тавьчихаад охины чинь биеийг сайн үзэх шаардлагатай, иймд нөгөө өрөөнд оруулах хэрэгтэй гэж хэлээд авч орсон. Нөгөө өрөө гээд байгаа нь өөрийнх нь ажлын өрөө шүү дээ. Намайг дуудаад үүдэнд буй ширээний зузаан бүтээлгийг аваад ир гэж хэлээд хаалгаа дотроос нь янгинатал түгжиж авсан даа”. Тэрээр энэ талаархи мэдээллийг иргэдэд хүргэж өгөөч гэсэн юм. Ингээд эмнэлгийн ажилтан эмэгтэйгээс хэдэн асуултад хариулт авав.

-Танай эмнэлэг ямар нэртэй юм бэ?

-Нэрийг нь хэлмээргүй байна. Учир нь би энэ эмнэлэгт ажиллаж хоолоо олж иддэг юм. Хятад бариа заслын эмнэлэг.

-Эмч нь хятад юм уу. Эмнэлгийн эзэн нь ямар нэртэй хүн байдаг юм бэ?

-Эмнэлэгийн эзэн нь эхнэр, нөхөр хоёр байдаг юм. Хоёулаа хятад хүмүүс. Тэд эмчилгээгээ өөрсдөө гардаж хийдэг. Эмчилгээ нь сайн, хүмүүс ч андахгүй мэддэг.

-Эмч нь өөрөө эмчилгээгээ хийдэг гэсэн. Тэгэхээр тэр охиныг өрөөндөө оруулж зүгээр л үзлэг хийсэн юм биш үү. Танай эмнэлэг хэдэн ажилтантай юм бэ?

-Хааяа эхнэрээ байхгүй хойгуур охидууд үйлчлүүлэх гээд ирвэл яаж ийж байгаад өрөөндөө авч ороод таг болчихдог юм. Манай эмнэлэг хятад хэлний нэг орчуулагч, хоёр монгол сувилагчтай. Нэг их том эмнэлэг биш.

-Тэгээд ажлынхаа өрөөнд охидыг дагуулж ороод үзлэг хийдэггүй гэсэн үг үү. Энэ талаар мэдэх зүйл байна уу?

-Ямар юмаараа эмчилгээ хийхэв дээ. Манай ажилчид гайхаад л байдаг юм. Дарга одоо бичиг цаасныхаа өрөөнд эмчилгээ хийнэ гэж байх уу гээд л. Өчигдөр тэр охиныг өрөөндөө авч орсны дараахан даргын эхнэр ирээд яахаараа ширээний бүтээлэг энэ өрөөнд ордог юм бэ. Та нар чинь ажлаа хийдэггүй юм уу гэж биднийг загнахаар нь дарга өрөөндөө үзлэг хийсэн гэхэд ихэд гайхаж хятадаар нэг юм хэлээд л гараад явсан. Тэд хоорондоо нэлээд маргалдсан.

-Дагуулж орсон охид тэгээд яаж байх юм. Өөрсдөө гомдол мэдүүлэх юм уу эцэг эх нь янз бүрийн асуудал хэлж ирсэн тохиолдол байсан уу?

-Байлгүй яахав. Нэлээд хэд хоногийн өмнө нэг охины ээж өглөө эмнэлэг онгойгоогүй байхад л үүдэнд ирчихсэн танай эмч чинь хаа байна. Өчигдөр миний охинд зүү тавина гэж өрөөндөө авч орчихоод элдэв юм ярьж мөнгө амлаж унтаж хэвтэх санал тавьсан байна. Үүгээр ч зогсохгүй эсэргүүцсээр байтал баахан юм ярьж өөрийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэх гэж оролдсон байна. Би хэлэх газар нь хэлэх болно гэж баахан хашгирсэн. Ингээд даргыг ирэхэд бөөн ууртай уулзаж нэлээд удаан ярилцсаны дараагаар гарч яваад иргэж ирээгүй. Бас нэг удаа ийм асуудал гарч нэлээд хэл ам таталж байгаад таг болчихсон. Ер нь ажиглаад байхад хүмүүс ирж хэл ам хийдэг ч намжчихдаг. Тэр нь их сонин санагддаг. Манай ажилчид даргыг маш том дэмжлэгтэй гэж ярих юм билээ. Хааяа сэтгэл өвддөг юм. Монголчууд маань гадныханд “идүүлж” дуусч байна. Нэг жижигхэн хувийн эмнэлгийн даргын болчимгүй үйлдлийн эсрэг яаж ч чадахгүй байна шүү дээ.

-Эмчилгээний төлбөр хэдэн төгрөг байдаг юм. Эм бэлдмэлээ хаанаас оруулж ирдэг юм?

-Манайх курсээр эмчилгээгээ хийдэг. Нэг өдрийн эмчилгээ 15 мянган төгрөгөөс дээш төлбөртэй. Ер нь эмчилгээ нь үнэтэйдээ ордог. Эмийн ургамал, зүү төөнүүр гээд бүх зүйлээ урдаас захиалж оруулж ирдэг. Манайн эмнэлэгийн эмчилгээ муу биш л дээ. Гэхдээ охидоо хятадуудаас нуух хэрэгтэй болж байх шиг. Энэ тал дээр хяналт тавьдаг газрууд байдаг л байх. Нийслэлд үйл ажиллагагаа явуулдаг эдгээр эмнэлгүүдэд гэнэтийн шалгалт хийж, үйлчлүүлэгчдийн утасны дугаараар нь холбогдож асуух хэрэгтэй байх гэв. Өнөөдөр бид өвдөх эрхгүй хорвоод амьдарч байх шиг. Учир нь улсынхаа эмнэлэгт хандахаар буруу зөрүү оношилно. Эсвэл тохирохгүй эм, эмчилгээ хийчихнэ. Хүндээр өвдвөл гаднын эмнэлэгт хандаж, гадны орныг зорьхоос өөр гарцгүй болчихно. Гайгүйхэн хувийн эмнэлэгийн эмчилгээний төлбөр нь дийлдэхгүй гээд тоочоод байвал зовлон барагдахгүй биз. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээг хянаж шалгадаг, хэлж ярьдаг хүн байхгүй байгаагийн нэг жишээ. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн хэчнээн эмнэлэг байдаг, ямар хяналт тавьдаг талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга С.Туулаас тодрууллаа

-Манай улсад үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлгүүдэд зөвшөөрлийг ямар шалгуураар олгодог юм бэ?

-Нийслэлийн эрүүл мэндийн газраас нийтийн үйлчилгээтэй эмийн сангууд болон, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн, сувилалын гэсэн чиглэлийн дагуу тусгай зөвшөөрлийг олгодог. Зөвшөөрлийг олгохдоо Эрүүл мэндийн сайдын тушаалаар төслөөр шалгаруулж, ажлын байрны дүгнэлтийг гаргуулж, комиссын хурлаар оруулан шаардлага хангасан тохиолдол олгодог.

-Хятад эмнэлгүүд нэлээд олон болж. Эдгээр эмнэлэгийн зөвшөөрлийг ямар шалгуураар олгодог вэ. Мөн хувийн эмнэлгүүд ямар шалгуураар магадлан итгэмжлэл авдаг юм вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалттай улсын хэмжээний эмнэлгүүдэд Эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрлийг олгодог. Зөвшөөрөл авсан эмнэлгүүд Эрүүл мэндийн яаманд Магадлан итгэмжлэл авах хүсэлтээ тавьдаг. Ингээд яамны комисоос шалгалт явуулсны эцэст магадлан итгэмжлэлд оруулдаг.

-Жижиг хувийн эмнэлгийн талаархи гомдол иргэдээс хэр ирдэг вэ. Ер нь зөвшөөрөлгүй хэрнээ үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд байдаг байх?

-Ер нь энэ талаархи гомдол бага ирдэг. Харин зөвшөөрөлгүй мөртлөө үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг эмийн сан олон байна.

-Улаабаатар хот үйл ажиллагаа явуулдаг хувийн хичнээн эмнэлэг байдаг вэ. Нарийн тоо баримт байдаг байх?

-Нийслэлийн эрүүл мэндийн газар бүртгэлтэй 900 гаруй хувийн эмнэлэг бий.

-Хятад эмч үйлчлүүлэхээр ирсэн залуу бүсгүй болон, үйлчлүүлэгчдийнхээ охидтой зүй бусаар харьцдаг. Өөрөөр хэлбэл садар самуунд уруу татдаг гэсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Уламжлалт аргаар үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд Хятад, Солонгосоос эмч авч ирдэг. Тэд л ийм үйлдэл гаргаж байж болзошгүй. Тэгэхээр ийм эмнэлгүүдийн үйл ажиллагааг шууд хаах хэрэгтэй байна. Иргэд өөсдөө бидэнд хандвал бид шалгалт явуулах болно. Ямар нэртэй, хаанаас зөвшөөрөл авсан нь тодорхойгүй тохиолдолд бид энэ олон эмнэлгээр явж шалгалт хийнэ гэж байхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих