Улс төрөөс хараат бус байх ёстой байгууллагын хүн улс төрд “урвах” сурагтай

Эвслийн Засгийн газар элэг бүтэн болж, Н.Алтанхуягийн баг үндсэндээ бүрдлээ. Гэхдээ томилгоо ингээд дуусч байгаа юм биш. Ардчиллаар хаяглагдсан бүхэн л аль нэг газар, агентлагийн дарга болчих санаатай зүтгэж байна. Амралтгүй ажиллах амлалт өгсөн шинэ сайдуудын арыг нь хариуцах дэд сайдуудын суудал гэж бас бий. Төсвийн ерөнхий захирагч, төрийн албаны аль алинд ч ордоггүй энэ местэд очих гэсэн уртаас урт нэрийн жагсаалт улс төрийн хүрээнд яригдаж байна. Эвсэж ажиллах гэрээ байгуулсан Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ууд парламентад авсан суудлынхаа харьцаагаар дэд сайдуудаа хуваарилж авахаар тохиролцсон.

Түрүүлээд Ардчилсан намын Дэд сайдуудын нэр тодорч эхэллээ. Засгийн газарт эвсэж ажиллах саналыг хүргүүлэх эрх бүхий субъект юм хойно арга ч үгүй биз. Гэхдээ тоон дотор үсэг цохиж явна гэгчээр хэвлэлийн хуудаснаа зарлагдаж байгаа дэд сайдуудын дотор “үгүй байлгүй дээ” гэмээр эрхмүүд ч явж байна. Тухайлбал Хууль зүйн яамны дэд сайдаар Авлигатай тэмцэх газрын тамгын хэлтсийн дарга Ч.Өнөрбаяр, Увсад нэр дэвшээд унасан Т.Мэндсайхан нарын нэр сонсогдов. Т.Мэндсайхан ч яахав намын томилгоо гэж ойлгоё. Угаасаа Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшээд ялагдсан, эсвэл жагсаалтын араар бичигдсэн хүмүүсээ дэд сайдад тавихаар болж байгаа. Харин Ч.Өнөрбаярын нэр яахаараа улс төрийн томилгоон дотор цохиж явдаг билээ. Авлигатай тэмцэх газар гэдэг бие даасан, хараат бус, Монгол төрийн тусгай байгууллага. Тиймдээ ч Авлигатай тэмцэх газрын албан хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албанд хүндэтгэлтэй хандана гээд заачихсан байдаг.

Хамгийн гол нь улс төрөөс хараат бус төрийн ганц байгууллага гээд хэлчихэд буруудахгүй. Анхнаасаа ийм статустай байгуулагдсан. Гэтэл улс төрийн сонгуулийн үр дүнгээр засгийн эрх нэг намаас нөгөөд шилжих завсрын үеийн албан тушаал руу төрийн тусгай байгууллагын алба хаагч зүтгэж байгаа хэрэг үү. Тэр тусмаа Авлигатай тэмцэх газрын тамгын хэлтсийн дарга гэдэг байгууллага дотроо гуравт эрэмбэлэгдэх өндөр албан тушаал. Одоо очихоор яригдаж байгаа Хууль зүйн яамны дэд сайдын суудлаас ч том хэргэм. Хэрвээ Ч.Өнөрбаяр Хууль зүйн дэд сайд болох гэж байгаа нь үнэн бол өнгөрсөн хугацаанд тус байгууллагаас мөрдөж, шалгаж, нотолсон бүх хэргүүдэд эргэлзэхэд хүрнэ. Өчигдрийн нэгэн хэвлэл дээр “Ч.Өнөрбаярын одоогийн албан тушаал нь дэд сайдаас илүү ч, дотны найз Х.Тэмүүжингийн ажилд туслахаар Хууль зүйн яам руу гулсч магадгүй юм” гэжээ. Улмаар Ч.Өнөрбаяр нь Х.Тэмүүжин сайдтай их сургуульд хамт багшилж байсан, зүү орох зайгүй найзууд гэдгийг тодотгосон байх юм. Бараг л нууцын зэрэглэлд багтаж, тусгай үйл ажиллагаа явуулдаг Авлигатай тэмцэх газрын тамгын хэлтсийн даргад амин найзынхаа ажил хэрэгт нь туслах гэсэн ойлголт байж таарахгүй. Тэгэхээр миний уншсан тэр мэдээлэл эндүүрэл байгаасай.

“Улстөрчид өө, бидний ажилд оролцож гэж бүү оролдоорой” гэж сүржин мэдэгдэл хийж байсан энэ залуу өөрөө ингээд улстөрчдийн ажилд хошуу дүрж эхэлж байгаа юм биш биз дээ.

Б.Энхжаргал

Short URL: http://sharmedee.mn/?p=14232


URL:

Сэтгэгдэл бичих