Шинээр хийх бизнес Монголд үлдсэн үү?

Шинээр хийх бизнес Монголд үлдсэнгүй хэмээн бодож бас ч үгүй өөрт байгаа хэдэн төгрөгөө хэрхэн өсгөхөө мэдэхгүй байгаа залуус манай улсад цөөнгүй бий байх аа. Харин энэ удаа ийм залууст, шинэ гарц, боломж эрэлхийлж байгаа нийт хүмүүст өчүүхэн ч гэсэн санаа өгөх үүднээс forbes.ru  онлайн сэтгүүлд тавигдсан нэгэн нийтлэлийг манай сайт товчлон хүргэж байна.
Интернэт-дэлгүүрийн үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ?
Шинээр нээгдсэн онлайн хайпермаркет болох  Clickandpay худалдан авагчдийг хэрхэн татах гэж байна вэ? Ер нь интернэтээс худалдан авалт хийхэд юу нь чухал байдаг бол?
Сандалаасаа өндийлгүй байрныхаа төлбөрийг хийж, бүтээгдэхүүн худалдан авч, бэлэг хүргүүлэх зэрэг өргөн боломжууд нээгдсээр байна. Тухайлбал манай хойд хөрш ОХУ-д цахим худалдаа жил бүр 30 хувиар өсч, 2012 оны урьдчилсан дүнгээр 400 сая рубльд хүрсэн гэх тооцоо бий. Ер нь цахим сүлжээний дэлгүүрүүд нэг жилд дэлгүүр хэсэхэд хумслагддаг цагаас 432 цаг буюу 18 хоног хэмнэж буй тооцоо гарчээ. Гэвч Оросын Bay.ru-гийн гаргаснаар Орос дахь цахим худалдааны барааны эргэлт 2011 онд дөнгөж 1,5 хувьтай гарсан байна. Гэтэл энэ үзүүлэлт АНУ-д 5,5 хувь хүрсэн байдаг. Харин шинэ онлайн хайпермаркет болох Clickandpay энэ оны эхээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ сүлжээг үндэслэгч Кирилл Войцехович-Казанцевын төлөвлөгөөгөөр 2015 онд 10 худалдан авалт тутмын нэг нь нэтээр хийгдэх ёстой гэнэ. Хамгийн гол нь худалдан авагчид хэрэгтэй зүйлийг нь л өгөх ёстой. Ер нь интернэтээс худалдан авалт хийхэд юу нь чухал байдаг бол?
Өргөн сонголт
Clickandpay-г үндэслэгчид нь кибер захаа Москва дахь хамгийн том худалдааны төв “Мега Белая Дача” /183000 кв,м талбайтай/-гаас даруй 300 дахин том багтаамжтай байна гэж мэдэгдээд байгаа. Мөн энэ зах зээлийн хамгийн хүчтэй тоглогчийн нэг Wikimart-аас ялгаатай нь Clickandpay үйлчлүүлэгч нартаа зөвхөн бараа бүтээгдэхүүн бус хөнгөлөлтийн карт, хүнсний бараа, жуулчлалын эрхийн бичиг, тооцооны эрх /байрны мөнгө, гар утасны төлбөр, интернэтийн төлбөр, сургалтын зардал г.м/, бүр үнэгүй мессэж бичих эрх гэх мэтийг бэлэглэхээр төлөвлөж байна.
Энэ хайпермаркет одоо аль хэдийнэ 70-аад интернэт дэлгүүртэй болсны дотор Оростоо алдартай Sapato, Holodilnik.ru, Ozon.ru зэрэг байгаа юм.
Хагас жилийн дотор Clickandpay-н бараа бүтээгдэхүүний нэр төрөл 300000 хүрч өдөр бүр нэтээр 10 мянган хэрэглэгч холбогддог болоод байна. Энэ хайпермаркетийн хамгийн өргөн зарагддаг бүтээгдэхүүн нь гутал, хувцас юм.
Тав тух, хялбар байдал
“Рунетэд /Оросын нэтийн сүлжээ/ 10 000 интернэт дэлгүүр бий, гурван жил тутам хоёр дахин өсөөд тэр шүү дээ “гэж шинжээч Роман Субботин хэлж байна. Мөн үргэлжлүүлэн “Интернэт дэлгүүрүүд өөртөө мянга мянган үйлчлүүлэгч татахын тулд тэднийг худалдааны талбайд цуглуулах нь хамгийн сайн арга юм” гэлээ.
Өөртөө бусдын үйлчлүүлэгчдийг татахын тулд Clickandpay тусгай нөхцөл гаргаж ирж байна. Худалдан авагч нарт хайпермаркетаар үйлчлүүлэхэд нь хялбар болгохын тулд бүх дэлгүүрүүддээ нэг л дүрэм мөрдүүлж байна. Үйлчлүүлэгчээс захиалга авахдаа зөвхөн утасны дугаар л шаардах юм. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийн логин нэр, нууц үг, е-мэйл хаяг шаардахгүй гэсэн үг.
Clickandpay-г үндэслэгчид  төлбөрийг бүхий л хэлбэрээр хийхийг зөвшөөрнө. Бэлэн мөнгөөр, картаар, эсвэл интернэтээр, төлбөрийн системээр, гар утасаар гэх мэтчилэн. Мөн нэр бүхий банкуудтай энэ хайпермаркет нь онцгой түншийн харилцаатай байдаг аж.
Харамгүй өгөөмөр зан
Худалдан авагчидийг өөртөө татахын тулд хэрэглэгчдийн худалдан авалт хийх бүрт нь тухайн бүтээгдэхүүний үнэ ямар ч байсан үнийн зарим хэсгийг буцаан олгодог. Жишээлбэл хэрэглэгч 3000 рублийн үнэтэй гутал худалдаж авлаа гэхэд 97 рубль тооцоонд чинь эргэн ирнэ. АНУ болон Европт үйлчлүүлэгчээ татах энэ загварыг Cashback хэмээн нэрлэх бөгөөд үлэмж алдартай гэдгийг дээрхи орнуудад ажиллаж амьдарч байсан монголчууд сайн мэдэх байх аа. Гадаадын хамгийн нэртэй кэшбэк олгогчид бол ebates.com  болон topcashback.co.uk байдаг. Эдгээр сүлжээний дэлгүүрүүд хэрэглэгчдэдээ худалдан авалт тутамд 2 %-ийг нь эргүүлэн олгохоо амладаг юм. Харин Оросын энэ шинэ хайпермаркетийг үндэслэгч Кирилл Войцехович-Казанцев яг дээрх системээр ажиллана хэмээн амлаж байна. Гэвч харамгүй өгөөмөр сэтгэл нь энэ бүхнээр дуусахгүй төрөл бүрийн урамшуулалд байх болно гэж хэлж байна.
Ерөнхийдөө орчин үед дэлгүүр хэсэх буюу шоппинг хийх гэдэг нэг төрлийн дон ч гэж үзэх болсон бөгөөд эрчимтэй урагшилж буй энэ үед хүний цаг заваас ихээхэн хумсалдаг нь нийтэд илэрхий зүйл. Тэгээд ч манай улсад төдийлөн өргөн нэвтрээгүй энэ салбарт хүч үзэх боломж байна гэдгийг нэмж хэлье.
Бэлтгэсэн С.Майдар


URL:

Сэтгэгдэл бичих