Б.Бямбадорж 12 тамирчны өмнө олимпийн барианд орлоо
Өвлийн XXII олимпийн наадамд оролцохоор ОХУ-ын Сочи хотыг зорьсон Монгол Улсын цаначин ОУХМ Болдын Бямбадорж өчигдөр гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ийн сонгомол тэшилтийн төрөлд уралдаж 48 минут 29 секунд 6 дойлийн амжилтаар 92 тамирчнаас 80 дугаар байранд орлоо.
Эх орноо төлөөлөн цагаан олимпийн цасан замд хурдаа сорьсон ОУХМ Б.Бямбадорж нь Монголын цаначдын өлгий нутгийн нэг Булган аймгийн Бугат сумын уугуул. Тэрбээр 14 наснаасаа эхэлж цанын спорттой нөхөрлөж, үе тэнгийн тамирчин Ч.Отгонцэцэгийн хамт 2009 оноос УАШТ-д оролцож эхэлжээ. Тэр шилдэг цаначин болохоо харуулж гүйлтийн цанын хэд хэдэн төрөл, зайд Монгол Улсын аварга цолыг 10 гаруй удаа хүртжээ.
Өвлийн XXII олимпийн наадмын сонгомол тэшилтийн төрөлд Швейцарийн тамирчин Дарио Колонья 38:29.07 хугацаанд барианд орж, Сочигийн цагаан олимпийн алтан медалийн эзэн боллоо. Тэр өмнө нь Ванкуверийн олимпийн наадамд цанын 15 км-ийн чөлөөт тэшилтийн төрөлд түрүүлж байсан юм. Тэрбээр Сочигийн олимпийн наадмын эхний өдөр скиатлон /сонгодог -чөлөөт тэшилтээр 15 км/ төрөлд алтан медаль хүртсэн билээ. Харин энэ удаа дахин түрүүлснээр өвлийн олимпийн гурав дахь алтан медалиа хүртэж байна. Шведийн Ольссон /38:58.2/, Даниэль Ричардссон /39:08.5/ нар мөнгө, хүрэл медаль хүртэв.
URL:













