“Эзнээ олоогүй зээлийг эргүүлэн татна”

batamgalan-middleСум хөгжүүлэхэд зориулагдсан “Сум хөгжүүлэх сангийн” зээлийн хэрэгжилтийн талаар хөдөөгийн иргэд, малчдын, сумын төвийн иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлын төвшинг бууруулах, мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн хөгжлийг сайжруулахад зориулагдсан “Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилтийн” төслийг  Хөдөлмөрийн яамнаас танилцууллаа.

Энэ үеэр Жижиг дунд үйлдвэрлэлийн үйлдвэр хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалантай ярилцлаа.

-Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй байлгахыг УИХ-ын байнгын хорооноос үүрэг болгосон. Энэ ажил ямар явцтай байна вэ?
-Сум орон нутагт хэрэгжиж байгаа “Сум хөгжүүлэх сан”-ийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгохоос гадна тэдний эрхзүйн орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ нь тухайн төсөл шалгаруулах комисс, сум хөгжүүлэх төслийг хүлээж аваад сумынхаа ард иргэдээр хэлэлцүүлэх арга барилыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

УИХ-аас авсан үүрэг чиг даалгавар бий. 330 сумын сум хөгжүүлэх сангийн 2011-2013 онд хэн хэдэн төгрөг авсан мэдээллийг Хөдөлмөрийн яаманд онлайнаар хүргэсэн байгаа. Мөн энэ талаарх мэдээллийг УИХ-аас аймаг, сум, багийн мэдээллийн самбарт ард иргэдэд ил тод байрлуул гэсэн хүсэлт ирүүлсэн. Яагаад гэвэл төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа ард нийтэд ил тод байна гээд журамд заагаад оруулчихсан.

Сум дүүрэг хөдөө орон нутагт ажилахдаа энэ чиглэлийн ажлыг давхар хянаад явах юм. Ингэснээр сум хөдөө орон нутгийнхны худалдаа наймаа хийх эрхзүйн орчинг нээлттэй болгож өгөх гэж байгаа юм. Энэ нь тухайн төсөл сонгон шалгаруулах комисс төслийг хүлээж аваад энэ арга барилыг нэвтрүүлэхээр зорьж байна.

Тухайн сумын эдийн засгийн мөрийн хөтөлбөрт нь нэмэртэй, хөдөөгийн иргэд багийн, малчдын төлөөлөлтэйгөө ирсэн байх ёстой. Одоогийн байдлаар 11 төсөл ирсэн байна. Эхний ээлжинд 50 сая төгрөгөөр санхүүжүүлнэ.

-Ил тод байлгана гэхээр мэдээллээ гаргаад л болох уу. Зээлийн хугацаа, хүүгийн талаар танилцуулах уу?

-Энэ нь тухайн сумын, орон нутгийн эдийн засгийн мөрийн хөтөлбөрт нь ач холбогдолтой, Засаг даргын мөрийн хөтөлбөрт нь нийцсэн төслийг шалгаруулна. Соёлын төвдөө сумын иргэдээ цуглуулж байгаад, хөдөөгийн иргэд багийн даргын төлөөлөлтэй хэлэлцүүлэхийг шаардаж байгаа. Ингэснээр хамгийн гол нь ил тод байна гэж үзсэн.

Сум хөгжүүлэх зээл нь хамгийн хөнгөлөлттэй зээл байгаа юм. Тус зээл гурван жилийн хугацаатайгаар гурав хүртэлх хүүтэйгээр олгодог зээл. Банкаар дамждаггүй. Барьцаа хөрөнгийг банкны тавьж буй шиг өндөр хэмжээнд шаарддаггүй. Тухайн сум, орон нутагт нь эрх мэдлийг олгосон зээлийн эх үүсвэр юм. 2011 оноос хойш сум хөгжүүлэх зээлийг олгож байна.

-Одоогийн байдлаар сум хөгжүүлэх сан хэчнээн төгрөгийг зарцуулаад байгаа бол. Үр дүн нь харагдаж байна уу?
-2011-2013 онуудад тус бүр 24 тэрбум нийт 72 тэрбум төгрөгийг 330 суманд хүн амын тооноос нь шалтгаалаад олгосон. Хамгийн бага хүн амтай суманд 50 сая төгрөг, их хүн амтай аймгийн төв болох Сайншанд, Замын-Үүд зэрэгт 265 сая төгрөгийг хуваарилсан. Үүнийг манай хөдөөгийн иргэд ялгааг нь ойлгохгүй байх шиг байна. “Сум хөгжүүлэх сан” нь орон нутгийн хөгжлийн сангаас ялгаатай.

Тухайн сумын хөгжлийн бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдсан, тухайн сумандаа ажлын байр бий болгохуйц эдийн засгийн хувьд дорвитой хувь нэмэр оруулахуйц байх ёстой. Тухайн сумын хөгжлийн төвшинг дээшлүүлэх хямдхан төсөл юм.

-Хөдөөгийн иргэд болон жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид банкнаас зээл авахад барьцаа хөрөнгийн асуудал тулгардаг. Үүнийг шийдэхэд ямар үүрэгтэй оролцож байна?

-Барьцаа хөрөнгийн асуудлыг банкаар дамжуулахгүй зээлийн эх үүсвэрийг шийдэж өгснөөрөө Монгол Улсын Засгийн газраас хөдөөгийн малчид, сумын төвийн иргэдэд нэлээд ойртсон, хэрэгтэй эх үүсвэрийг баталж өгсөн. 2012 оны санхүүжүүлэгдсэн 24  тэрбум төгрөгийг арванхоёрдугаар сарын 20-ны үеэр бүх сумдуудаар хүргүүлсэн байгаа.

Сумын төсөвт оройтож орсон шалтгаан нь сонгууль болж байсантай холбоотой байсан. Энэ жилийн 24 тэрбум төгрөгийг сарын эхэнд буюу гуравдугаар сард сум орон нутгийн төсөвт шилжүүлсэн. Энэ оны 24 тэрбум төгрөгийг гуравдугаар сард тодорхой хуваарийн дагуу бүх сумдаар хүргүүлсэн. Хамгийн бага хүн амтай сумдад ойролцоогоор 100 сая төгрөг хуваарилагдсан байгаа. Энэ бол хөдөөгийн иргэдэд хамгийн хэрэгцээтэй зээлийн эх үүсвэр юм. Оны эхэнд төсөвт суулгах учир нь бүтээн байгуулалт, худалдаа үйлчилгээ явуулахад улирлын шинж чанартай үйл ажиллагааг явуулдаг учраас эрт олгогдох ёстой гэсэн Хөдөлмөрийн сайдын гаргасан чиглэлийн дагуу ийм шийдвэр гарсан. Ингэснээр илүү оновчтой шийдэл болно гэж үзсэн.

-72 тэрбум төгрөг зарцуулснаар хэчнээн үйлдвэртэй болсон бэ?

-Эх үүсвэр нь их бага хэмжээгээр сумдад очсон. Нэгдүгээр улирлын байдлаар 4599 төслийг дэмжсэн байна. Аймаг сумдаас авсан мэдээллээс харахад, 6500 гаруй ажлын байр бий болсон, 7387 ажлын байрыг хадгалж үлдсэн гэсэн мэдээлэл ирлээ. 72 тэрбум төгрөгийг хөдөөгийн малчдад хүргэхдээ улс төрийн, танил тал, тухайн сумын Засаг дарга, Тамгын газрын зэрэг хэдхэн хүнийг тойрсон, явцуу хүрээнд явагдаж, ард түмэнд мэдээлэл хүрдэггүй, төслийг сонгон шалгаруулах ажлыг хуулийн дагуу явуулдаггүй, сумын иргэдэд зээлийн мэдээлэл хүрдэггүй гэсэн шүүмж газар авсан учраас манай газрын зүгээс шалгалт хийж байна.

Өмнө зүүн, хойд баруун бүсийн төлөөлөл болгож гурав гурван суманд ажиллахаар төлөвлөлөө. Шинэчлэлийн Засгийн газрын зорилго нь иргэдэд зориулагдсан ажлын талаарх мэдээлэл нь тэдэнд ил тод байж, шуурхай явагдах ёстой гэж үзэж байгаа. Ер нь төсөл сонгон шалгаруулахдаа ард олноороо ярилцах ёстой.

-Шалгалтын үеэр ямар зөрчлүүд илэрсэн бэ?

-Шалгалтын үеэр маш эмх замбараагүйгээр олгогдсон, тухайн суманд эдийн засгийн ач холбогдол багатай, сумын түүхий эдийн болоод байгалийн нөөц, зээлийн эргэн төлөлтийг тооцохгүйгээр төслүүдийг хавтгайруулан дэмжсэн, олон хүнд хүртээмжтэй байлгах гэсэн шалтагтайгаар төслийн доод хэмжээг хэтэрхий багасгасан байдалтай байсан. Тиймээс сум хөгжүүлэх сангийн дүрэм журмыг шинэчлэхээр ажлын хэсэг гарч ажиллаж байна.

Энд зөвхөн Хөдөлмөрийн яам биш, Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэнтэй хамтарсан Хөдөлмөрийн сайд Авлигатай тэмцэх албаны дарга нарын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гарч байна. Амьдралд нийцэх, тодорхой бус өөр шалтаг шалтгаанаар тайлбарлагдаж байна уу зэрэг журмыг нягтлаад тодорхой, товч, цэгцтэй болгож өгөх юм. Энэ хэрэгжилттэй танилцаад явж байхад төсөл сонгон шалгаруулах комиссыг байгуулахдаа хуулийг ноцтой зөрчсөн тохиолдол гараагүй. Гэхдээ хамаатан садан, хүрээллээ хамруулж буй өрөөсгөл, явцуу зүйл их байсан.

-Зээлийн эх үүсвэр эзнээ олж чадаагүй бол яах вэ?
-Мониторинг хийсний дагуу үнэхээр оновчгүй зээл байвал эргүүлэн татна.

-Төсөл сонгон шалгаруулах явц ямар бүрэлдэхүүнтэй байх вэ?
-Одоогоор долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Сумын Засаг дарга ахална. Иргэдийн төлөөлөгчийн хурлаас, мөн иргэний төлөөллийг оролцуулна гэж заасан байгаа.

-Энэ хоёр төлөөллөөс хууль зөрчих асуудал гарч ирэхгүй гэх баталгаа бий юу?
-Иргэдийн төлөөлөл гэхээр сумын засаг дарга нь орж ирээд суучихдаг. Эсвэл өөрсдийнхөө төрөл саднаа оруулчихдаг. Эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах томоохон төсөл шалгаруулах үйл явц байхад дотор нь ажиллаж буй хүмүүс нь эдийн засгийн мэдлэггүй, мэргэжилгүй, дээрээс нь боловсролгүй хүмүүс байдаг. Дээрээс нь улс төрийн намын дарга нар иргэдийн хурлын төлөөлөгч гэсэн нэрээр төсөл сонгон шалгаруулах коммист орж ирээд суучихдаг. Мөн банкуудын төлөөлөл төсөл сонгон шалгаруулах комисст орж байгаа.

-Банкуудын төлөөлөл заавал суух ёстой юу?

-Уг нь банкуудын төлөөлөл оролцмооргүй байгаа юм. Яагаад гэдгийг сумдад ажиллаж байх хугацаандаа хэлсэн. Үнэхээр байж болдог юм бол суман дээр үйл ажиллагаа явуулж буй бүх банкуудын төлөөллийг оруулах хэрэгтэй. Тиймээс сумдад хүрч ажиллах чадвартай Хаан, Хадгаламж зэрэг банкны салбарын эрхлэгчдэд энэ тухай мэдэгдэл хүргүүлсэн.

Банкуудыг татан оруулах гэхээр тэд төсөл шалгаруулах үйл ажиллагаанд орж, улмаар төсөл дэмжүүлэх гэж буй хүмүүст банкны тодорхойлолт гаргадаг, харилцагчдыг татан оролцуулах гэсэн шударга бус явдал ажиглагддаг учраас бид журмынхаа дагуу иргэнийхээ гурван төлөөллийг байлгана гэж байгаа юм. Сумын Засаг дарга, түүний орлогч, мөн иргэдийн төлөөлөгчөөс бүрдсэн долоон хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс байна.

-Төсөл сонгон шалгаруулах хороогоо байгуулчихлаа. Одоо хяналтаа яаж тавих вэ?
-Энэ төсөл шалгаруулах комисс хяналт тавьдаг, ард түмэнд мэдээлэл ил тод, шударга хүрч байгаа эсэх, мөн зээлийн зориулалт нь ашиг сонирхолд нь нийцсэн үгүйд хяналт тавих хяналтын хороо байгуулах шаардлага байгаа. Ихэнх сум төсөл шалгаруулах хороогоо байгуулчихсан хэрнээ хяналтын хороогоо байгуулахгүй байна.

Өчигдрийн байдлаар 330 сумаас мэдээлэл авахад 99 сум мэдээллээ ирүүлээгүй. Төсөл сонгон шалгаруулах комисс ямар бүрэлдэхүүнтэй байгуулагдсан, томилогдсон хүмүүсийн тодорхойлолтыг явуулах шаардлагыг хүргүүлсэн байсан. Ерөнхий сайдад хаягласан гомдол санал 11-11 шууд утсаар их ирж байгаа. Ихэнх нь жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулахтай холбоотой асуудал байсан. Бид эдгээр санал гомдлыг шийдвэрлэх болно.

Н.Мөнхгэрэл


URL:

Сэтгэгдэл бичих