Д.Амарсайхан Газрын тосны газрыг томчуудын хүүхдүүдийг дамжин өнгөрүүлэх бааз болгожээ

Хэдхэн жилийн өмнө “Эрдэнэт”, “ИНЕГ”-ыг хэвлэлийнхэн “Саалийн үнээ” гэж нэрлэж энэ газруудыг улстөрийн хүчнүүд Засгийн эрхийн төлөөх тэмцэлдээ ашиглахаар улайран зүтгэдэг байв. Өнөөдөр Эрдэнэт, ИНЕГ-ыг моодноос гаргах шахсан хүчтэй, мөнгөтэй байгууллагууд уул уурхайн баялгийг дагаад гарч ирсний нэг нь Газрын Тосны Газар. Энэ газрын Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр эдэлдэг бие даасан онцгой эрхүүд нь эрх мэдлийн төлөөх “алаан”-ыг улстөрийн хүчнүүдэд үүсгэдэг. Газрын тостой холбоотой бүх хөрөнгө оруулалтууд, орлого, ашиг, урамшуулал гээд санхүүгийн гүйлгээний утга болгон нь хэдэн зуун саяар эхэлж, тэрбум доллараар яригддаг учраас энэ газрын даргын суудал сайдын суудлаас ч илүү үнэд хүрсэн гэдэг. Газрын тосны газарт арав хорин мянган төгрөгний гүйлгээ гэж бараг үгүй. Арав хорин мянган доллараас л дээш яригдана. Энэ байгууллагад үүсээд буй өч төчнөөн мөнгө, эрх мэдэлтэй холбоотой “гаарсан үйлдэл”-үүдээс хамгийн ойрын баримтыг энэ удаа олон нийтэд хүргэж зах зухаас нь задлах гэж байна.

Энэ бол салбартаа мэргэжилтэн бэлтгэх бодлого, түүнийг дагаж бодлого нэрийн дор халхавчлан Монголын томоохон улстөрчид, толгой баячууд, олигархиуд хэрхэн төрийн мөнгөөр, улсын зардлаар үр хүүхдээ гадаадад сурган тансаглуулдаг тухай баримт юм. Зөвхөн ганцхан хүүхдийн сургалтын зардалд 240 мянган доллар зарцуулсан жишээ эндээс олдоно. Энэ тоог хамгийн доод ханшаар хөрвүүлэхэд 300 сая төгрөг болно. Энэ мөнгөөр таны охиныг, хөршийн чинь хүүг гээд нийтдээ 300 гаруй жирийн айлын хүүхдийг Монголдоо л гайгүйд ордог Анагаах Ухааны Их Сургууль, ШУТИС, МУИС зэрэгт нэг жил сургаж болно. Ийм л учир шалтгаанаар Газрын тосны газрын үйл ажиллагааны суга цавьханд хавчуулагдан буй “Сургалтын урамшуулал” хэмээх сайд нь зөвшөөрөөгүй байгаа нэгэн журмын эргэн тойронд болдог өнгө, мөнгөний асуудлыг энэ удаа сөхлөө.

Өнгөрсөн долоо хоногт МХЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаан сүртэй болсон ч “буух эзэн” дээрээ сулхан бууж, хэвлэлийнхэнд бүдэг бадаг ойлголт өгөх төдийхнөөр дууссан. Энэ шалгалтын дүн дотор нэгэн тоо цохиж яваа нь 5 сая долларын асуудал. 5 сая төгрөг бус бүхэл бүтэн 5 сая доллар шүү. Энэ 5 сая доллар тойрсон асуудлаар саяын шалгалтын тайланд “Сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцагсадтай байгуулсан “Урт хугацааны сургалтын гэрээ”-нд Сургалтын сангийн зардлаар гадаадад их дээд сургуульд сурч төгссөн хүмүүс газрын тосны салбар болон асуудал эрхэлсэн төрийн байгууллагад ажиллаагүй тохиолдолд сургалтын зардлыг буцаан авах заалт тусгагдаагүйгээс уг зардлаар сурч гадаадад их, дээд сургууль төгссөн 41 төгсөгчийн 13 нь л газрын тосны салбарт ажиллаж байна”, “Сургалтын урамшууллын хөрөнгөөр гадаад, дотоодын их дээд сургуульд суралцагчдыг сонгон шалгаруулах ажил ямар ч эрхзүйн зохицуулалтгүй урсгалаараа явагдаж байна” гэсэн мөрүүд л тусгагдсан байгаа юм.

“Сургалтын урамшуулал” гэж чухам ямар утга агуулгатай нэр томьёо вэ? Энэ нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас татан төвлөрүүлдэг хөрөнгө. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан оны өмнө өгсөн ярилцлагадаа “Боловсон хүчний асуудал үнэхээр дутмаг байна” гэсэн байдаг. Мөн тэрээр “Ажиллах хүчний квот болох 20 хувьдаа өөрийн гэсэн шижигнэсэн боловсон хүчинтэй болох зорилт тавиад явж байна” гэдгээ ч хэлсэн. Гэтэл баримт үнэний сумыг огт өөр тийш зааж байна.

Д.Амарсайханы худал үг “үхэр тэрэгтэй” үнэнд гүйцэгдэнэ
Үнэн гэгч нь “үхэр тэргээрээ явсаар” тус газрын зардлаар одоо сурч буй 86 суралцагчийн 26 нь л газрын тосны чиглэлээр мэргэжлийн дагуу сургуульд явсан болохыг заав. Үүнээс Мэргэжлийн хяналтын саяын шалгалтаар ганцхан хүүхдийг гэхэд л 240000 мянган доллараар сургасан асуудал үүсчээ. Энэ суралцагчдын ихэнх нь газрын тосны газарт ажиллагчдын хүүхдүүд ба нэлээд хувийг нь төрийн том албан тушаалтнуудын хүүхэд эзэлж байна. Д.Амарсайхан дарга “шижигнэсэн” боловсон хүчин бэлдэх хүслээ томчуудын хүүхдээ дамжин өнгөрүүлэх сургалтын бааз болгон ашиглуулчихаад оронд нь өөрийгөө албан тушаал дээрээ найдвартай “гадаслуулчихлаа” гэж бодож суудаг бололтой. Газрын тосны газраас сургалтын зардлаа төлүүлээд гадаадад сурдаг хүмүүсийн жагсаалтыг харвал энд бас ардын хүүхдийг алагчилсан ялгаа бий. Газрын тосны газарт ажилладаг жирийн ажилчдынхаа голдуу хүүхдүүдийг энүүхэн ойрхон Бээжинд жилийн 6-7 мянган доллараар “бөөндөөд шидчихдэг” хэрнээ нөлөө бүхий том албан тушаалтнуудын үр удмыг тив далай алгасуулан Америк, Герман, Австрали, Канад, Франц, Итали зэрэг улс орон руу нисгэн жаргаадаг байна. Мөн томчуудын хүүхдүүд анх Монголоос явахдаа бүгд Малайзын Куалалумпурыг зүглэж нисээд төд удалгүй зүгээ буруулан мөрөөдлийн Америкийг зорьсон байх юм.

Газрын тосны газрын зардлаар гадаадад суралцагчдын дотор ҮАБЗ-ийн Мэдээлэл, дүн шинжилгээний албаны дарга Ц.Даваадорж, АМГТХЭГ-ын орлогч байсан Ж.Билэгсайхан, Гадаад Харилцааны дэд сайд асан Б.Энхмандах, Газрын тосны газарт гэрээлэлтийн хэсгийн ахлах мэргэжилтэн байж байгаад одоо Солонгост худалдааны төлөөлөгчөөр сууж байгаа Шишмишиг, Энхболд, Сангарагчаа нарын хүүхдүүд явж байна. Мөн аав нь яаманд бодлого тодорхойлдог ажил эрхэлдэг, ээж нь Газрын тосны газарт нөөц бодож суудаг, нагац эгч нь тэр бодсон нөөц, үйл ажиллагааг нь хянаж байдаг, бараг гэртээ оройн хоолоо хийж байхдаа Монгол улсын газрын тосны үүх түүх, нөөц баялгийг “хэлэх үү байх уу?, хэд гэх үү?” хэмээн ярилцаж суудаг байж мэдэх нэгэн гэр бүлийн хоёр хүүхэд энэ аргаар гадаадад сургуульд явжээ. Энэ гэр бүл нь Монгол улсын маш чухал баялгийн судсыг атгаж, гүн гүнзгий хутгалдсан болохоор тэдний тухай дараагийн цувралуудын нэгээр жич маш дэлгэрэнгүй нийтлэх учир энд хүрээд зогслоо.

Бусдын хүүхдийг сурган халамжилж буй Д.Амарсайхан дарга өөрийн хүүхдээ яаж орхих билээ. Түүний хүүхэд Амарсайханы Жаргалан нь уулын үйлдвэрийн санхүү, эдийн засгийн чиглэлээр АНУ-ын Калифорни мужийн Санта Ана коллежид жилийн 16000 доллар зарлагадан аавынхаа шийрийг хатаахаар сурч байна.
Үнэхээр Д.Амарсайхан даргын хэлсэнчлэн газрын тосны чиглэлээр шижигнэсэн залуус сурч ирээд энэ салбарыг Монгол цусны мэргэжилтнүүдээр дүүргэдэг бол сайхан байна. Гэвч энэ суралцагчдын дийлэнх нь өөр мэргэжлээр сурч байгаа, эргээд энэ салбарт хуруу хумсаа огтхон ч дүрэхгүй хүмүүс гэхээр харамсалтай. Тухайлбал, энэ жил төгсөж ирэгсдийн дотор Германы Дрезден хотоос түүхч, Германы Мюнстер хотоос социологич мэргэжилтэн ирнэ. Эдгээр төгсөгчдөд мэдээж Газрын тосны газарт хийх ажил олдохгүй болохоор би нэгэн ажлыг санал болгоё.

Та бүхэн Д.Амарсайхан дарга гэрээ дүгнэж, аудит хийж, мөнгө хөрөнгө батлах далимаар гадаадад явахдаа лимузин хөлөглөж, диваажин мэт орд харшинд заларч хэрхэн тансагладаг, төрийн ажилтан хэрнээ энд тэнд хандив, мөнгийг баруун солгойгүй цацаж явдгаас эхлээд хэрхэн яаж олигархиудын олигарх болсон түүхийг нь бичиж, Д.Амарсайхан даргын буянаар баяжиж завшсан томчууд, талхны мөнгөө олж чадахгүй өдрөөс өдөрт ядууран туйлдаж буй ард иргэд хоёрын коэффициентийг гаргасан судалгааны ажлыг ард бидэндээ хийж өгнө үү?

/Үргэлжлэл бий. Дараагийн цувралаар үлдсэн суралцагчдын жагсаалтыг, эцэг эхийнх нь албан тушаалтай нийтлэхийн зэрэгцээ Д.Амарсайхан даргын Эрчим хүчний сайд Д.Зоригтоор батлуулах гээд хоёр жилийн турш батлуулж амжаагүй журам, журамгүйгээр сургалтын зардалд гаргаж байсан мөнгөн дүн, ямар ямар компаниас хэд хэдэн долларыг сургалтын урамшуулал болгон нэхэж авч байсан зэргийг нийтлэх болно. Та “сувгаа” бүү солиорой/

Ж.Жаргалсайхан

massmn

URL:

Сэтгэгдэл бичих