Д.Амарсайхан “амиа хорлосон”
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан мөрдөн байцаалтад хоригдоод багагүй хугацааг өнгөрөөсөн билээ. Ийнхүү биеийн байдал тун тааруу эмнэлэгт хэвтэх хүсэлтээ удаа дараа хүргүүлж байсан ч хорих байгууллага болон холбогдох бусад газар үл тоож байсан тухай эх сурвалжууд дурдсан. Тиймээс тэрээр өмгөөлөгчтэйгөө уулзаж байхдаа ухаан алдаж, улмаар эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан юм. Яах ч аргагүй энд холбогдох албаны хүмүүс буруутай. Өнөөх хүний эрх, хуулийн шинэтгэл энэ тэр гээд бүгд худлаа зүйл байгааг харуулсан эмэгнэлтэй явдал болсон. Гэтэл талийгаач Д.Амарсайханыг амиа хорлосон гэх үндэслэлээр шалгаж байгаа тухай албан бус эх сурвалж мэдээллээ. Харин нөгөө талаас холбогдох албаны хүмүүс хэргийг өөрсдөөсөө зайлуулах арга зам хайж эхэлжээ хэмээн дүгнэж байна.
Хэргийг тодруулбал, Д.Амарсайханыг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийнхантай нийлж мөнгө угаасан хэрэгт холбогдоод байсан. Тиймээс тэрээр өнгөрсөн 12 дугаар сараас эхлэн таван сарын турш ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан билээ. Тэгвэл нэлээдгүй хугацаанд хоригдоод байсан Д.Амарсайхан тавдугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд амьсгал хураасан.
Учир нь тэрээр өмгөөлөгчтэйгээ уулзаж байгаад гэнэт ухаан алдан унасан байна. Хорих 461 дүгээр ангийн эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадаагүй хэмээн эх сурвалжууд хэлж байв. Дашрамд дуулгахад талийгаачийн ар гэрийхэн түүнийг батлан даалтанд авах хүсэлтээ удаа дараа тавьж байсан ч хяналтын проукрор нь зөвшөөрөөгүй гэдгийг түүнийг амиа алдсаны дараа эх сурвалжууд тайлбарлаж байв.
Гэтэл эрх баригчид намын харъяаллаар гадуурхаж, улстөржүүлэн хүний эрхийг боогдуулж, улмаар хүний аминд хүрснээ ийнхүү булзааруулах гэж байвал яах вэ гэдэг асуудал зүй ёсоор гарч байна.
Ч.Дорж
URL:














