ДАШТ-нд бэлтгэж байсан боксчин осолд оржээ

бокс-300x199Болгар улсын Албена хотод ирэх сарын 20-29-нд зохиогдох Боксын залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд явахаар орон нутгаас ирсэн тамирчин автын осолд оржээ.

Хэргийг тодруулахаар ГССҮТ-ийг зорьсон ч хохирогч Улсын нэгдсэн төв эмнэлэгт үзлэг шинжилгээнд орохоор явсан байлаа. Энэхүү харамсалтай осол уржигдар Улаанбаатар зочид буудлын урд зам дээр гарсан байна.

Дорнод аймгаас ирсэн эмэгтэй боксчид бэлтгэлдээ гарч Маршалын гүүр рүү холын зайд гүйж байжээ. Тэд зам хөндлөн гарах үеэр залуу тамирчин Л.Алтанцэцэг машинд мөргүүлсэн байна.

Нийслэлд аль нэгэн компанийн оффисийн барилга шилээ даран сүндэрлэдэг ч тамирчдад зориулсан гүйлтийн зам талбай даанч үгүй. Энэ л шалтгаанаар залуу тамирчин бэлтгэлийнхээ явцад осолдсон харамсалтай хэрэг гарчээ.

Л.Алтанцэцэг Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын тамирчин юм байна. Тив, улсын тэмцээнд амжилттай оролцож явсан өсвөр үеийн тамирчин тэрээр Улсын залуучуудын гурван удаагийн аварга, Насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл медаль, Хайлар хотод болсон олон улсын тэмцээний хүрэл, Монголын хүүхдийн наадмын алтан медалтай боксчин ажээ.

Ослын талаар Л.Алтанцэцэгийн багш дасгалжуулагч Т.Эрдэнэбаяртай холбогдож дараах зүйлийг тодруулсан юм.

Т.Эрдэнэбаяр: ТЭМЦЭЭНД ОЛОН ЖИЛ БЭЛТГЭСЭН ЮМСАН

-Таны шавь бэлтгэлийн үеэр осолдсон гэсэн. Та сонссон биз дээ?
-Сонсолгүй яахав. Манай гурван тамирчин Боксын залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор нийслэлд очоод байгаа. Би энд /Чойбалсанд/ тамирчдынхаа зардлын мөнгийг олохоор үлдээд байсан юм. Гэтэл бэлтгэл хийх явцдаа осолд орчихсон харамсалтай хэрэг боллоо. Удаан хугацаанд бэлдсэн тэмцээн юмсан.

-Биеийн байдал нь хэр байгаа бол?
-Утсаар л холбогдож байгаа болохоор хэр байгааг нь сайн мэдэхгүй байна. Надад “Зүгээр байна” гэхээс өөр зүйл хэлэхгүй юм.

-Тэмцээн ирэх сард болно гэсэн. Зардлынх нь мөнгө олдохгүй байгаа хэрэг үү?

-Хүүхдүүдийг замын зардлаа өөрсдөө гарга гэсэн. Тиймээс би энд ивээн тэтгэх байгууллага, хүмүүсийг сураглаад л явж байна. Мөнгө нь бүтчихвэл тамирчдаа аваад хамт явчихмаар байна. Хөрш орнуудын тэмцээнд амжилттай оролцож байсан хүүхдүүд болохоор олон улсад ямар чансаатай байгааг нь багш хүний хувьд хармаар байдаг.

-Хэчнээн төгрөг хэрэгтэй байгаа юм?
-Нэг хүний дөрөв орчим сая төгрөг хэрэгтэй юм шиг байна лээ.

-Л.Алтанцэцэгийн хувьд ямар амжилт гаргаж байсан бэ?
-Гурван тамирчин маань Монголд болсон тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан. Л.Алтанцэцэгийн хувьд саяхан Улаан-Үдэд болсон “Байкал” тэмцээнд дэлхийн аваргын хүрэл медальтай Азийн аварга тамирчинтай сайн тоглосон. Улсын залуучуудын гурван удаагийн аварга, насанд хүрэгчдийн улсын аваргын хүрэл медаль, Хайлар хотод болсон олон улсын тэмцээний хүрэл медаль, Монголын хүүхдийн наадмын алтан медалтай тамирчин юм шүү дээ.

Ийнхүү тэрээр орон нутгийн тамирчид жолоочийн буруутай үйлдлээс болж осолдсонд дасгалжуулагч нь харамсаж буйгаа илэрхийлж байлаа. Олон жилийн үнэтэй хөдөлмөрөө салхинд хийсгэж болзошгүй байдалд орсон өсвөрийн тамирчин Л.Алтанцэцэгтэй холбогдсон юм.

Л.Алтанцэцэг: ТЭМЦЭЭНДЭЭ ЗААВАЛ ОРНО

-Уучлаарай, Л.Алтанцэцэг ээ. Өчигдөр /уржигдар/ бэлтгэлээ хийх явцдаа автын осолд орсон юм байна. Бие чинь хэр байна?
-Толгой, хөл хоёр л өвдөж байна.

-Яагаад машинд мөргүүлчихэв. Та хэд зам хөндлөн гарч явсан юм уу?
-Бид кросст гүйхээр зам хөндлөн гарч явсан юм. Бүх машинууд зогсчихсон байхаар нь хүмүүстэй зэрэгцээд л гарсан. Гэтэл гэнэт машин гарч ирээд мөргөсөн. Түүнээс хойш толгой өвдөөд зарим зүйлийг санахгүй байна.

-Мөргөсөн жолооч холбоотой байгаа юу?
-Холбоотой байгаа. Эмчилгээний зардлыг гаргаж өгсөн.

-Тэмцээндээ явж чадах нь уу?
-Явахыг хичээнэ ээ. 2011 оноос хойш хүлээсэн тэмцээн минь юмсан.

Б.Заяа, Ч.Зотол

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих