Увсын Тэсээс Сибирийн шивэр гүлмэр олджээ

ff839e9759294864a80ebc574ed0b269_LУвс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг Шар булаг гэх газраас өнгөрсөн сарын сүүлчээр Сибирийн шивэр гүлмэр олдсон байна.

Тэс сумын Таван улиасны дээхэн талд орших Намаржин гэх газраас Сибирийн шивэр гүлмэр 1993 онд анх олдож байсан бол 20 жилийн дараа тухайн газраасаа 25 км-ын зайнд ийнхүү олджээ. Баруун Монголын анхны сүүлтэй хоёр нутагтан амьтнаар тэмдэглэгдсэн Сибирийн шивэр гүлмэр нь үржлийнхээ үед усанд амьдраад дараа нь мод бутны үндэс дор орж ичдэг байна. Дэлхийн бүс бүслүүрийн заримдаг цөлд ордог хэсгээс тун ховорхон олддог шивэр гүлмэр нь Тэс сумын нутгаас олдсон нь онцлог байна.

Уг амьтан нь өдөрт 2 см, долоо хоногт 1-2 метрт явж идэвхтэй хөдөлгөөн үзүүлдэг, гаднаас нь харахад жижигрүүлсэн матар шиг биетэй аж. Урт, өргөн болон хүндийн жин зэрэг нарийн хэмжилтүүдийг Улаанбаатар хотод мэргэжлийн байгууллагууд хийж байгаа гэнэ.
Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны 2013 оны ажлын төлөвлөгөөнд шивэр гүлмэрийн судалгаа хийнэ гэж оруулсны дагуу мэргэжилтэн  Н.Лхамсүрэн таван хоногийн томилолттой тухайн суманд ажиллаж, ийнхүү гүлмэрийг барьж ирсэн аж.
Хатаж хувхайрсан модноо ёзоор дотроос гарч ирсэн шивэр гүлмэрийг тухайн амьдарч байсан газрынх нь шавар, замаг, ус хольсон ундааны саванд хийж Улаангомд авч ирээд хоёр хоногийн дараа хот руу шинжилгээнд явуулсан байна.
“Миний барьж ирсэн шивэр гүлмэрийг аквариумд хийж, чийгийн улаан хорхойгоор хооллон амьд хадгалж байгаа. Туул голын хөвөөнд үү, эсвэл нутагт нь тавих уу, үгүй бол тэндээ хадгалах уу гэдэг асуудал шийдэгдээгүй байна” хэмээн мэргэжилтэн Н.Лхамсүрэн ярив.

Увс аймаг Б.Батхүү

montsame


URL:

Сэтгэгдэл бичих