“Эрдэнэс”-ийн уурхайгаар зорчсон тэмдэглэл

Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн олборлолт явуулж буй Таван толгойн нүүрсний орд газраас хийсэн сурвалжлагыг уншигчиддаа хүргэж байгаа билээ.
Өмнөх дугаартаа Цанхийн зүүн уурхайгаас БНХАУ-ын Ганц модны боомт хүртэл шууд тээвэрлэлт хийх болсон талаар болон Цанхийн баруун уурхайгаас нүүрс экспортолж эхэлсэн тухай сурвалжлан нийтэлсэн. Газар дээр нь очоод үзэхэд энэ орд газарт хийж бүтээж буй бүтээн байгуулалт богино хугацаа өнгөрсөн хэдий ч чамлахааргүй байна.

Цанхийн зүүн уурхай

Таван толгойн голд байрлах Цанхи толгойн зүүн хэсэг буюу Цанхийн зүүн уурхайг 2010 оноос ашиглаж эхэлсэн ч энэ хугацаанд санхүүжилт байхгүйгээс олборлолт зогсч, энэ оноос эргэн сэргэж байгаа юм. Судалгаагаар тэрбум тонн, үүнээс  кокжсон нүүрс 70 хувь гэж тогтоогдсон эл уурхайгаас энэ он гарсаар  700 мянган тонн нүүрс олборлож, агуулах дээрээ 900 мянган тонн нүүрс бий болгожээ. 600 мянган тонн нүүрс ачихад бэлэн болгосон байгаа гэнэ. Энэ мэтчилэн нийтдээ 2.4 сая тонн нүүрс олборлож, тээвэрлэхэд бэлдчихээд байгаа аж. Шинэ он гарахад үлдэж байгаа дөрвөн сард нэмж хоёр сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. Хэрэв төлөвлөсөндөө хүрвэл БНХАУ-ын “Чалко” компаниас 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө зээлж авч, иргэдэд сар бүрийн 21 мянган төгрөг болгон тараасан 350 сая ам.долларын  өрийг нүүрсээр дарж дуусган,  цаана нь 1.5 сая тонн нүүрсийг борлуулж орлого олох боломжтой гэдгийг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Уурхайн удирдлагын газрын захирал хэлсэн. Зүүн цанхийн уурхайд ТЭЗҮ-гээр 300 метр хүртэл гүнд ашиглалт явуулах бөгөөд цаашид геологийн нэмэлт судалгааны ажил хийж байгаагийн үр дүнд 600 метр хүртэл ашиглах боломж харагдаж байгаа гэнэ.  Одоогийн ашиглаж байгаа талбай нь өргөөшөө 600, уртаашаа 600 метр хэмжээтэй гэх бөгөөд цаашид нэмэгдэнэ.

Цанхийн баруун уурхай

Таван толгойн орд газрын гол хэсгийг Цанхи толгой гэж  нэрлэх бөгөөд эл толгодын баруун хэсгийг Цанхийн баруун уурхай гэж нэрлэдэг. Баруун уурхайд  1.2 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэйгээс 65 хувь нь коксжих нүүрс гэж судалсан. Баруун уурхайг энэ онд нээсэн бөгөөд энд олборлолт эхэлж, хар алтны түрүүч  экспортод гарч эхэлсэн. Энэ тухай өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Өнгөрсөн долдугаар сард олборлолт эхэлсэн энэ уурхайгаас есдүгээр сарын 1-ний байдлаар  есөн мянган тонн нүүрс олборлож агуулах дээрээ бэлэн болгожээ. Үлдэж байгаа хугацаанд буюу энэ онд гурван сая тонн нүүрс олборлохоор зорилт тавьсан гэнэ. Нүүрсний түрүүчийг экспортод гаргах гэрээ хэлцлийг  БНХАУ-ын хэд хэдэн компаниудтай хийсний үр дүнд өнгөрсөн долоо хоногт найман сая ам.доллар манай улсад орж ирсэн. Энэ хурдаар ажил бүтэмжтэй явбал удахгүй иргэд эзэмшсэн хувьцааныхаа үнэ цэнийг мэдрэх боломж харагдах юм.

Иргэд эзэмшсэн хувьцааныхаа ид шидийг хэзээ үзэх вэ

Иргэдийн гар дээр буй 1072 хувьцаа хэзээ эдийн засгийн эргэлтэд орох болон компанийн хувьцааг худалдах тодорхой хугацаа төлөвлөсөн эсэхийг компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсууриас тодруулахад, “То­дор­хой хугацаа хэлж чадах­гүй. Байдал сайжрахыг хүлээнэ. Хүлээх хугацаандаа компанийнхаа үнэ цэнийг нэмэг­дүүлнэ” хэмээв. Компанийн удирдлагаас барьж байгаа бод­лого, төлөвлөгөө зорьсноосоо ха­зайх­гүйгээр хэрэгжвэл ирэх онд иргэд эзэмшсэн 1072 хувь­цааныхаа ид шидийг  үзэх аж.

Уурхайчид ирээдүйдээ итгэлтэй байна

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн олборлолт явуулж буй Таван толгойн орд газарт ажиллахдаа бид тээвэрлэлт хийж буй компанийн жолооч, уурхайчин, олборлогч компанийн төлөөлөл зэрэг хүмүүстэй уулзаж мэдээлэл авсан. Цанхийн баруун уурхайд гэрээт олборлогчоор ажиллаж буй “Хишиг арвин индустриал” компанийн ерөнхий менежер М.Тулгат “Баруун цанхид Монголын үндэсний гурван компани өнгөрсөн долдугаар сард тендерт ялаад, үүнээс хойш ажлаа амжуулсан. “Хишиг арвин индустриал” болон “Монголын үндэсний олборлогч” компаниуд уулын инженерээр буюу олборлолтоор салбартаа тэргүүлдэг бол “Мера” компани өрөмдлөг тэсэлгээний чиглэлээр салбартаа тэргүүлдэг. Манай түншлэл байгаль орчин, эрүүл ахуйн бүх талаас ажлаа чанартай хийхийг зорьж байна. Монголын компани, монгол уурхайчид дэлхийн стандартад нийцсэн уул уурхайн олборлолтыг хэрхэн яаж хийдгийг харуулах бахархалтай ажил гэж бодож байгаа. Эдийн засаг, гадаад зах зээлийн хувьд зарим нэг хүндрэлтэй байгаа энэ цаг үед Эрдэнэс таван толгой”-н нүүрсний экспорт эхэлж байгаа нь нийт монголчуудад урам зориг, итгэл найдварыг авчрах ажил гэж бодож байгаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлээ.
Баруун уурхайд зогсолтгүй ажиллаж буй хүчин чадал сайтай хүчирхэг техникүүд бүгд манай үндэсний компаниудынх бөгөөд гаднаас түрээсээр авч ажиллуулдаг техник нэг ч байхгүй гэнэ.
Бид мөн тээвэрлэлт хариуцаж буй компаниудын нэг болох “Винсвей” компанийн жолооч Б.Батболдтой уулзсан. Тэрбээр 100 тоннын даацтай машинаар тээвэрлэлт хийдэг тухайгаа сонирхууллаа. Түүний барьдаг 100 тоннын даацтай аварга машинаар хар замд 60 гаруй тонн, шороон замаар 80-100 тонн нүүрс ачдаг гэнэ. Тэрбээр баруун уурхайгаас БНХАУ-ын хилийн наана байрлах Цагаан хад хэмээх газар буюу Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл явдаг бөгөөд  Цагаан хад хүртэл 240 км  зайг хоногтоо туулаад ирдэг, цалин нэг рейсэндээ 100 мянга гаруй байдаг гэж ярив. Дашрамд дурьдахад, Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрсийг л шууд БНХАУ-ын Ганц модны боомт хүргэж буулгаж буй болохоос Баруун уурхайгаас олборлосон нүүрсийг Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд буулгаж, тэндээс цааш дахин ачдаг хэвээр байгаа юм.
“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн уурхайчин Б.Батболдоос цалин хөлснийх нь талаар мөн тодрууллаа. Түүний хэлснээр компанийн уурхайчид, ажилчид уурхай сул зогсоход цалингийнхаа 60-80 хувийг авдаг аж. Гар дээр авч буй цалингийн хувьд зэрэглэлээр цалинждаг бөгөөд 2-6 зургаан зэрэгтэй. Одоохондоо зургадугаар зэрэгтэй ажилчин байхгүй. Тавдугаар зэрэгтэй ажилчин сая 400 мянга орчим төгрөгийн цалин авдаг хэмээлээ.  Уурхайд 14 хоног ажиллаад 14 хоног амардаг хуваарьтай юм байна.
Эцэст нь тэмдэглэхэд, Монгол Улсыг хөгжилд түүчээлэх, манай улсын эдийн засгийг тэжээх “Эрдэнэт”-ээс дутахгүй саалийн үнээ болох хэмжээний буюу маш олон жилийн хугацаанд олборлох нөөц баялагтай төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн мэдэлд буй Таван толгойн орд газарт болсон Цанхийн зүүн уурхайгаас шууд нүүрс тээвэрлэж БНХАУ-ын Ганц модны боомт хүргэх нээлт, Баруун уурхайгаас нүүрс экспортолж эхэлсний баярт Монгол төрийн төлөөлөгчид,  уурхайчид, БНХАУ-ын “Чалко” компанийн төлөөлөгчдөөс бүрд­сэн нүсэр бүрэлдэхүүн оролцсон. Мөн энэхүү арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид сурвалжиллаа.

“Өдрийн шуудан” сонин

Ц.Эрдэнэцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих